Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канад технологи, Шинэ сумын төв Хонгор нутагт сүндэрлэж байна


Ердөө ганцхан сарын хугацаанд 20 ортой, хоёр давхар эмнэлгийн барилга угсарчээ

Одоогоос хэдэн жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх “Шинэ сум” төслийн талаар ярьж байхад иргэд  итгэх нь бүү хэл тоглоом болгон өнгөрүүлж байв. Сумдыг хөгжүүлэх их бүтээн байгуулалтын энэ ажлыг тухайн үедээ иргэд сонгуулийн шоу хэмээн хүлээн авч  байсан нь саяхан. Харин энэ төсөл  сонгуулийн шоу, худал амлалт байгаагүй гэдгийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад өрнөж буй бүтээн байгуулалтын ажил бэлхнээ гэрчилнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд шаваа тавьсан  бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар бидний хэдэн сэтгүүлч, ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нарын албаны хүмүүс мөн Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын иргэд Бууцагаан, Баянлиг сумыг зорилоо.

Баянлиг суманд ердөө сарын өмнө эхэлсэн гэхэд барилгын ажил тун хурдтай явж байгаа ажээ. Биднийг очиход 20 ортой хоёр давхар эмнэлгийн барилга угсралтын явц 80 хувьтай байв. Харин ЗДТГ, 650 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын суурийг цутгаж дууссан байна. Тус суманд 20 ортой, хоёр давхар эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт заалны барилгын ажил ид өрнөж байна.

Тус сумын хувьд тэртээх социализмын үед баригдсан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан бөгөөд шинэ сумтай болох гэж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа удирдлагууд төдийгүй иргэд хэлж байсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын хөгжлийг хөдөөнөөс эхлэх бодлого, “Шинэ сум” төсөл Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжиж эхэлснээр ийнхүү нөр их бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм. Шинээр баригдаж буй сумын барилгын ажилд 250 орчим ажилтан байгаагийн 100 орчим нь орон нутгийн буюу Баянлиг сумын иргэн гэнэ. Хоёр ээлж болон 24 цагаар ажиллах ч өсч, төрсөн нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцож буйдаа нутгийн иргэд баяртай байна. Биднийг очих үеэр л гэхэд нэг хоногийн хугацаанд 20 ортой эмнэлгийн хоёр давхрын ханыг бариад, сургуулийн суурийг цутгачихсан ха­рагдсан. Шугам сүлжээний асуудлыг ерөнхийдөө шийдсэн гэнэ. Одоогийн байдлаар цагт таван тонн ус татах чадалтай гүний худгаар усны асуудлаа шийдэхээр 1.6 километр шугам сүлжээний хоолойг барьж байгуулжээ. Мөн цэвэр, бохирын цэвэрлэх байгууламжийг барихаар ч бэлтгэж байгаа юм. Үүнээс гадна 900 метрээс усаа татаж, дэд станц барьж байв. Ердөө сарын дотор барьж  буй ч “Барилгын ажлын хамгийн чухал хэсэг суурь цутгах ажил 90 гаруй хувьтай байна” гэж барилгын ажлын гүйцэтгэгч “Их модун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсэргэлэн хэллээ. Харин хоёр давхар эмнэлгийн барилгын ажил бараг дуусч байна.

Одоо засал чимэглэл, сантехникийн ажлуудыг хийх дутуу үлджээ гэхээр харагдана. Баянлиг, Бууцагаан сумдын энэхүү шинэ барилгууд Канад улсын технологийг Монгол орны орчин нөхцөлд тохируулан барьж буйгаараа онцлогтой. Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байдгаараа онцлогтой гэнэ. Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улсаар Монгол тодорсон. Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгөх ажээ. Тиймээс ч шинэ суманд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд толгой өвтгөх шаардлагагүй гэдгийг энэ үеэр Канад улсын мэргэжилтэн онцолж байв.

Шинэ бүтээн байгуулалт, шинэ ажлын байр

“Нутгийн иргэд их бүтээн байгуулалтын ажилд оролцож, үеийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Анхандаа алс хязгаар хөдөөгийн сумыг дөрөвхөн сарын хугацаанд шинэчлэн барина гэдэгт үнэндээ итгээгүй.
Харин одоо бүтээн байгуулалтынх нь ажилд гар бие оролцоод, ажлаа хугацаанд нь дуусгахаар шаргуу ажиллах залуусаа хараад удахгүй шинэ сумын төвтэй болох нь гэсэн итгэл дүүрэн байна” гэж Баянхонгор аймгийн Баянлиг сумд баригдаж буй иж бүрэн байгууламж дээр ажиллаж буй нутгийн залуус ярьж байна. “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр зөвхөн бүтээн байгуулалтын ажил өрнөөд зогсохгүй орон нутгийн иргэдийг ажлын байраар хангажээ. Хөдөө орон нутгийн иргэд ялангуяа, сумдынхны хувьд ажлын байрны асуудал “толгойны өвчин” болоод буй. Жижиг зах зээлтэй учраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлсэн ч тэр бүр амжилттай байдаггүйг энэ үеэр нутгийн иргэд ярьж байв. Тэгвэл “Шинэ сум” төсөл орон нутгийн иргэдийг түр болон тогтмол ажлын байраар хангаснаараа онцлогтой. Барилгын талбайд Баянлиг сумын 100 гаруй залуу ажиллаж байгааг дээр дурдсан. Үүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүд ажлын хувцас урлаж, өглөө, өдөр, оройн хоолыг нь хийж байгаа гэнэ. Барилгын ажилчдын өмссөн хувцас бүрийг Баянлиг сумын эмэгтэйчүүд урласан бөгөөд төсөв хөрөнгийн тодорхой хувийг сумандаа үлдээж байгаа нь сайшаалтай хэмээн тус сумын Засаг дарга С.Амарсанаа хэлж байлаа. Үүнээс гадна эмнэлэг, сургууль, тамгын газар, спорт цогцолбор ашиглалтад орсноор байнгын ажлын байр бий болох юм. Хотод их, дээд сургууль төгссөн залуу орон нутагтаа очиж, ажиллах гэхээр ажлын байргүйн бэрхшээл тулгардаг. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр энэ бэрхшээл үгүй болох юм. Их, дээд сургуулиа амжилттай төгссөн Баянлиг, Бууцагаан сумын залуус энд орон нутагтаа очиж ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй болжээ.

Сумын иргэдийн ч халуун, хүйтэн устай тохилог орон сууцтай болох боломж бүрдэж, ирээдүй хойч үе нь эрдмийн саруул танхимд суралцаж, өвчин эмгэгт нэрвэгдсэн үедээ заавал аймгийн төв, Улаанбаатарыг зорих шаард­лагагүй болж байгаа нь сайшаалтай. Тус суманд эмнэлгийн асуудал тулгамдсан гэнэ. Харин “Шинэ сум” төслийн хүрээнд баригдаж буй тус эмнэлэг ашиглалтад орсноор үзлэг, оношилгоо, мэс заслын тасаг гээд иж бүрэн цогц үйлчилгээг нутгийн иргэд авах юм байна.
Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулга: Орон нутагтаа эзэн нь болж, амьдрах боломжийг бүрдүүлнэ

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын нэг нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Шинэ сум” төсөл юм. 2013 оны төсөвт Баянхонгор аймгийн хоёр сум “Шинэ сум” төсөлд хамрагдсан. Ингээд тавдугаар сарын 3-нд тендерийн шалгаруулалт болж, тавдугаар сарын 20-ноос барилгын ажил эхэлсэн. Ажил эхэлснээс хойш сарын хугацаа өнгөрөөд байна. “Шинэ сум” төсөл сумыг цогцоор нь өөрчилнө. Баянлиг бол Улаанбаатар хотоос зайтай, говийн алслагдсан сумдын нэг.
Шинээр ашиглалтад орох Баянлиг сум бусад сумдад тохиолдох асуудлуудаа шийдэх боломжтойгоороо онцлогтой. Сумын барилгыг барьж буй канад технологийн үйлдвэр манай улсад байдаггүй юм. Тиймээс бид Хятад руу захиалга өгч, маш холоос материалаа тээвэрлэж ирж байна. Цаашид орон нутагт ийм төрлийн барилгын материалын үйлдвэрүүдийг баруун, төв, зүүн бүсүүдэд байгуулах нь зүйтэй. Ингэснээр зардлаа хэмнэнэ. Одоо тээврийн болон гаалийн татварт маш их зардал гаргаж байна. Энэхүү “Шинэ сум” төслөөрөө хот, хөдөөгийн амьдралыг ойртуулах зорил­готой. Өнөөдрийн байд­лаар манай улсын сумд 80, 90, бүр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Гэтэл дотроо бие засах газартай нэг ч барилга алга. Залуу хүмүүс ямагт сайхан амьдрал руу тэмүүлж байдаг.
Хэрвээ орчныг  нь өөрчилбөл их, дээд сургууль төгссөн залуу боловсон хүчин орон нутагтаа ажиллах боломж бүрдэнэ шүү дээ.

Ингэснээр орон нутагт тулгамдаж буй боловсон хүчин, Улаанбаатарт төвлөрсөн хүн амын нягтаршлын асуудлыг шийдэх боломж бий.

Бүтээн байгуулалтын ажил яагаад Баянлиг, Бууцагаанаас эхлэх болов

Монгол орны нийт нутгийг хамрах энэхүү төсөл чухам яагаад Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумаас эхлэх болов гэсэн асуулт олны анхаарлыг татаж буй.
 Энэ төсөл тийм ч дардан зам туулсангүй. Олон хүний эсэргүүцэлтэй тулж байж хэрэгжсэн төсөл Баянлиг, Бууцагаан сумаас эхлэх болсон нь ийм учиртай. Бууцагаан сум баруун бүсийн зангилаа нутаг. Тиймээс ч Ховд, Говь-Алтай зэрэг аймгийг зорих иргэд өнөөх яриад байсан төсөл чинь бодит байдалд ингэж хэрэгжлээ гэдгийг өөрийн нүдээр харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, цаасан дээрх төсөл хөрсөнд хэрхэн буусныг харах боломжтой. Харин Баянлиг говийн хамгийн алслагдсан сум, хүн олонтой, цаашдаа говийн бүсийн төв болон хөгжих боломжтой.
Мөн тэд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр АН-д хамгийн их итгэл үзүүлсэн гэдэг. Тиймээс ч ардчилалд итгэсэн хүмүүс ямар үр шим хүртдэгийг харуулахыг зорьжээ. Ардчиллыг сонгосон Баянлиг сумынхан өнөөдөр алдсангүй. Тэд итгэсэн, итгэснийх нь хариуд орон нутагт нь их бүтээн байгуулалт өрнөж, хөгжлийн гараа эхэлжээ.

С.Амарсанаа: Шинэ суманд амьдрах олон гэр бүлийг дуудах болно

/Баянхонгор аймгийн Баянлиг сумын Засаг дарга/
 -Хөдөө орон нутгийг хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж эхэлсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжиж байна. Манай нутгийн иргэд цаг нартай уралдан төслөө хэрэгжүүлж, энэ хоёр сумаа жишиг сум болгохоор ажиллаж байгаа.
Говь нутгийн хүн зоны амьдралд нөлөөлөх чухал зүйл болж буй “Шинэ сум” төсөл манай суманд  ажиллаж, амьдрах олон гэр бүлийг урин дуудна гэдэгт итгэлтэй байна. Ингэснээрээ  нийслэлийн хүн амын хэт нягтаршлыг сааруулж, хөдөөгийн залуусыг орон нутагтаа амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.

Р.Гэрэлбат: Баянлиг сумын иргэд түүхэн үйл явдлын гэрч боллоо

/Баянхонгор аймгийн Баянлиг сумын малзүйч/
-Манай сум Улаан­баатараас 800 км-ийн зайд оршдог, алслагдмал бүс нутаг. Тиймээс ч сумын эмнэлэг, цэцэрлэгийн барилга хэдийнэ ашиглалтын хугацаа нь дууссан. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаад үнэхээр баяртай байна. Үнэнийг хэлэхэд, хөдөөгийн хүүхдүүд крантаа онгойлгоод халуун усаа гоожуулж  авдгийг мэдэхгүй тийм орчинд өсч, торнидог. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжсэнээр ирээдүй хойч үе маань орчин үеийн тохилог сайхан орчинд сурч, боловсорч, өсч, хүмүүжих нь. Миний хувьд энэ бүтээн байгуулалтын ажил манай сумаас эхэлж байгаад их бэлгэшээдэг. Аливаа ажлын анхдагч байна гэдэг маш сайхан хэрэг. Баянлиг сумын 3500 гаруй иргэн түүхэн үйл явдлын гэрч боллоо.

П.Наранцацрал: Мянга сонсохоор нэг удаа ирээд үзэх хэрэгтэй  

/Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сум эмнэлгийн сувилагч/
-Миний хувьд Баянцагаан сумаас ирж энэ сайхан бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Өмнө нь энэ тухай сонсчихоод итгэхгүй байснаа нуугаад яах вэ. Харин өнөөдөр өөрийн нүдээр харлаа. Ёстой л мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Өнөөдөр говийн сумдын иргэд энэ бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Манай эмнэлгийн хувьд тойргийнхоо таван сумын 10 мянга гаруй иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сувилагч хүний хувьд эмнэлгийн барилгыг илүү сонирхлоо.
Үнэхээр сайхан эмнэлэг баригдаж байна. Манай сум ч гэсэн удахгүй ийм сайхан эмнэлэг, сургуультай болно гэсэн. Тэр мөчийг л тэсэн ядан хүлээж байна даа. Учир нь, хөдөөгийн бидний хувьд ашиглалтын хугацаа нь дууссан эмнэлэгт иргэдээ эмчилж байна. Мөн мэс засал хийх болоход заавал аймгийн төвөөс эмч дуудах болдог. Хэрвээ ийм эмнэлэгтэй болчихвол сумынхаа иргэдэд илүү чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ.

Ц.Баяр-Өлзий: Хүүхдүүд маань ийм сайхан сургуульд суралцах нь

/Баянхонгор аймгийн Жинст сумын иргэн/
-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр “Шинэ сум” төслийн талаар сонсчихоод сонгуулийн шоу биз дээ гэж бодоод л өнгөрч байсан. Сумдыг хөгжүүлтэл удах биз гэж бодож байснаа одоо санаад ичих шиг болж байна. Учир нь, говийн сумдад бүтээн байгуулалтын ажил өрнөтлөө хол биз гэж бодож байсан юм. Гэтэл энэ бүхэн худал, хуурмаг зүйл байгаагүй гэдгийг өөрийн нүдээр харлаа. Маш сайхан бүтээн байгуулалт өрнөж байна. Хүүхдүүд маань ийм сайхан сургууль, цэцэрлэгт суралцаж, хүмүүжинэ гэж бодохоор их сайхан санагдлаа. Дотуур байр ч баригдах юм байна. Ямартай ч, жирийн малчин хүний хувьд хүүхдүүдийнхээ сургуулийн асуудалд санаа зовохгүй байж болох нь. Манай сум ч гэсэн удахгүй ийм сайхан болох байх. Үүнээс гадна говийн иргэдийн хувьд сумын төв нь цэцэг, навч алагласан ногоон байгууламжтай болчихвол үнэхээр сайхан. Говь нутагт ч гэсэн мод, бут ургадаг юм гэдгийг харуулах ёстой.

С.Мягмарсүрэн: Манай сум ч гэсэн тун удахгүй шинэчлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

/Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг дарга/
-Манай сумын хувьд Баянхонгор аймагтай хиллэдэг говийн бүс нутаг. Алслагдсан хөдөөд ийм сайхан бүтээн байгуулалт өрнөж байгааг өөрийн биеэр ирж харлаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Монгол орны өмнө тулгамдсан цөлжилт, ажилгүйдэл, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны төвшин зэрэг олон асуудлыг энэ төсөл хэрэгжсэнээр шийдвэрлэнэ. Манай сум хурдан ийм сайхан болоосой гэж бодож байна. Хөдөөгийн иргэдийн хувьд “Шинэ сум” төслийн талаар сонсчихоод итгэхгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр хараад итгэж байгаа байх.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Баянхонгор аймагт маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ид өрнөж байна

Бууцагаан суманд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцахаар Говь-Алтай аймгийн сум тус бүрээс 20-30 хүн хүрэлцэн иржээ. “Шинэ сум”-ын төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Канад барилгын технологи хүний эрүүл мэндэд тустай, манайд хамгийн сайн зохицох, барьж байгуулахад хугацаа бага ордог, ашиглалт эдэлгээ сайтай учраас аймгийнхаа сумдыг ингэж шинэчилж байгаадаа баяртай байна. Аймагт маань хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ид өрнөж байна. Маш богино хугацаанд орчин үеийн шаардлага хангасан сумын төв байгуулж, малчин түмний маань төрийн үйлчилгээ авах боломж нээгдэж, хүүхдүүд нь стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэгт суралцана. ”

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан: Канад хауст амьдрах иргэд захиалгаа өгч эхэлсэн

Сумын төвүүд маань шинэчлэгдээд эхэллээ. Одоо дээрээс нь орчин үеийн канад хауст амьдрах хүсэлтэй иргэд захиалгаа өгч байна. Дэд бүтцийн асуудлыг нь мөн шийдээд явж байгаа. Орчин үеийн хаус, орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Бууцагаан сумын 40 гаруй иргэд захиалгаа өг­сөн. Иргэдэд өнгөрсөн до­лоо хоногт Засгийн газраас гарсан найман хувийн хүүтэй орон сууцны зээл их дэмжлэг болно гэж бодож байна. Энэхүү бүтээн байгуу­лалтын үр дүнд тус сумд шинэ технологи нэвтэрч, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хот руу шилжих их нүүдлийг сааруулах гээд олон давуу тал бий. Тиймээс ч орон нутгийн  иргэд, удирдлагууд, барилгын ажлыг гүйцэтгэгч компаниуд нэг зорилготой урам зоригтойгоор ажиллаж байна. Харин бараа материалаа татахад асуудал тулгарч буйг хэлж байсан юм. Баянхонгор аймгийн Баянлиг сум Улаанбаатар хотоос 800, Хятадын хилээс 300 км-ийн зайд оршдог учраас барилгын материалаа татахад олон хоног зарцуулах, говийн элсэрхэг газар хүнд ачаатай машин явахад элсэнд суух зэрэг бэрхшээл тулгардаг байна.

Тухайлбал, Бууцагаан сумын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа “Их модун” компанийн 10 машин өнгөрсөн өдрүүдэд хил дээр саатсанаас барилгын ажлыг хойш татах зэрэг асуудал үүссэн гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад тус компанийнхан хэлж байв. Хэдийгээр энэ мэт асуудал тулгардаг ч ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа шинэ Баянлиг сумыг байгуулж буй “Их Модун” ХХК-ийн захирал Б.Цогтсэргэлэн хэллээ. Харин бүтээн байгуулалтад саад учруулахгүйгээр ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэдгийг Х.Баттулга сайд хэлж, ажил ахицтай байгааг үнэлсэн юм. Баянхонгор аймгийг баруун бүсийн жишиг аймаг болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд тус аймгийн хамгийн алслагдмал хоёр суманд шинэ сум төслийг хэрэгжүүлж байгаа нь энэ.  Дээрх бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусна. Тулгамдсан асуудал болох бараа мате­риалын тээвэрлэлтээ шийд­чихвэл цаг хугацаандаа бүрэн ам­жих боломжтой гэсэн юм.
Эзэн­гүйдэж байгаа орон ну­тагт ажиллах амьдрах ая тухтай нөхцөл бололцоо шинэ сум төслөөр бүрдэх учиртай. Ийнхүү монгол орны хөгжлийг хө­дөөгөөс эхлүүлж, бүтээн бай­гуулалт орон нутагт өрнөж байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан