Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малчдад үнэмлэх тэмдэг олгох ажил 90 гаруй хувьтай байна


Өнөөдөр ҮХААЯ-нд Газар тариалан бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Мал эмнэлэг үржлийн газрын дарга н.Галбадрах, Мал хамгаалах сангийн дэд дарга Болорчулуун, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ганибал нар цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.
Энэ жил зуншлага хур бороо, салхи шуурга элбэг, сэрүүвтэр байна. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Өмнөговийн ихэнх Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим нутгаар зуншлага нэлээд оройтсон байна. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд бороо орж нийт нутгаар зуншлага сайжрах төлөвтэй байгаа аж.    
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 14.8 сая эх мал төллөж 14.6 сая төл хүлээн аваад байна. Өөрөөр хэлбэл малчин түмний нөр их хөдөлмөрийн үрээр Монгол Улсын мал сүрэг 14.6 сая толгойгоор өслөө. Гарсан төлийн 98.8 хувь нь бойжиж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 92.5 хувь нь төллөөд байгаа аж. Төл бойжилтын мэдээг долоодугаар сарын 1 хүртэл орон нутгаас үргэлжлүүлэн авах тул төлийн тоо нэмэгдэх хандлага байна.

Мөн өнгөрсөн өвөл, хавар цагийн байдал хүндэрч олон аймаг цас, зудтай байсан ч хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд том малын зүй бусын хорогдол хэвийн гарлаа. /438.8 мянга/

Шинэчлэлийн Засгийн газраас мал аж ахуйн салбарт энэ онд шийдвэрлэгдсэн томоохон ажил бол үндэсний үйлдвэрүүдэд тушаасан ноосны урамшууллаас гадна арьс, ширэнд урамшуулал олгохоор болсон. Энэ ажлын хүрээнд арьс шир бэлтгэлийн баримт /падаан/, орон нутагт ажиллах төлөөлөгчдийн үнэмлэх хэвлүүлэх, цахим сүлжээг бий болгох зэрэг ажлуудыг хийлээ. Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчдийг бэлтгэн аймгийн төвүүдэд зөвлөгөөн зохион байгуулж Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай зэрэг 12 аймагт нийт 721 төлөөлөгч томилон ажиллуулж байна. Үлдсэн аймгуудыг зургадугаар сарын 26-наас долоодугаар сарын 8-ны хооронд үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.

Урамшуулал нь арьс, ширний чанар, стандартаас ихээхэн хамааралтай тул малчид мал сүргээ мал эмнэлгийн арга хэмжээнд цаг хугацаанд нь бүрэн хамруулах, анхан шатны хадгалалт, хамгаалалтыг стандартын дагуу хийхэд анхаармаар байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, малчдын хөдөлмөрийг албан ёсоор баталгаажуулах,бэлтгэн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн, түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах, ХАА-н биржээр дамжуулан борлуулах нэгдсэн сүлжээнд хамруулахад тухайн бүтээгдэхүүний гарал, үүсэл, эзнийг нь тодорхой болгох зорилгоор малчдад "Монгол улсын малчин" үнэмлэх, энгэрийн тэмдэг олгох ажлыг улс, орон даяар зохион байгуулж дуусах шатандаа явж байна. Малчдад мэргэжлийн үнэмлэх тэмдгийг олгох ажил одоогоор 90 гаруй хувьтай байгаа гэнэ. Энэ жилээс эхлээд малчдыг мэргэжлийн үнэмлэхтэй болгож байгаа юм. Энэ нь малчин хийгээд мал бүхий иргэдийн ялгааг гаргаж байгаа гэнэ. Хөдөө мал дээр байгаа хүмүүсийг малчин гэсэн үнэмлэх тэмдгийг олгож байгаа юм. Түүнээс гадна малчдыг жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн гэрчилгээ тамга тэмдэгтэй болгож байгаа юм. Тиймээс мал аж ахуйгаас гарч байгаа бүхий л төрлийн бүтээгдэхүүн гарал үүслийн баталгаажих баримттай болж байгаа юм.
Малчид үнэмлэхтэй, аж ахуйн нэгж болсноор төрөөс явуулж байгаа аливаа дэмжлэгийг авах боломжтой болох юм. Малчдын үнэмлэх болон тэмдгийг олгох ажлыг орон нутагт НДЕГ, ТЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, УБЕГ хамтраад хийж байна.
Мөн малчин өрхүүдийг үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамга, тэмдэгтэй болгох ажлын бэлтгэл хангагдаад байна.

Энэ онд мал эмнэлгийн арга хэмжээний хүрээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 24 төрлийн тарилганд давхардсан тоогоор 48.3 сая мал, лабораторийн 22 нэр төрлийн шинжилгээнд 655.5 мянган мал хамруулна.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зүүн 5 аймгийн 53 сумын 17,6 сая малыг вакцинжуулах эхний ээлжийн ажлыгхийж дуусаад байна.

Малын гоц халдварт хонины цэцэг өвчин Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гарч уг өвчний голомтыг богино хугацаанд устгаж, одоогоор олон улсын хорио цээрт бусад өвчнөөр тайван байна.

Мал, амьтны халдварт галзуу өвчин он гараад 18 аймгийн 201 суманд 238 гарсныг технологийн дагуу устгаад байна.
Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянтгол, Ховд гол, Хангай нурууны өврийн Таацгол, Харбут гол, Чигэртэй гол, Булган гол үерлэж байна. Иймд дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Цаашид 26, 29-нд нутгийн зүүн хагаст 27, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Салхи 26-27-нд зарим газраар, 28-29-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

1 Сэтгэгдэл
малчны үнэмлэх дахин хэзээ олгох вэ? авах боломж байна уу
Хамгийн их уншсан