Их хотын дуу чимээнээс холдож, цэвэр агаар хүсэмжилсэн иргэд зусландаа гарч эхэллээ. Харин зуслангийн бүс иргэдээ хүлээн авахад бэлэн үү. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газрын Зуслангийн товчооны ахлах мэргэжилтэн Н.Билэгсайхантай ярилцлаа.
-Айлууд зусландаа гарч эхэллээ. Харин зуслангийн товчоо иргэдээ хүлээн авахад бэлэн үү?
-Бэлтгэл ажлаа үндсэндээ хангасан. Энэ жил бороо хур ихтэй болохоор айлууд зусландаа орой гарч байх шиг байна. Зуслангийн ногоон бүсэд нийтдээ 25 мянган өрх зусдагаас 20-30 хувь нь гарсан. Өнөөгийн байдлаар Бөмбөгөр худалдааны төв талбайн өмнөх талбайгаас зуслангийн бүх чиглэлд автобус явахаас гадна “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани, УСУГ-тай хамтран цахилгаан, ундны асуудлыг бүрэн шийдсэн. Нэг ёсондоо, зуслангийн товчоо ногоон бүсэд зусах иргэдээ хүлээж авахад бэлэн.
-Нийслэл гэлтгүй зуслангийн бүсэд хог хаягдал “толгойн өвчин” болдог. Энэ жил ногоон бүсийг хогноос аврах ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Энэ жил Зуслангийн товчоо нийслэлийн ногоон бүсийн хөрсний бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасах хүрээнд хогны шинэ менежмент хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хотын газар нутгийн багахан хувийг эзэлж буй ногоон бүсийн хог хаягдлын цэгийг сайжруулах замаар нийслэлийн Засаг даргын иргэн бүрт ногоон карт, эко үйлчлэгч нэртэй захирамжийг хэрэгжүүлэх юм. Энэ нь, ногоон бүсэд зусаж буй айл өрхүүдэд 10 мянган төгрөгийн үнэтэй ногоон карт өгөх бөгөөд зуслангийн ам болгонд хоёр эко үйлчлэгч хог хаягдал цэвэрлэх юм. Айл бүр эл картыг авснаар Хог хаягдал үйлчилгээний санд мөнгө нь төвлөрч зуслангийн бүс хоггүй болно гэсэн үг. Харин энэхүү картыг дагалдсан зориулалтын хогны уутын хамт дүүргүүдийн хог хаягдлын байцаагч, хэсгийн ахлагч нар айл өрхүүдэд нэг бүрчлэн тараана.
-Тэгвэл ТҮК-иуд ажил ихтэй байх нь ээ. Хогийн цэг дүүрсэн байхад ирж авдаггүй гэсэн гомдол өнгөрсөн жил их гарч байсан?
-Шинэ менежментийн хүрээнд зуслангийн бүс хогийн цэггүй болно. Ногоон бүсэд зусах айлууд харилцан адилгүй учраас тоог нь гаргасны дараа хог ачих хуваариа иргэдэд мэдээлнэ. Хогны машин ирэх тухайн өдөр нь айлууд ууттай хогоо авчирч өгнө гэсэн үг. Ингэснээр зуслангийн бүс хоггүй болохоос гадна иргэд ч ил задгай хогоо хаяхгүй.
-Нийслэлийн ногоон бүсэд бий болсон бие засах олон газрыг хэрхэн цэгцлэх вэ. Бас л шийдэх ёстой асуудал шүү дээ?
-Зуслангийн бүсэд гарч буй айлууд дор бүрнээ өөрийн эзэмшил хашаатай хэрнээ бие засах газраа нийтийн эзэмшил талбайд барьдаг. Үүнээс болж хөрсний гэхээсээ шивтэрийн бохирдол их байдаг. Тиймээс стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар байгуулахаар төлөвлөсөн.
Энэ нь, дотроо бетонон учраас хөрс бохирдуулахгүй, дүүрсэн тохиолдолд соруулж аваад байх бөгөөд тухайн бүсийн айл бүрт түлхүүрийг нь өгнө. Өнгөрсөн жил гэхэд ногоон бүсэд 500 орчим бие засах газрыг буулган нийтийн бие засах газар байгуулсан. Харин чөлөөлсөн газрын хөрсийг эрүүлжүүлэн иргэдийнх нь оролцоотойгоор гурван ч сагсан бөмбөгийн талбай байгуулсан юм.
-Зуслангийн бүс гэр хороолол болох нь. Ногоон бүсийг зориулалтаар нь авч үлдэх хэрэгтэй хэмээн их ярьдаг. Гэвч гарт баригдаж, нүдэнд харагдахаар хийж байгаа ажил байдаггүй?
-Ногоон бүсэд хүн амын суурьшил нэмэгдэж байгаагаас гэр хороолол тал руугаа шилжсэн нь үнэн. Зуслан ногоон бүс гэгдэх ач холбогдлоо алдаж эхэлж байна. Гэхдээ Зүүн, Баруун салаа, Гачуурт орчмынх харьцангуй гайгүй. Хүн ам нь сийрэг, байгаль орчинтой холбоотой зөрчил бараг гардаггүй.
Ямар ч байсан 2030 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр зуслангийн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө гэж гаргасан. Эл төлөвлөгөөгөөр ногоон бүсийн зуслан бүхий амууд экологийн ач холбогдолтой учраас өмчлүүлэхгүйгээр мод тарих, газар тариалан эрхлэх суурьшлын бүс болгож байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөөр ажиллах болов уу.
-Тэгэхээр иргэдэд зуслангийн газрыг нь өмчлүүлэхгүй гэсэн үг үү?
-Яригдаж байгаа байх. Зуслангийн бүсэд 25 мянган өрх бий. Тэдний тал хувь нь Ойн тухай, Усны тухай хууль зөрчин, төв зам дагуу, өндөр хүчдэлийн шугам доогуурх гэх мэт хориглосон газруудад байшингаа барьсан байдаг. Энэ асуудлыг цэгцэлсний дараа л өмчлүүлэх эсэхийг нь ярина. Энэ сарын 7-ноос нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийн зөрчил ихтэй ногоон бүсэд ажиллаж байна. Ажлын хэсгийн зөвлөмж гарсны дараа л яах эсэх нь тодорхой болох байх.