Урин цаг ирж хаа сайгүй л засвар, бүтээн байгуулалт, өвлийн бэлтгэл хангах ажил өрнөж байна. Иймд эрчим хүч хязгаарлах хуваарь гарч хоёр гурван цагаар цахилгаан тасарч буй. Гэвч өчигдөр хуваарьт заагаагүйгээр цахилгаан тасарлаа. Төвийн эрчим хүчний системд холбоотой аймгийн төвүүд, нийслэлийн зарим дүүрэг цахилгаангүй өнжсөн юм. Учир нь “Шижир мөнх” компани Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Сонсголонгын гүүрны баруун талд “00”-ийн нүх ухаж байгаад Дулааны IV цахилгаан станцын үнс хадгалах сан, техникийн ус хангамжийн насос станцын тэжээлийн зургаан киловольтын хүчдлийн хоёр кабелийг нь таслав. Ингээд зуухны үнсээ гаргаж асгах, хөргөлтийн системийн усаа татаж авах аргагүй болж бүрэн зогсоход хүрчээ. Тухайн үед өвлийн бэлтгэл хангах графикийн дагуу хоёр зуухаа засаад дуусан байж. Ингээд 18 цагт ажиллуулахаар бэлтгэлээ базаажээ. Гэтэл уг гэмтлийн улмаас Дулааны IV цахилгаан станц хэвийн горимоор ажиллах хугацаа хойшилсон байна. Уг хоёр зуухыг хоёр хоног зогсоож 300-400 хүн өдөр шөнөгүй ажиллаж засварлажээ.
Засварын үед манай улс ОХУ-аас 175 мегаватт цахилгаан авч, тус цахилгаан станц 150 мегаваттын өргөтгөлөө ажиллуулж байж.
Кабель тасарсан талаар Дулааны IV цахилгаан станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээнээс тодруулхад “Тасарсан кабелиа залгаж байна. Уг нь хоёр жилийн өмнө шинээр сольсон. Гэтэл бусдын буруутай үйлдлээс болж хоёр дахь удаагаа тасарлаа. Эргээд залгаж болно. Гэхдээ борооны ус орох, хүчдэл муу дамжуулах гээд зовлон их бий л дээ. Урд нь эдгээр кабелийг солихоос өмнө 10 удаа тасдуулаад залгасан байсан юм. Тэгэхээр улсын онцгой объектийн хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх хэрэгтэй байна. Бид олон удаа ийм санал тавьж кабелийн трасс, кадастрын зургийг нь уг нь холбогдох байгууллагуудад нь гаргаж өгсөн байсан” гэлээ. Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр бол Дулааны IV цахилгаан станц. Тус станц төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг. Тус үйлдвэрийн харъяанд 3-20 км зайд үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц, ахуй үйлчилгээний, инженерийн, лаборатор туршилтын төв зэрэг 74 барилга байгууламж 74.2 га талбайд байдаг аж. 2001 оны наймдугаар сараас Төрийн өмчийн хувьцаат компани болсон. Ингээд хувьцааны 41 хувийг хуучнаар Түлш эрчим хүчний яам, 39 хувийг Төрийн өмчийн хороо, 20 хувийг Сангийн яам тус тус эзэмшдэг.
Дулааны IV цахилгаан станцын Хяналтын албаны дарга Ж.Нацагдоржоос өчигдөр 15 цаг 40 минутын үед тус станцын үйл ажиллагаа яагаад доголдсон талаар тодрууллаа.
-Танай станцын үнсний усаа татаж авдаг системийн кабель тасарч үйл ажиллагаа доголдсон гэлээ. Хэзээ хэвийн ажиллаж эхлэх вэ?
-Газар шорооны ажил хийж байсан компани манай цахилгаан станцын зуухны үнс хадгалах сан, техникийн усан хангамжийн насосын тэжээлийн кабелийг тасалсан юм. Тасарсан кабелиа манай станцын засварчид залгаж байна. Энэ кабель газар доогуур 3.5 км урт явдаг тул яг одоо солих бололцоо байхгүй. Үүнийг зассаны дараа станц хэвийн ажиллана.
Өнөө өглөөний /өчигдрийн/ 09.30 цагаас засч эхэлсэн. Одоо нэгийг нь залгасан. Тэгээд өндөр хүчдлийн туршилт хийж шалгах юм. Энэ туршилтаар өндөр хүчдэл дааж байвал станц хэвийн ажиллаж эхэлнэ. Эхэлж залгасан кабель нэг цагын дараа /16 цаг 40 минут/ ашиглахад бэлэн болох байх гэж найдаж байна.
-Тэгэхээр цахилгаан станцын зуухууд засварын улмаас зогссон байсан юм уу?
-Дөрвөн зуух ажилладаг юм. Хоёр зуух нь өвлийн бэлтгэл хангах хэсэгчилсэн зогсолт хийсэн байсан. Хуваарийн дагуу засварын ажил дуусч ажилуулахад бэлэн болсон. Гэтэл кабель тасарсанаас болоод ажиллуулах хугацаа нь хойшилчихлоо. Гэвч манай станц Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ компанид цахилгаан эрчим хүч өгч байгаа. Гэхдээ өгөх хэмжээнээсээ бага юм. Өнөөдөр 18 цагаас манай станцын дөрвөн зуух графикийн дагуу хэвийн ажиллаж эрчим хүчээ бүрэн өгөөд явах ёстой. Харин энэ доголдолоос болж хугацаандаа ажиллаж байж магадгүй боллоо. Диспечерын үндэсний төвийн мэдээллээр хэд хэдэн аймгийн төв, нийслэлийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийсэн гэсэн.
-Энэ ослоос болж хэдий хэмжээний хохирол гарч байна вэ?
-Одоо шууд хохирлын хэмжээг бид гаргаж байна. Шууд бус буюу цахилгаангүй болсон хэсгийн хохирлыг Диспечерын үндэсний төв, цахилгаан дамжуулах сүлжээ компани тооцож гаргах ёстой.
-Алдаа гаргасан компанид ямар хариуцлага тооцдог юм бол?
-Манай станц шууд хохирсон хохирлоо тооцож гаргуулж авна. Цахилгаан станцын үйл ажиллагааг доголдуулж саатуулсан хэргийг нь хууль хяналтын байгууллага шийдэх ёстой байх. Хамгийн гол нь газар олголт замбараагүй байгаа юм. Цахилгаан станцын шугам хоолой, өндөр хүчдлийн кабелийн хамгаалалтын зурваст газар олгосон ноцтой асуудал гэж ойлгож байна. Сонсголонгын замын баруун талд олгосон газарт ийм зөрчил гарлаа. Ид ачаалалтай өвлийн нөхцөлд ийм асуудал гарсан бол нийслэлийг хөлдөөнө гэхэд арай хатуудах байх. Гэхдээ ийм зүйл болоход ойрхон байгаа нь эндээс харагдлаа. Иймд газар олголтоо эргэн харах учиртай. Боломжгүй хэсэгт газар олгосон бол зөвшөөрлөө цуцлах ёстой.Уг нь дүүрэг, нийслэлийн газрын алба, яам тамгын газар гээд хариуцах ёстой эзэн олон. Яг цагаа тулахаар станцынхан л хариуцаад л өнгөрдөг.
-Хэчнээн аймагт, хаана хаана цахилгаан тасраад байна вэ?
-Бид үүнийг мэдэхгүй. Диспечерийн үндэсний төв цахилгаан хуваариалалт хийж байгаа.