Орон сууцны ипотекийн зээлийн хүрээнд байрны үнэ нэмэгдсэн асуудлаар Барилга хот байгуулалтын яам, ШӨХТГ-аас хамтарсан мэдэгдэл хийлээ. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд бага хүүтэй зээл олгохоос гадна компаниудад эргэлтийн хөрөнгө босгох зээл гаргасан. Үүнийг 60 гаруй аж ахуйн нэгж авчээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр дуусаагүй барилгуудад үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх зээл өгөхөөр 900 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 230 тэрбумыг Монголбанк олгоод буй гэнэ. Харин одоо зээл үр дүнд хүрсэн эсэх, барилгын ажил хэрхэн үргэлжилж буйг хянах шалгалт эхлүүлсэн аж. Компаниуд үнэ нэмсэн гэх иргэдийн гомдол, мэдээлэл ирж байгаа боловч бодит байдалд тийм биш гэж БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн хэллээ. Яамны судалгааны дүнд 18 компани нэг ам.метр талбайн үнэ нэмсэн бол 18 нь үнэ ханшаа бууруулсаныг тогтоожээ. Хэдийгээр үнэ нэмэгдсэн ч зах зээлд нөлөөлөхүйц огцом өсөлт биш, 100-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна гэв. Учир нь, барилгын материалын үнэ өнгөрсөн жилийн өдий үетэй харьцуулахад тогтвортой байгаа аж. Жишээлбэл, нэг тонн цемент 130-140 мянган төгрөг, нэг тонн арматур 1.140 мянган төгрөгийн үнэтэй байна. 2013 онд барилгын салбарт нэг сая тонн цемент, 100 мянган тонн орчим арматур хэрэглэх тооцоо гарчээ. Үүнээс 660 мянган тонн цемент оруулж ирсэн бол арматурын 60 хувийг импортолсон байна.
Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай 80 ам.метр талбайд багтах орон сууцны худалдаа эрхэлж буй 56 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд судалгаа хийснээ тайлагналаа. Үр дүнд нь долоон компанийн үнэ ам.метр тутамд 100-150 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг тогтоожээ. Хэдийгээр хэвийн өсөлт боловч төрийн бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжтэй Засгийн газар цаашид хамтран ажиллахгүй гэдгийг санууллаа. Үнэ нэмсэн аж ахуйн нэгжтэй хууль эрх зүйн хүрээнд хариуцлага тооцохоор төлөвлөж буй. Мөн энэ үеэр О.Магнай гадуур тарсан зарим цуу ярианд албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, хөтөлбөр эхэлсэнээс хойш хуучин орон сууцны үнэ нэмэгдсэн гэж байгаа ч үнэндээ буурах хандлага ажиглагдсан гэлээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулж улс төржүүлсэн яриа бүгд худал. Жилд дунджаар 10 мянган орон сууц ашиглалтад орж байсан бол энэ онд гурав дахин өсч, 34 мянган орон сууц хүлээлгэн өгөх гэнэ. Ченж буюу дамлан наймаалагчдад ашиг олох ямар нэгэн боломж олдохгүй гэдгийг тэрээр сануулаад, иргэдэд зориулсан орон сууцнаас ашиг олно гэсэн бүтэхгүй санаагаа орхихыг санууллаа. Орон сууцны үнэ тогтооход төр оролцож буйг иргэд, хувийн компаниуд шүүмжлэх болсон. Гэвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд төр оролцолгүй явж ирсэнээр иргэд л хохирсон. Тиймээс оролцох зүйлдээ орж, хязгаарласан хэмжээндээ зогсч байгаа ШӨХТГ-ын дарга хариуцлагатайгаар мэдэгдсэн юм.
Ипотекийн зээл орон нутагт ч ялгаагүй журмын дагуу хэрэгжинэ гэдгийг БХБЯ-ны газрын дарга Р.Эрдэнэцэцэг хэллээ. Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажил эхлэн зарим нь талдаа оржээ. Жишээ нь, Хөвсгөл аймагт 300 орчим айлын орон сууц 2013 онд багтаж ашиглалтад орох гэнэ. Харин Монголбанкны ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулах тушаал гаргажээ. Тодруулбал, иргэд өндөр хүүтэй зээл авсан ч ганц, хоёр хоногийн зээлийн зөрчлөөс болж хүүгээ шилжүүлж чадахгүй байгаагаа Засгийн газарт гомдоллох болжээ. ХААН банкнаас жилийн 24 хувийн хүүтэй зээл авсан иргэн гурван жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүнд 20 гаруй сая төгрөг тушаажээ. Гэтэл гурван удаа зээлийн хүүг нэг өдрөөр хоцроосон нь журмын “Сүүлийн зургаан сар зээлээ хэвийн эргүүлэн төлсөн, зөрчилгүй байх” гэх заалттай зөрчилдсөн аж. Түүнчлэн энэ заалтаас хамаарч нэг сарын өмнө зээл авсан иргэн дахиад таван сарын хугацаанд өндөр хүүтэй зээлээ хугацаанд нь төлсний дараа хүүгээ бууруулах нөхцөл нь бүрдэх юм. Тиймээс ерөнхийлөгч Н.Золжаргал дээрх заалтыг хүчингүй болгожээ. Дашрамд дуулгахад, арилжааны банкуудад иргэдийн өндөр хүүтэй зээлийг найман хувьд шилжүүлэх ажилд зургаан сарын хугацаа олгосон гэнэ.