Малчдад энгэрийн тэмдэг, мэргэжлийн үнэмлэх олгох ажил улсын хэмжээнд 90 хувьтай байна. Цаашид шинэ залуу малчдад жил бүр сургалт явуулж шалгалт авч мэргэжлийн үнэмлэх олгох юм. Мөн малчин өрхүүдийг үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамга, тэмдэгтэй болгох ажлын бэлтгэл хангагджээ.
ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэр “Монгол Улсын хууль эрх зүйд малчин гэдгийг тодорхойлсон зүйл алга. ҮХААЯ энэ талаар хуулийн төсөл боловсруулж байна. Өнөөдөр малчин гэдгийг тодорхойлдог ганц зүйл нь Улсын дээд шүүхийн тайлбар болоод байна.
Таньдаг айлдаа малаа тавьсан хүмүүс байдаг. Энэ хүн бол мал бүхий иргэн юм. Малчин бол жилийн дөрвөн улиралд мал маллаж, үйлдвэрлэл эрхэлдэг хүн. Улсын хэмжээнд 300 мянга гаруй малчин, 155 мянган малчин өрх бий. Мэргэжлийн үнэмлэх, үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамгатай малчин төрийн дэмжлэг авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн хуулийн этгээд болно. үүгээр жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлтэй зээл авч аж ахуйгаа өргөтгөх, хөгжүүлэх үүд хаалга нээгдэж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн нэг иргэн, нэг малчинд ногдох төсвийн хөрөнгө оруулалт асар их зөрүүтэй байгаа. Жишээлбэл нийслэлийн дэд бүтэц, гудамж талбайг янзлахад маш их хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл малчдад чиглэсэн хөрөнгө оруулалт бага. Ноос, арьс ширний урамшуулал л олгож байна. Энэ түүхий эдийн урамшуулал малчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна давхар ач холбогдолтой. Үндэсний үйлдвэрлэлээ түүхий эдээр хангах зорилготой” гэв.
Хязаалан хонины өөрийн өртөг 250 мянган төгрөг
Мах үнэтэй байна. Малчид зуд турхан болоход тусламж хүсдэг атлаа малаа зарахдаа үнэрхдэг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Гэтэл махны үнэ олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, манай орны байгаль цаг уур, дөрвөн улирал, бэлтгэн нийлүүлэх асуудалтай холбоотой. Мөн махны ченжүүд малчны хотоос хямд авснаа тээврийн болон бусад зардал, өөрийн олох ашгаа шингээгээд худалдана. Өөрөөр хэлбэл малчны хотоос гарсан малын мах дэлгүүрийн лангуунаас хэрэглэгчийн гарт хүртлээ хэд хэдэн ченжийн гар дамжиж хүрдэг тул өндөр үнэтэй болдог гэсэн үг. Түүнээс биш малчид бүтээгдэхүүнээ үнэрхээд байгаа хэрэг биш. Манай мал бэлчээрийнх. Энэ жилийн төл ашгаа өгөхдөө дор хаяж 2-3 жил шаардагдана. Дээр нь, малчны ажлын хөлсийг тооцох учиртай. Тэгэхээр хязаалан хонины өөрийн өртөг 250 мянган төгрөг хүрнэ гэсэн тооцоо гарсан байдаг. Гэтэл зах зээл дээр борлуулж буй хязаалан хонины үнэ ханш 150 мянган төгрөг байна.
Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд 50 тэрбум төгрөгийн зээл олгоно
Монгол Улс бол мах экспортлох боломжтой. Гэвч махны импорт нь экспортоосоо их байна. Өнгөрсөн онд л гэхэд үхрийн 400 тонн мах Австрали, Шинэ Зеландаас импортолсон байна. Энэ жилээс эхлээд ямар мах экспортолж болох судалгааг ҮХААЯ-наас хийж эхэлжээ. Манай улсын эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй. ҮХААЯ Монголбанктай хамтарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-өөр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг удахгүй шийдэх нь. Ингэснээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломж бүрдэх юм. Одоогоор төсөл, аж ахуйн нэгжүүдээ сонгон шалгаруулах ажил өрнөж буй бөгөөд ирэх сараас зээл олгох ажээ. Мөн мах сүүний чиглэлийн малын үр хөврөл импортоор авахад гаалийн татваргүй болгосон байна.
Бодын нэг ширэнд 1500, богийн арьсанд 3000 төгрөгийн урамшуулал өгнө
Хоёр жилийн өмнөөс хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчдад мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Тэгэхдээ нэг кг ноос тутамд 2000 төгрөг өгч буй билээ. Мөн энэ онд Засгийн газрын 48 дугаар тогтоолоор арьс шир бэлтгэж үндэсний үйлдвэрлэлд тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох болсон. Энэ журмын хүрээнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо орон нутагт түүхий эдээ татан авах ажил зохион байгуулж буй юм. Өнөөдрийн байдлаар 12 аймагт түүхий эд бэлтгэх 700 гаруй төлөөлөгч сонгоод байна. Ингээд нэхий, ямааны арьс, үхэр, адууны ширэнд урамшуулал олгоно.
Урамшуулал олгох баримт нь төрөл тус бүртээ өөр. Жишээ нь, нэхийний баримт нь хонины толгойн зурагтай байх нь. Малаа амьдаар нь худалдвал худалдан авсан арьс ширний холбооны төлөөлөгч уг малын арьсыг үндэсний үйлдвэрт тушааж урамшуулалд хамруулах нөхцөлтэй малчин, төлөөлөгч хоёрын хоорондын гэрээ хийж байгаа. Үүнийг баталгаажуулж тухайн малчин тамгаа дарах юм. Бодын нэг ширхэг ширэнд 15000, богийн арьсанд 3000 төгрөгийн урамшуулал олгоно.
Малын тоо толгой энэ жил 14.6 саяар нэмэгдлээ
Монгол орны нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд сайжрах төлөвтэй байгаа аж. Тухайлбал, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим нутгаар зуншлага нэлээд оройтов. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд бороо орж нийт нутгаар зуншлага сайжрах төлөвтэй байгаа аж.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 14.8 сая мал төллөж 14.6 сая төл хүлээн аваад байна. Гарсан төлийн 98.8 хувь нь бойжиж, төллөвөл зохих нийт хээлтэгчийн 92.5 хувь нь төллөөд байгаа аж. Төл бойжилтын мэдээг долоодугаар сарын 1 хүртэл орон нутгаас үргэлжлүүлэн авах тул энэ жилийн төлийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн өвөл, хавар цагийн байдал хүндэрч олон аймаг цас, зудтай байсан ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд том малын зүй бусын хорогдол хэвийн гарлаа. Малын хорогдол 438.8 мянган толгой байна.
Энэ жил 9.3 мянган га-д тэжээлийн ургамал тариалав
Энэ жилийн тариалалт тавдугаар сарын 5-наас эхэлсэн. Одоогоор 399.7 мянган га талбайд тариалалт хийгээд байгаагаас 293.2 мянган га-д үр тариа тарьжээ. Үүнээс 276 мянган га нь улаанбуудайнх юм. Төмс 13.8, хүнсний ногоо долоо, тосны ургамал 75.6, тэжээлийн ургамал 9.3 мянган га талбайд тариалав. Мөн 720 га-д жимс суулгажээ. Үүнээс ирэх намар авах ургац дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангана гэж тооцож байна. Харин энэ онд тосны ургамал тариалах талбай огцом нэмэгдсэн. Энэ нь тосны үйлдвэр нээгдэх гэж байгаа болон өөр ургамал тарьж газрын шимт хөрсөө сайжруулахтай холбоотой аж. Энэ жил 330 мянган га талбайд чанар сайтай уринш хийхээр төлөвлөж буй. Одоогоор 160 гаруй мянган га талбайд уринш хийгээд байна.