Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын асуудалд дарлагдсан амьтны хүрээлэн


Төвд амьтны хүлээлэнгийн газрын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ гэсний дагуу “365” мэдээллийн төвийг зорилоо. Өмнө нь, Монголд амьтны хүрээлэн байдаг тухай зүүдлээ ч үгүй явсан болохоор ихэд олзуурхсанаа нуух юун. Явсаар зорьсон газраа ирвэл давчуухан хурлын танхим сэтгүүлч, зураглаач гээд хэвлэл мэдээллийн ажилтнуудаар дүүрсэн байв. Тэдний анхаарал хойморт голлон суун ихэд бухимдангүй өнгө аястайгаар юуг ч юм ярих эрхмийн зүг төвлөрчээ.

Би ч дуу хураагчаа асаан олны завсар зайгаар шургалан явсаар мөнөөх эрхмийн өмнө аваачин тавилаа. “Ийм их дарамт шахалтын дунд манай амьтны хүрээлэн оршин тогтноход хэцүү байна. Улаанбаатарт залуус хүүхдүүдэд үзэж харах юм цөөн байхад юм хийе гэсэн хүнээ төр засаг, нийслэлийн Газрын алба дэмжээд, хэсэгхэн газар гэсэн тасалж өгч болдоггүй юм уу?” хэмээн мөнөөх хүн онцлон хэлж байв.

Энэ хүн бол “Талын Жононгууд” компанийн захирал Л.Сайнбат. Тэрээр сүүлийн арав гаруй жил сонирхлынхоо дагуу төрөл бүрийн амьтдыг үржүүлэн тэжээж буй нэгэн аж. Гурван жилийн өмнөөс “Мини зоо парк” байгуулан ажиллуулж эхэлжээ. Одоо тэрхүү парк нь 40 төрөл зүйлийн 100 гаруй амьтантай болон өргөжжээ.
Зайсангийн ам дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны 200 ам.метр талбайг сарын нэг сая төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй болж байгаа ч өнгөрөгч дөрөвдүгээр сараас “газраа чөлөөл” хэмээн хөөж туух болсон аж. Тус амьтны хүрээлэн байрлах цэцэрлэгт хүрээлэн нь Аялал жуулчлалын үндэсний төвийн харьяа бөгөөд амьтны хүрээлэнгийн байгаа газарт барилга барихаар төлөвлөсөн тухай Л.Сайнбат хэлж байв.

Мөн Зоо паркийн газрын хажууд хэсэг газрыг монгол хүний нэр дээр эзэмших зөвшөөрөл авсан хятад хүнд олгосон аж. Хэвлэлийн хурал дуусмагц түүнтэй хамт амьтны хүрээлэнг нь үзэхээр явсан юм. Бид ч явсаар зорьсон газраа ирлээ. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт байрлах хэсэгхэн газарт мөнөөх амьтны хүрээлэн байрлах аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн газартай харьцуулахад амьтны хүрээлэнгийн 200 ам.метр талбай алга дарам гээд хэлчихэд хол зөрөхгүй мэт санагдсан. Биднийг ороход эргэн тойрон шуугилдах амьтдын дуу авиа ой хөвчийг санагдуулав. Энд ховордож буй говийн чоно, цаа буга зэргээс аваад хилийн чанадаас авчирсан матар, Королла тоть, Эгуана гүрвэл гээд нийтдээ 100 гаруй араатан амьтан байна. Хоёр сарын өмнө Хөвсгөлөөс авчирсан гурван цаа бугаа Тэрэлжид идээшлүүлж байгаад амьтны хүрээлэндээ авчирсан гэнэ. Цаа бугнууд ч орчиндоо дасан зохицоод сайн байгаа гэсэн. Бэлтрэг байхад нь нохойтой зодолдуулна хэмээн хүүхдүүдийн авч явсан хангайн чоныг авч тэжээн улмаар говийн чонотой ижилсүүлснээр тэдний дундаас зургаан бэлтрэг гарчээ. Эрдэнэт хотод эх нь үхсэн дөрвөн үнэгний гаврыг авч тэжээн, одоо цөм эрүүл саруул бойжиж байсан. Мөн туулайнууд нь дөрвөн хөөрхөн бөжин гаргажээ. Тэмээн аалз, 83 настай яст мэлхий, биеийн халуун буулгадаг усан гахай, Голланд тахиа, цацагт хяруул, бүргэд, сар шувуу, орог зусаг, гарын алгын чинээ тэмээн аалз, зараа гээд ховор амьтад цөөнгүй байлаа.
Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа, ан амьтадтай танилцаж явахад Л.Сайнбат “Манай мал эмнэлгүүд муур, нохой төдий л мэдэхээс тоть, усан гахай, могой гээд бусад амьтныг сайн эмчилж мэдэхгүйн дээр тэдгээр амьтдын тухай ерөнхий мэдлэг ч муу байдаг” хэмээж байсан. Үнэхээр ч тийм юм. Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг аль нэг амьтан нь өвдөж гэмтлээ гэхэд өөрөө л эмчилж сувилдаг аж. Тэрээр хүрээлэнгийнхээ 100 гаруй амьтны төрөл зүйл, онцлог шинж, зан ааш гээд бүхий л зүйлийг нэгд нэгэнгүй мэддэг юм билээ. Мөн гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахад нэг ч удаа халдварт өвчин, ямар нэгэн зөрчил гаргаагүй гэнэ. Газрын асуудлыг нэг тийш шийдэж өгөөч хэмээн ССАЖЯ, хотын дарга бүр цаашлаад Ерөнхийлөгчид хүртэл өргөх бичиг хүргүүлжээ.
Хэрэв төр засгаас дэмжиж туслан ядаж л газрынх нь асуудлыг шийдээд өгвөл эднийх үйл ажиллагаагаа өргөжүүлж цаашид дэлхийн стандартад нийцсэн томоохон хүрээлэн болгох хүсэлтэй. Өөрийн биеэр явж амьтны хүрээлэнг үзсэнийх болохгүй гэх зүйлгүй мэт санагдсан. Нэг саяас илүү хүн амтай хотыг метрополис буюу их хот хэмээн нэрлэдэг. Манай Улаанбаатар ч гэсэн нэг сая 200 мянган хүн амтай болохоор нэг ч гэсэн амьтны хүрээлэнтэй байх нь зүйн хэрэг. Дэлхийн олон орны амьтны хүрээлэн нь хөгжлийг нь илтгэн харуулсан “имидж”-ийнх нь нэг хэсэг, жуулчдыг татаж хотын төсвөө арвижуулах нэмэлт боломж байдаг. Мөн хүүхдүүдийг хар багаас нь зэрлэг байгальтай танилцуулах, тэднийг хамгаалж хайрлахад сургах чухал нөлөөтэй. Ялангуяа, хот суурин газрын хүүхдүүдэд зэрлэг онгон байгаль, араатан амьтад гэж амьдралд ямар байдгийг харуулах их том нөлөөтэй. Иймд гадаадын цөөнгүй оронд амьтны хүрээлэн хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг. Амьтны хүрээлэн нь тухайн амьтан болгоны талаар нарийн судалгаа хийсэн мэргэжилтэн ажиллуулах, ховор ногоо хоолыг алсаас зөөх, арчилгаа эм тариа гээд их зардалтай байдаг болохоор гол төлөв төрөөс санхүүждэг. Ямар ч хүнд хэцүү үед хотууд амьтны хүрээлэнгээ авч үлдэхийг хичээдэг. Москвагийн амьтны хүрээлэн гэхэд 1864 онд байгуулагдсан түүхэндээ хоёр ч дайн, хувьсгал, өлсгөлөн, үгүйрэл гээд олон зүйлийг үзсэн ч ажиллагсад, төр нь яаж ийгээд зүтгэсээр эсэн мэнд авч үлдсэн төдийгүй сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжүүлж байгаа. Одоо энэ амьтны хүрээлэнд 1001 зүйлийн 6094 амьтан байдаг гэнэ лээ. Харин манай улсын хувьд бор зүрхээрээ амьтны хүрээлэн байгуулсан нэгнийг газрыг нь авна хэмээн өдөр, шөнөгүй айлгаж дарамтлах нь ямар гэгчийн амьтны бодлого вэ. Харин ч ганц байгаа “жижиг”-хэн хүрээлэнгээ тордож дэмжих нь чухал баймаарсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан