Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар илтгэл гаргажээ. Энэ илтгэлээс үзвэл дэлхийн хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 35,6 хувь нь амьдралынхаа туршид бие махбодийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртдөг, хүчирхийллийг үйлдэгч нь гол төлөв хамтран амьдрагч эрэгтэйчүүд байна.
Ингээд ч зогсохгүй хамтран амьдрагч эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн аллагын 38 хувийг үйлддэгийг тогтоожээ. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 42 хувь нь бие махбодийн гэмтэл авдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэл нь манай улс гэлтгүй дэлхийн хэмжээнд яаралтай арга хэмжээ авч эхлэх шаардлагатай ноцтой асуудал болсныг судалгаагаар тогтоосон хэрэг.
Хүчирхийллийн цар хүрээг бүс нутгуудаар гаргахад эмэгтэйчүүдийн хувьд хамтран амьдрагчид хамгийн хэрцгий зан авир гаргадаг нутгаар Африк тив тодорч. Хар тивийн эмэгтэйчүүдийн 45,6 хувь нь биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Дараа нь Зүүн Өмнөд Ази оржээ. Энэ бүс нутгийн эмэгтэйчүүдийн 40,2 хувь нь хүчирхийлэлд өртөж байсан. Дараа нь Газрын дундад тэнгисийн зүүн эрэг орчмын орнууд багтжээ. Энэ бүс нутагт Алжир, Египет, Сири, Ирак, Ливи, Саудийн Арави мэт орон багтдаг бөгөөд эмэгтэйчүүдийн 36,4 хувь хүчирхийлэлд өртсөн. Өмнөд ба Хойд Америк тивийн орнуудын эмэгтэйчүүдийн 36,1 хувь, Номхон Далайн Баруун хэсгийн орнуудын эмэгтэйчүүдийн 27, 9 хувь нь хүчирхийлэлд өртсөн бол Европын эмэгтэйчүүдийн 27,1 хувь нь хүчирхийлэлд өртөж байжээ.
Энд заасан бүс нутгийн орнууд нь хүн амын санхүү, эдийн засгийн боломж, боловсролын төвшин тийм ч өндөр биш, иргэдийнх нь орлогын хэмжээ бага. Тэгэхээр өндөр хөгжилтэй, иргэдийн орлогын хэмжээ өндөр орнуудад эмэгтэйчүүдийн хүчирхийлэл бага гардаг мэт төсөөлөл төрж байж магадгүй. Гэтэл тийм биш ажээ.
Өндөр хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүдийн 32,7 хувь нь бэлгийн болон биеийн хүчирхийлэлд өртөж байжээ. Тэгэхээр орлогын төвшин, ядуу эсвэл баян орон гэх мэт хүчин зүйлс гэр бүлийн хүчирхийллийг багасгах эсвэл ихэсгэх бодит хүчин зүйл болдоггүй бололтой.
Африк тивд олон арван жилийн турш дайн тулаан тасрахгүй байгаа болохоор хүчирхийллийн хэмжээ ихийн дээр эмэгтэйчүүдийг гэр орны хар бор ажил хийдэг, ямар ч эрхгүй, хамтран амьдрагч, нөхрийнхөө боол байх ёстой гэж үздэг. Зүүн Өмнөд Азийн дийлэнх оронд эмэгтэйчүүдэд мөн л ингэж ханддаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Газрын дундад тэнгисийн зүүн эрэг орчмын орнуудад сүүлийн үед нийгэм нь гүн хямралд орж олон хүний аминд хүрсэн иргэний дайн, алан хядах ажиллагаа ихээр явагдаж байгаа. Энэ нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийг намжаахад сайнаар нөлөөлөх нь юу л бол. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн төлөө тууштай тэмцэгч гэж өөрсдийгөө тунхагладаг өндөр хөгжилтэй орнуудад байдал онц ялгаагүй байгаа нь гайхалтай. Эдгээр орон нь бусдыг эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийг багасгах талаар хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжлэх нь олон. Гэвч өөрсдийнх нь хувьд ч байдал бусад орноос тийм ч ялгаагүй байдаг бололтой.
Хамгийн гол нь хамтран амьдрагч эрэгтэйчүүдийн зүгээс гарсан энэ бүх хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал,
Эмэгтэйчүүдийн сэтгэхүйн эрүүл мэндэд асуудал үүсэхэд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйл. Хамтран амьдрагчийнхаа зүгээс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн сэтгэл гутралд автах эрсдэл хоёр дахин өндөр.
Архи, согтууруулах ундаатай холбоотой асуудал үүсдэг. Бэлгийн хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн архинд донтох эрсдэл бусад эмэгтэйчүүдээс хоёр дахин их.
БЗХӨ. Хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн заг хүйтэн, хламид, тэмбүүгийн халдвар авах эрсдэл 1,5 дахин өндөр. Африк тивийн Сахарын цөлөөс өмнөд зүгийн орнуудад ДОХ-ын халдвар авах эрсдэл 1,5 дахин нэмэгддэг.
Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх магадлал нь хүчирхийлд өртөөгүй эмэгтэйчүүдээс хоёр дахин нэмэгддэг.
Жин дутуу хүүхэд төрөх. Хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн жин дутуу хүүхэд төрүүлэх магадлал 16 хувиар өндөр. Дутуу жинтэй төрнө гэдэг хүүхдийн биеийн болон сэтгэцийн бойжилтод ноцтой аюул учруулдаг.
Энэ илтгэлээр тодорсон бас нэгэн тоон үзүүлэлт маш их түгшүүр төрүүлж байгаа юм. Энэ нь дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн аминд хүрсэн нийт хэргийн 38 хувийг хамтран амьдрагчид нь үйлдэж байгаа явдал. Тэгэхээр баян эсвэл ядуу гэлтгүй дэлхийн бүх орон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэл гарсан тохиолдолд хатуу цээрлүүлэх, мөн урьдчилан сэргийлж ухуулан таниулах арга хэмжээг хүүхэд наснаас эхлэн хүчтэй явуулах шаардлагатай болсныг харуулж байна. Судалгаа явуулсан мэргэжилтнүүд энэ талаар онцгой анхаарчээ.
Улс төрийн төвшинд эмэгтэйчүүдийн эрх, гишүүдийн квот, өдөр тутмын амьдралд наран ээж, түшиг болсон гэргий гээд сайхан дуу дуулаад, шүлэг уншаад байдаг атлаа хүссэн үедээ эмэгтэй хүнд, ялангуяа хамтран амьдарч байгаа эмэгтэй хүнд ямар нэг байдлаар хүч хэрэглэж болдог, харин тэд гомдол гаргах эрхгүй гэж төсөөлдөг нь зөвхөн манай улсад байдаг үзэгдэл биш бололтой.
Энэ байдлыг таслан зогсооход эмнэлгийн байгууллагын ажилтнууд багагүй үүрэг гүйцэтгэж болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцлов. Ингэхдээ эмнэлэгт үзүүлэхээр ирсэн эмэгтэй хүн болгоноос хүчирхийлэлд өртсөн эсэхийг асууж шалгаах нь буруу гэж үзжээ. Харин удаа дараалан шалтгааныг нь хэлэхээс татгалзсан гэмтэлтэй, шархтай ирж байгаа тохиолдолд сувилагч, асрагч, эмч нар гэр бүлийн хүчирхийллийн талаар асуулга явуулахад суралцсан байх ёстой. Ил гаргахыг хүсэхгүй байлаа ч хүчирхийллийн улмаас авсан шарх гэмтлийг зохих ёсоор үзэж оношлон эмчилгээ хийнэ. Мөн нууцыг бүрэн хадгалах баталгаа гаргахын сацуу холбогдох нийгмийн албадтай холбодог тогтсон системтэй байхыг зөвлөсөн байна. Түүнчлэн хүчирхийллийг илрүүлэх, ярилцах, тусламж үзүүлэх тусгай сургалтыг сувилагч нарт тогтмол явуулж байхыг зөвлөжэ.