Ус, ундаа, жүүсний үйлдвэрлэгчдэд зориулсан дотоод хяналт сайжруулах сэдэвт сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгууллаа. Энэ үеэр МХЕГ-ын хүнсний үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаатай ярилцлаа.
- Энэ сургалтанд юуг онцлон хэлэлцэж байна вэ?
- Хүнсний бүтээгдэхүүний шошго, түүнд тавих шаардлаыг талаар нарийвчилж ярилаа.
- Одоо хэрэглэж байгаа хаяг шошго хэр шаардлагад нийцэж байгаа вэ?
- Шинэ хууль хэрэгжээд гурван сар болж байгаа ч зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний хаяг шошго төдийлөн шаардлага хангаж чадахгүй байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.Хууль хэрэгжихээс өмнө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж дуусаагүй байгаа, эсвэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгыг ихээр үйлдвэрлэсэн зэрэг асуудлууд байна.
- Одоо үйлдвэрлэж байгаа ус, ундаа, жүүсний чанар хэр байгаа вэ?
-Дотооддоо үйлдвэрлэж байгаа болон импортлож буй бүтээгдэхүүнүүд бүгд л тухайн стандартын чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан. Мэргэжлийн хяналтын байгууллага үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээс авч шинжилгээнд хамруулдаг тогтолцооны дагуу чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлдэггүй, мөн чанар хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад хяналт шалгалт тавьдаг.
Сургалтад оролцсон “Эм Си Эс- Кока кола” компаний чанарын хяналтын менежер Б.Пүрэвсүрэнгээс бүтээгдэхүүнийх нь талаар тодрууллаа.- “Эм Си Эс- Кока кола” компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн чанарын талаар ярихгүй юу?
- Манай компани ISO 9001, ISO22000 буюу хүнсний аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байгаагийн хувьд чанар гэдэг ойлголтыг маш өндөр түвшинд тавьж ажилладаг. Бид дэлхийд стандартчлагдсан шаардлагын дагуу хийжүүлсэн ундаа, савласан ус, жүүс, цайгаа үйлдвэрлэдэг.
- Хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилт үүсгэдэг, хүний биед муу гэж ярьдаг, энэ тухай мэргэжлийн хүний хувьд хариулт өгөөч?
-Тэр ойлголт дээр маш олон төрлийн судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Хүний ясанд кальци, фосфорын хэмжээ дутагдсанаас, мөн хүн нэг төрлийн бүтээгдэхүүнийг давамгайлж хэрэглэснээс ясны сийрэгжилт өвчин үүсдэг. Хүмүүс кока -кола ясны сийрэгжилт үүсгэдэг гэж ярьдаг. Гэвч дан ганц кока- кола биш бүх төрлийн хийжүүлсэн ундаа ижилхэн найрлагатай байдаг. Хэрэглэгчдэд зөвлөхөд нэг төрлийн бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ерөнхийдөө ясны сийрэгжилтэд нөлөөлдөг гэж яригдаад байгаа орц гэвэл фосфорын хүчил. Гэхдээ фосфорын хүчил кока коланы найрлагад орлоо гээд ясны сийрэгжилт үүсгэддэггүй, хүний ясан дахь фосфорын тэнцвэр байдал алдагдсан үед хэрэглэснээс болж үүсдэг юм.