Харанга. Энэ нэрийг сонсоход “Зүүдэндээ би хайртай”, “Толин хул”, “Бороо”, “Зөвхөн Монголдоо” “Морин хуур” зэрэг олон сайхан дуу өөрийн эрхгүй аманд аялагддаг. Ирэх жил их “Харанга” дэлдсэний 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан тоглолт хийж байгаа билээ. Өнгөрсөн тавдугаар сард хамтлагийн гитарчин Я.Одсүрэн “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоороо салхийг нь хагалж байсан бол энэ удаа хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн тоглолтоор үргэлжлэх гэнэ. Тэрээр ирэх сарын 13, 14-нд Соёлын төв өргөөнд “Морин хуур, Толин хул” нэртэй тоглолтоо толилуулах бөгөөд өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан сонсогч, фэнүүдээсээ дуулах дуунуудынхаа саналыг авч байгаа гэнэ. УДБЭЧ болоод рок, попын одууд оролцох эл тоглолтын дараа ирэх есдүгээр сард Ц.Чулуунбат, арваннэгдүгээр сард А.Энхманлай нар бие даасан тоглолтоо толилуулах аж. 25 жилийн ойн тоглолтууд зөвхөн энэ жилээр дуусгавар болохгүй, он гарсны дараа хамтлагаараа БНСУ, АНУ болон Европын орнуудаар аялан тоглолт хийж, фэнүүддээ бэлэг барихаар төлөвлөсөн аж.