Манай нийслэлд тээврийн товчоо гэж нэг газар байв даа, бүр социализмын үед шүү дээ. Одоогийн нарны гүүрний тэнд. Хожим нь хотоос зайдуу байх ёстой гээд Амгаланд, нөгөөг нь “Драгон” төвийн тэнд байгуулсан. Хөөрхий дөө, М.Энхболд, Ц.Батбаяр нар өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд л хот хоорондын автобус зогсох ёстой, наана нь хэдэн хүн тасалбар бичих ёстой гэж байгуулсан л даа. За даа, үнэнийг хэлэхэд хотын гудамжин дахь автобусны зогсоолоос бараг долоон дор.
Хамгийн гол нь үйлчлүүлэгч хаан л юм бол хот хоорондын тээвэр үйлчилгээний төв гэдэг зорчигчдод хамгийн ойлгомжтой, амар хялбар, аятай тухтай тийм орчин бүрдүүлдэг байх ёстой. Манай хотын дарга, албан тушаалтнууд гадаадад явахдаа нийтийн тээвэр, ялангуяа хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй, тансаглаж, дэлгүүр хоршоо хэсч яваад ирдэг болохоор энэ бүхнийг үздэггүй. Ийм шинэлэг зүйл хийхийг хүсдэггүй юм байна.
Улаанбаатарын хот хоорондын тээврийн зогсоол ямар вэ
Манай Улаанбаатар хотын хот хоорондын авто вокзал гээд нэг их томоор нэрлэчихсэн тэр газар нь хэдэн автобус нь хаа хамаагүй зогсоно, үйлчлүүлэгч, үдэн гаргагчид нь ялгагдахгүй, явах автобус, үдэн гаргагчийн машин нь ялгарахгүй ёстой л холион бантан, хонь хурга нийлсэн юм шиг юм болдог доо. Нийслэл хот маань эх орныхоо зүүн төвд нь байдаг болохоор баруун чиглэлийн аймгууд руу явах Драгон зогсоол нь хамгийн их ачаалалтай. Гэтэл энэ товчоо, зогсоол нь хувийн эзэмшлийн газар түрээслээд байж байдаг. Манай төр нэг иймэрхүү. Мэдээж төр юу байхав, төрд ажиллаж байгаа хүмүүсийнх нь царай. Ухаандаа нийслэлийн тээврийн газрын дарга байсан Наранцэцэг гэж нэг хүн байв даа. Түүнийх нь мэдлэг, хэмжээ л тэр байсан байх.
Хот хоорондын зорчигч тээврийн төвийн зогсоол ямар байх ёстой вэ
Юун түрүү, аль чиглэлд зорчих, хэдэн номерийн автобус хаана хаана зогсох, хэдэн цагт хөдлөх гээд бүхнийг нарийн хуваарилаад тэр бүрийд нь хаяг адресстай болгож, үүнийгээ үйлчлүүлэгчдэд ойлгомжтой болгох ёстой юм байна. Тэгэхээр үйлчлүүлэгч хэзээ ч гэсэн “Аа тийм, Өвөрхангай явах автобус төдөн цагт хөдөлдөг. Тасалбарыг ийм дугаарын касст зардаг, автобус нь төдөн номерын зогсоолд зогсдог” гээд ойлгомжтой байдаг юмсанж. Дэлхийн аль ч улс оронд ийм л байгаа, харамсалтай нь манайд л ийм биш.
Дараагийн нэг зүйл нь хот хоорондын зорчигч тээврийн ийм газарт чиглэл бүрт явах автобус унааны зогсоол руу үдэн гаргагчдын юм уу, хот доторхи нийтийн тээврийн үйлчилгээний унаануудыг оруулдаггүй юм байна. Үүнийг манай Ховдод төрсөн Г.Мөнхбаяр юм уу, галын байцаагч Ц.Батбаяр нар яаж мэдэхэв дээ. Ингэхээр л нийтийн тээврийн автобус, үдэн гаргагч нарын машин, халтуур хийх гэсэн жолооч нарын машин холилдчихоод учир нь олдохоо больж, явах гэж байгаа хүн нь ч машин болгон руу очиж асуух болдог юм байна. Уг нь хүний төлөө гэдэг газрууд бол үүнийг хэдийнээ шийдчихсэн байдаг л даа.
Драгон хийгээд дээвэр дээрх зогсоол
Өмнө хэлсэн шиг хотын дарга нар бол гадаад улс оронд зорчихдоо тусгай машинаар зорчиж яваад ирдэг байх. Гэтэл бидний олон хүн гадаад оронд явахдаа нийтийн тээвэр, хот хоорондын тээврээр үйлчлүүлдэг. Нэгэнтээ Чех улсад явж байгаад нэг хотоос нөгөө рүү орох болж хот хоорондын автобусаар зорчсон чинь нэг хотод автобус нь томоохон худалдааны төвийн дээвэр дээр зогсдог юм байна. Тэнд нь өмнө хэлсэн шиг хаанахын автобус хаана зогсох, хэдэн цаг хэдэн минутад хөдлөх гээд хуваарьтай, шинээр суугчдын тасалбар бичих газартай юм байна. Унаа машин нь явах болоогүй, хүлээх хүмүүс цахилгаан шатаар буугаад доор нь байх дэлгүүр хоршоогоор үйлчлүүлэх боломжтой юмсанж. Харин тийшээ зөвхөн дамжин өнгөрөгч хийгээд, зорчин явагчид нь л гарахаас биш манайх шиг үдэн гаргагчид нь гээд хар мянган хүн гарчихаад архи задлаад уйлалдаж, дуудалдаад байдаггүй юм билээ.
Одоо тэгээд яах вэ
Манай Улаанбаатар шиг машин нь чихэлдээд багтахаа байсан хотод хэрвээ ухаантай, юм үзсэн МЭР байдагсан бол ийм зогсоол, буудлыг ямар нэг аргаар хийгээд байж болмоор юмсанж. Мэдээж хот доторхи үйлчилгээний автобусны зогсоолыг ямар ингэж дээвэр дээр байгуулалтай биш, харин хот хоорондын үйлчилгээний төв, паркийг ингэж яагаад зохион байгуулж болохгүй гэж. Баруун чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний төв Драгон гэхэд л хувийн эзэмшлийн үйлчилгээний төвд хэдэн өрөө, гадаа талбайг нь түрээслээд байж байдаг юм гэсэн.
Тэгэхээр хэрвээ Улаанбаатар хотод минь, баруун хэсэгт нь МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын зарчихаагүй газар үлдсэн юм бол томоохон худалдааны төв бариад дээр нь тэр хот хоорондын авто үйлчилгээний төвөө байгуулчих л даа. Яагаад болохгүй гэж. Харин байшин нь хулхи байж болохгүй л дээ. Манайхан чинь машинууд дээр нь гарах байтугай, зүгээр байж байгаад өөрөө нурдаг байшин барьдаг улс шүү дээ.
Улаанбаатар хотын авто зам, зогсоол улам бүр чихэлдэж яая гэж байхад нэг ийм шинэ зүйл хийчих л дээ, Э.Бат-Үүл дарга аа. Бид чинь алийн болгон хилийн цэргийн застав шиг, Ховдын нэг сум шиг амьдрах юм бэ.