Канзасын их сургуулийн судлаач Бетти Харт ба Тоод Рисли нар нэгэн өвөрмөц туршилт явуулжээ. Тэд нялх хүүхэдтэйгээ ярилцаж байгаа эцэг эхчүүдийн олон зуун цагийн ярианд дүн шинжилгээ хийсэн байна. Ингээд ажил эрхлэлгүйгээр тэтгэлгээр амьдардаг гэр бүлүүдэд нялх хүүхдүүд цагт ойролцоогоор 600 үг, жирийн ажилчдын хүүхдүүд 1200 үг, өндөр төвшний мэргэжилтнүүдийн хүүхдүүд цагт 2100 үг тус тус сонсдог гэдгийг илрүүлжээ.
Судлаачид энэ болон бусад олон олон хүчин зүйлсд дүн шинжилгээ хийсний эцэст нь хүүхдүүдийн сурлагын амжилтад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь гурав хүртэлх насандаа сонссон үгийн тоо гэсэн дүгнэлт хийсэн байна. Үүнд зурагт, радио гэх мэт бусад эх сурвалжаас сонсдог үг сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон болохоор тооцож үзээгүй гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ судалгааны явцад гаргасан дүгнэлтийг бусад олон судалгаа баталсан болохоор Америкийн Род-Айленд мужийн Провиденс хотод бага орлоготой өрхийн эцэг, эхчүүдийг нялх хүүхэдтэй ярьж сургах тусгай дамжаа хичээллүүлэхээр болов.
Ийм ярианы дийлэнх нь эцэг, эхийн хийж байгаа үйлдэл болгоныг ажиглан, дүрслэн хэлэх дээр тулгуурласан. Жишээлэхэд, “Ээж нь гутлыг нь өмсгөж байна. Гутал нь бор өнгөтэй. Ээжийнх нь гутлаас жижигхэн. Чи ээжийнхээ ноосон цамцыг барьж үзлээ. Цамц их зөөлөн байна” гэх мэт.
Энэ мэт дэлгэрэнгүй зүйлс тогтмол сонсох нь хүүхдүүдэд цаашдын дэлгэрэнгүй мэдээлэл олж авах шаардлага үүссгэж, аав, ээжээсээ сонссон үгс нь сониуч зангийн үндсийг нь тавьж өгнө гэж тооцож байгаа аж. Улмаар үүний ачаар хүүхдүүд нь чихэр идэх дуртай байдаг шигээ аав, ээжээсээ түүх яриа сонсох дуртай болох ёстой гэнэ. Учир сайн мэдэхгүй жаахан хүүхдэд хэрэгтэй хэрэггүй мэдэгдэхгүй баахан зүйл, түүний дотор гэр бүлийн түүх ярьж сонирхлыг нь төрүүлэх ямар хэрэгтэй юм бол.
Гэр бүлийнхээ үүх түүхийг мэддэг хүүхдүүдийн амьдралд дасан зохицох чадвар нь гэр бүлийнхээ түүхийг мэддэггүй хүүхдүүдийнхээс хавьгүй өндөр байдаг гэдгийг өмнө нь явуулсан олон тооны судалгаа харуулсанд хэргийн учир байгаа юм.
Эморийн их сургуулийн сэтгэл зүйч Маршал Дьюк, Робин Фивүш нар “Чи мэдэх үү” нэртэй судалгааны асуулгыг боловсруулжээ. Асуулгад “Эмээ чинь залуудаа хаана амьдарч байсныг мэдэх чи мэдэх үү”, “Аав ээж хоёр чинь аль сургуульд сурч байсан бэ” гэх мэт 20 асуулттай.
Энэ асуулгыг ашиглан 66 хүүхдийг хамруулан судлаад хүүхдүүдийн урд нь хариулт өгсөн ердийн тестүүдийн хариулттай харьцуулж үзжээ. Ингэтэл “Чи мэдэх үү” асуулгад өндөр оноо авсан хүүхдүүд нь сэтгэл зүй ба сэтгэл хөдлөлийн төвшнийг тогтоох бусад сорилуудад ч өндөр оноо авсан байсан нь илэрч.
Тэгэхээр хүүхэд гэр бүлийнхээ түүхийн талаар хэдий чинээ их мэддэг байна тэр чинээгээр өөрийгөө ямар нэг том, лут зүйлийн хэсэг гэдгийг ойлгож мэдэрдэг. Гэр бүл болгонд тасралтгүй явагдаж байдаг өсөлт ба бууралт, ялалт ба ялагдал гэх мэт шил шилээ залган үүсдэг үйл явдлын оролцогч, гэрийнхээ намтарын нэгэн дүр гэж өөрийгөө мэдэрч хүлээж авна. Улмаар цаашид өөрийнх нь амьдралд тохиолдох өсөлт ба уруудалтыг тусган авах нь ч өөр болно. Ганцаараа өсч эсвэл уруудаагүй урд нь ч тийм зүйл болж байсан гэдгийг санана. Муу авлаа ч дараа нь сайн хичээгээд онц авах боломжтой гэдгийг ойлгоно гэсэн үг. Нэг тэмцээнд яллаа ч хичээхгүй бол дараагийн тэмцээнд ялагдаж магадгүй гэдгийг санаад илүүтэй хичээнэ гэх мэт. Тэгэхээр аав, ээж нар гэр бүлийнхээ, эмээ, өвөөгийнхөө түүхийг хүүхдэдээ гурав хүртэлх насанд нь хэдий их ярьж өгч байна тэр хэмжээгээр хүүхэд нь ухаалаг, илүү азтай, амьдралтай илүү их амжилтанд хүрсэн хүн болгох суурийг нь тавьж өгч байгаа хэрэг.
Иймд дараагийн удаад хүүхэд чинь ямар нэг юм яриад өг гэхээр үлгэрийн ном уншиж эсвэл өөрөө адал явдал зохиохын оронд өөрийнхөө түүхийг ярь. Хэдийд анхны онц авч байснаа, хэдийд тэмцээнд ялж байснаа ярь. Өвөө нь аль аймгийн аль суманд амьдарч байсныг хэлж бай. Эмээ нь ямар дээд сургууль төгссөнийг ярьж өг. Яаж ажилд орох гээд чадахгүй явсныг нь ярьж өг.
Гурав хүртэлх насанд шүү. Гэхдээ гурваас хойш яриад хэрэггүй гэсэн үг биш. Гурван ой хүрэхээс өмнө гэрийнхээ түүхийг аль болох их ярьж байгаарай.