Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Амарбаясгалан: Ихэвчлэн эмэгтэй оюутнууд ажил хийх хүсэлтээ илэрхийлдэг


Оюутан сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн талаар Нийслэлийн хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Н.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Сүүлийн үед оюутнууд зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөхийг чухалчилж ажил хийдэг болж. Харин олдоц нь хэр байдаг юм бол?
-Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хувь хүн, албан байгууллагуудаас оюутны цагийн болоод гэрээт ажлын байрны санал их ирдэг. Тухайн албан байгууллага ямар ажлын байранд хэчнээн хүн шаардлагатай мэдээллээ ирүүлсний үндсэн дээр манайх оюутан залуустай холбож өгдөг. Ихэвчлэн худалдаа үйлчилгээ, сурталчилгааны ажил байдаг л даа. Сүүлийн үед “Сүү” ХК, “Витафит”, “Монфрэш”, “Мон Лаа” болон цэвэр ус, талх нарийн боов, бууз баншны үйлдвэр ажлын байрны саналаа ирүүлж байна. Ихэнх нь туслах чанарын ажил байдаг. Мөн заавал цагийн гэхгүйгээр амралтын гурван сарынх нь хугацаанд гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллуулах боломжтой ажлын санал ч ирдэг.

-Нийт хэчнээн компани, албан байгууллагаас ямар ажил мэргэжлийн саналууд ирдэг вэ?
-Тэд гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл, харилцан адилгүй. Ман айд цагийн ажил хийнэ гэж бүртгүүлсэн оюутнуудын сонирхсон ажлын захиалга ирсэн тохиолдолд утсаар мэдэгдэн зуучилж өгдөг.

-Одоогоор танайд бүртгэлтэй хэчнээн оюутан байна?
-Он гарсаар мянга гаруй оюутан бүртгүүлсэн. Үүнээс 700 гаруй нь цагийн болоод байнгын ажлын байртай болсон.

-Цалин хөлс нь дунджаар хэд байдаг вэ?
-Дунджаар өдрийн 20 мянган төгрөг. Ерөнхийдөө 10-35 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Барилгын туслах 30-35 мянга байхад реклам сурталчилгааны ажлууд 10-20 мянган төгрөг байх жишээтэй.

-2011 оноос оюутнуудад сар бүр 70 мянган төгрөг олгодог болсон. Үүнтэй холбоотойгоор ажил эрхлэх хүсэлтэй оюутны тоо буурсан уу?
-Үгүй, ерөөсөө буураагүй. Төрөөс оюутнуудад дэмжлэг болгон сар бүр мөнгө олгож байгаа ч ажил хийх сонирхол нь буураагүй гэхэд болно.  Нэг үеэ бодвол оюутнуудын ухамсар өөр болсон шүү дээ. Ажлын санал ч их ирдэг болохоор хөдөлмөрлөж хэрэгцээтэй ном дэвтэр, хувцас, автобусны мөнгөө олъё гэх болж. Их, дээд сургуулиуд амрангуут маргааш нь олон оюутан ирж бүртгэл хийлгэсэн. Ихэвчлэн анги хамт олон, найз нөхдөөрөө ч юм уу дөрөв таваараа ирдэг юм.

-Суралцаж буй мэргэжлийнхээ дагуу ажилд орсон нь хэр байна?
-Мэргэжлийнхээ дагуу ажилд орох боломж муу. Ганц нэг архив болоод бичиг цаасны ажлын санал ирдэг. Түүнээс өөрөөр нягтлангийн чиглэлээр сурч байгаа оюутанд мэргэжлээрээ ажиллах боломж ховор. Оюутан байхдаа ажиллаж байсан тухайн албан байгууллагадаа ажилд орсон тохиолдол цөөнгүй. Зарим ажил олгогч байгууллага дөнгөж сургуулиа төгссөн оюутнуудыг ажилд авах сонирхол их байдаг л даа.

-Аль салбарын ажил мэргэжлийн захиалга илүү голчилж байна?
-Дулаан орж байгаагаас хамаарч барилгын бүх чиглэлийн туслах ажилчин эрэлт ихтэй байна. Гэвч оюутнууд барилгын ажил хийх дургүй байдаг юм. Харин худалдаа үйлчилгээний салбарт оюутныг гурван сар болон цагийн ажилтнаар авах санал их ирсэн байна. Энэ салбарын захиалга бусад салбараа бодвол байнга ирдэг.

-Нэг албан байгууллагаас хамгийн ихдээ хэдэн ажлын захиалга ирдэг юм бэ?
-Янз бүр л байна. Ганц хүн авч ажиллуулаад цаашид үндсэн ажилтнаа болгоё гэсэн нь ч байна. Тухайн ажил олгогчийн сонирхол янз бүр байдаг болохоор 30-40 хүн авъя гэсэн нь ч бий. Анги хамт олноор нь ч авч ажиллуулъя гэдэг. Ер нь, үйлдвэрүүдээс ийм санал их ирдэг.

-Танайхаар зуучлуулж ажил хийх хүсэлтэй оюутнууд ямар бичиг баримттай  ирэх ёстой вэ?
-Юуны өмнө, нэг хувь цээж зурагтай ирээд анкет бөглөж бүртгүүлнэ. Энэ нь, ямар ажлыг хэдий хэр хугацаанд, өдөрт хэдээс хэдэн цагийн хооронд хийх боломжтой эсэх талаараа бүртгэл хийлгэнэ гэсэн үг. Ингээд ирсэн захиалгуудад тохирох оюутнуудыг ажил олгогчдод зуучилж өгдөг юм.

-Эрэгтэй, эмэгтэй оюутны аль нь илүү ажил хайж байна?
-Ер нь, эмэгтэй  оюутан илүү дээ. Өнөөдөр гэхэд бүртгэлтэй оюутнуудын 60 гаруй хувь нь эмэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан