Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилсээр


Өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаны хүмүүс энэ жилийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн талбайгаар тойрч, Хүй долоон худагаар саа­­­таад буцсан юм. Бороо дусалж, тэнгэрт үүл хуралдсан, салхитай  энэ өдөр наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байв.



Жилдээ ганц ашигладаг Төв цэнгэлдэх

Жил бүр урсгал засвар, үйлчилгээ хийдэг ч төдийлэн үр дүнд хүрдэггүй Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагджээ. Наадмын өмнө л засвар хийж, төсөв гаргадаг байдал хэзээ зогсох тухай хотын даргаас тодрууллаа. Тэрээр “Төв цэнгэлдэхээ бид жилдээ наадмаар л ганц удаа ашигладаг.
Бусад үед нь хаалттай, орлогогүй байдаг учраас элэгдэж, мууддаг. Спорт, соёл урлагийн олон арга хэмжээ байнга зохиож, байнгын арчилгаатай байвал ийм зүйл болохгүй” гэсэн юм.
12500 үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэнд 2000 үзэгчийн суудал нэмж байршуулахаар ажиллаж байгаа аж. Өмнөх жилүүдэд сэтгүүлчдэд зориулан бэлтгэсэн тавцан нь багадсан тул энэ жил илүү өргөн болгохоор шинэчилж буй юм. Будаж сэргээх ажил маш их хийж байгаа. Тухайлбал, үзэгчдийн суудал, хашлага болон цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах өнгийг ч өөрчилж засвар 90 хувьд дөхжээ. Цагаан эмжээртэй, ногоон өнгө бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон талбайд монголчууд наадмын нээлтээ үзэх нь. Энэ зун бороо хур элбэг байгаа тул наадмын зүлэг харьцангуй сайн ургаж буйг ажилтнууд дуулгалаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Өнгөрсөн жил нээлтийн ерөнхий найруулагчаар Гавьяат жүжигчин, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажилласан бол энэ удаа Төрийн соёрхолт Д.Сосорбарам томилогдсон. Тэрээр үндэсний бахархал, монгол өв соёл, урлагийн тоглолтоо тодотгохыг эрмэлзэж буйгаа хэлсэн юм. Тухайлбал, Монгол орны нутаг нутгийн төлөөлөл бие биелээчдийн нэгдсэн тоглолт үзүүлнэ. Үүнд 999 бүжигчин багтаж, бэлтгэлээ базааж байгаа бол мөн 999 уртын дууч Төв цэнгэлдэхийн жаврыг үргээн ая дуугаа өргөх аж. Мэдээж үүний ард илүү олон үзүүлбэр нууц хэвээр үлдэж байгаа. Нээлтийн тасалбар суудлын байршилаас хамаарч гурван төрлийн үнэтэй байх аж. Тодруулбал, 10 мянга, 16 мянга, 24 мянган төгрөгөөр энэ бямба гараг буюу долдугаар сарын 6-ны өдөр худалдаалж эхэлнэ.


Төв цэнгэлдэх тойрсон наадам

Монгол наадмын гол хэсэг нь Цэнгэлдэх хүрээлэнд төвлөрдөг. Гэсэн хэдий ч 12500 хүний суудалтай стадионд бүх наадамчин багтахгүй нь мэдээж. Энэ үед наадам цэнгэлдэхийн эргэн тойронд өрнөдөг. Юун түрүүнд шагайн харваа болон сурын талбайгаар зочилно. Уухай хадаасан сур, шагайн зурхайг бага зэрэг шинэчилсэнээ ажилтнууд танилцууллаа. Автозамтай залгаа байрласан зурхайн өмнөх хэсгийг нээж, автомашины зогсоол шинээр байршуулсан гэнэ. Ингэснээр наадмын үеэр зорчиж яваа машинтай хүмүүст учирдаг хүндрэл багасах аж. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс ч зөв шийдэл болсон гэлээ.
Цэнгэлдэх тойрон буудалладаг худалдаа үйлчилгээний аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жилээс дүүрэгтээ хуваарилагдан ажиллах болсон. Тодруулбал, дүүргийн удирдлагаас үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч байсан. Энэ жил ч дээрх уламжлал хадгалагдах хэдий ч илүү нарийн зохион байгуулалтад орох болжээ. Учир нь, дүүрэг бүрт хуваарилсан газарт өөрийн хэв маяг, онцлог төрх, тохитой орчныг бүрдүүлсэн зохион байгуулалтаа өөрсдөө хийх юм байна. Наадмын хуушууртай үйлчилгээнээс гадна цэвэр, цэмцгэр наадахад зохион байгуулагчид ихээхэн анхаарсан. Урьд нь, “Цэмцгэр Монгол наадам” хэмээх залуучуудын уриалга наадмын турш өрнөдөг байсан бол энэ удаа илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар болсон аж. Жишээ нь, хогийн сав, нийтийн бие засах газар хангалттай хэмжээгээр байрлуулахад наадмын комисс анхаарах бол залуус “Цэмцгэр Монгол наадам” уриалгат аянаа хийнэ. Мөн цэцгийн мандал байршуулах ажил ид үргэлжилж байсан нь наадамчид хог хаяхгүй байх сэдэл төрүүлэх сайн талтай ажээ.

“Монгол наадам” цогцолбор-Хүй долоон худаг

Наадмын зохион байгуулах комисс энэ жил Хүй долоон худагт ихээхэн анхаарал хандуулж, “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалт өрнүүлэхээр болсон. 20 га талбайд 5800 автомашины зогсоол, 12.5 га газарт үйлчилгээний болон зорчих хэсгийн шийдэл гаргажээ. Энэ нь наадамчид зүлэг ногоо гишгэлж явах, хог хаядаг явдлыг зогсооход тустай. Түүнчлэн 50 метр тутамд хогийн сав байршуулж, цэцгийн мандал, зүлэгжүүлэх ажил ч төлөвлөсөн аж. Уул, талд хурдан морио барьж баярладаг монголчуудын наадам Хүй долоон худагт шив шинэ төрхтэй болж буйг наадмын комисс онцолж ярилаа. Ийнхүү зохион байгуулалтад оруулснаар цаашид Үндэсний их баяр наадмын төв нь Цэнгэлдэх хүрээлэн биш Хүй долоон худаг болгох зорилготой аж. Ирэх жил бүтээн байгуулалтын ажил үргэлжилж автомашины зогсоолыг 7000 хүргэх юм байна.Түүнчлэн төмөр замын 361 дүгээр гармаас Хүй долоон худаг руу чиглэсэн 8.5 км хатуу хучилттай авто зам байгуулна. Ингэснээр хойд талаас ирэх наадамчдад дөт болох юм. Дээр өгүүлсэн 12.5 га талбайг хамарч буй үзвэр үйлчилгээний талбайд худалдаа болон урлаг соёлын арга хэмжээ зохиохоор Төрийн соёрхолт Д.Сосорбарамын удирдаж буй Урлаг соёлын салбар хороо ажиллаж байна. Тухайлбал, монголчууд болон жуулчдад зориулсан түүхэн сэдэвт, уран зургийн болон “Сэрсэн тал” дуу хөгжмийн бэсрэг тоглолт хийх юм.
Хүй долоон худгийг Монгол наадмын төв болгох зорилгын хүрээнд цахилгааны эх үүсвэрт холбох ажил гүйцэтгэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцжээ. 2013 оны наадмаас өмнө амжуулахаар ажиллаж, төсвийн тодотголд нэмж тусгах гэнэ. Энэ хүрээд нийслэлийн удирдлагууд наадмын бэлтгэл ажилтай танилцаж дууссан юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албаны хүмүүст “Монгол Наадам” цогцолбор байгуулах ажлын эхний томоохон бүтээн байгуулалт хийж байна. Энэ ажлаа хугацаанд нь, чанартай хийж дуусгаарай” хэмээн ажлын амжилт хүсэн ерөөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан