Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Зээл олгосон компаниуд барилгын үнээ нэмбэл гэрээгээ цуцална

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй ээлжит уулзалтаа хийлээ.  “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй энэ уулзалтын үеэр сэтгүүлчид ихэвчлэн найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой асуултыг Ерөнхий сайдад тавьж байв. Ингээд тэдний зарим асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн хариулсныг уншигчдадаа хүргэе.

-Иргэд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахын тулд хашаа байшингаа барьцаанд та­вих сонирхолтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэх бо­ломжтой юу?
-Найман хувийн хүү­тэй зээл олгох журамд урьд­чилгаа төлбөрт орон сууц барь­цаалж болно гэсэн байгаа. Энэ журмыг батлаад удаа­гүй. Цаашид хэрэгжүүлэх яв­цад зохицуулаагүй, эсвэл иргэ­дийн өмнө тулгарч байгаа асуу­дал тодорхой болох байх. Шаардлагатай гэвэл я­в­цын дунд журамд өөрчлөлт оруу­лах боломжтой.
 
-Журамд зээлийн урьд­чилгааг 10-30 хувь байхаар тусгасан. Гэхдээ 10 хувь байх уу, 30 хувь байх уу гэдгийг Засгийн газар шийдэж, зөрүүг нь банкуудад олгоно гэж байсан. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Засгийн газар намраас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа 10-30 хувь нь нийгмийн зорилтод бүлгүүдэд хэд байх вэ, тэднийг хэрхэн дэмжих вэ гэдгээ тусгайлан шийднэ.  Долоо, найм, есдүгээр сард энэ чиглэлд анхаарч ажиллах юм. Тухайлбал, олон жил ажилласан хүнд зээлийн урьдчилгаанд тодорхой хөнгө­лөлт үзүүлэх боломжтой. Гэх­дээ үүнийг урьдчилан хэ­лэх боломжгүй. Засгийн га­зар ажлын хэсэг гарган ажил­лаж эхэлсэн. Одоогоор урьд­чилгаа 30 хувиа төлсөн хүн зээлд хамрагдах юм. Мөн банкуудаас 16, 17 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан хүмүүсийн зээлийг найман хувь руу шилжүүлж байгаа. 

-Найман хувийн хүүтэй зээл олгохоос өмнө орон сууцны нийлүүлэлтийг дэм­жих бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл зээл олгохтой зэрэгцээд орон сууцны ам.метрийн үнэ өмнөхөөсөө 200-300 мянган төгрөгөөр нэ­мэгд­сэн тухай мэдээлэл түгэж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Монголбанк, Барилга, хот байгуулалтын яамныхан маргааш /өнөөдөр/ энэ асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Тэд “Барилгын ком­паниудад дутуу барьсан бай­сан орон сууцаа дуусга гэж маш их хэмжээний зээл олго­лоо. Ингэж байхад та нар үнэ өсгөх юм бол гэрээгээ цуцална шүү” гэдгийг мэдэгдэх юм.
Ер нь, Засгийн газар дутуу барьсан барилгуудын ажлыг дуусгахын тулд барилгын компаниудыг дэмжиж зээл олголоо. Барилгын мате­риалын үйлдвэрлэлийг дэм­жиж энэ жил анх удаа це­мент, арматурыг урьдчилан бэлтгүүллээ. Үүний үр дүнд цемент, арматурын үнэ өсөө­гүй. Энэ мэтээр дэд бүтэц хийхэд мөнгө өгч байхад орон сууцны үнийг өсгөх юм бол тухайн компаниудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хасна. Чаддаг компаниудаар ажлаа хийлгэнэ гэсэн байр суурьтай байгаа.

-Төрийн орон сууцны корпорацыг хэзээ байгуулах вэ?
-Энэ корпорацыг ойрын үед байгуулна. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Наадмын өмнө гэхэд бай­гуулагдчих байх. Төрийн орон сууцны корпорац нь тодорхой хэмжээний газар эзэмшинэ. Тухайн газартаа барилгын компаниудад захиалга өгч барилга бариулна. Санхүү­жилтэд нь туслалцаа үзүүлэх юм. Урт хугацааны орон сууц­ны зээл олгож эхэлсэнтэй хол­боотой олон цогц асуудал үүсч байгаа. Энэ болгоныг корпорац зохицуулж, орон сууцны үнийг өсгөхгүйн тулд барилгын ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын ажил хийнэ.

-Найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй хол­бог­дуулан Нийгмийн даат­галын сангийн үйл ажил­лагааг нээлттэй, ил тод болгох шаардлагатай гэж эдийн засагч, судлаачид ярьж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Урт хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлийн эх үүсвэрийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол Нийгмийн даатгалын сан. Тиймээс энэ сангийн үйл ажиллагааг ил тод болгох нь чухал. Найман хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй холбоотой УИХ намраас Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг хэлэлцэж шинэчлэн батлах байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан