Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүслэн болсон зуслан

Зуны налгар өдрүүдтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн амралт эхэлж буй энэ үед орон нутаг болон нийслэлийн хүүхэд багачуудаас зусланг зорих нь цөөн. Баримт дурдвал, манай улсад өсвөр насны буюу зусланд хамрагдах насны 380 мянга гаруй хүүхэд байгаагаас жилд 20-25 мянга нь л зусланд амардаг байна. Хуучин нийгмийн үеэс улбаатай 50 гаруй зуслан байсан ч өмчийн болон менежментийн хувьчлал хийж, өдгөө 30 орчим нь үлджээ. Гэхдээ эдгээрээс одоо тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь гарын арван хуруунд л багтахаар цөөхөн байна. Ер нь, зуслангийн үйл ажиллагаа улирлын чанартай болохоор ч тэр үү хөрөнгө оруулалт хийгддэггүй, зуны гурван сардаа хүлээн авсан хүүхдүүдийнхээ амрах эрхийн бичгээр хөрөнгө санхүүгээ бүрдүүлэн өнөө маргаашаа л аргацаадаг гэнэ.

Хөрөнгө оруулалт муутайгаас үнэ өртөг нь тэнгэрт хадсан гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүд зуны амралтаа зусланд өнгөрөөнө гэдэг нь  мөрөөдөл төдий. Зуслангийн хүрэлцээ муу болохоор бидний хэлдгээр арай “боломжтой” айлын хүүхдүүд ч гэсэн хамрагдах боломжоор маруухан. Нийслэлийн ногоон бүс, ойр орчмоор үйл ажиллагаа явуулж буй тоотой хэдэн зуслангийн үнийг НЗДТГ-аас тогтоодог бол улсдаа ганц гэгдэх “Найрамдал” зуслангийн үнэ өртөг хэд байхыг Сангийн яам мэддэг гэнэ. Нөгөөтэйгүүр, зуслангууд олон хүүхэд амраах зорилгоор нэг ээлжийнх нь хугацааг 7-10 хоног байхаар тогтоосон. Энэ хугацаанд хүүхдүүд амарна гэдэг юу л бол. 

“Найрамдал” зуслангийн нэг хоног нь 20-22 мянган төгрөг. Нэг ээлжийн буюу 7-10 хоног амарлаа гэхэд 120-240 мянган төгрөг төлнө. Харин бусад зуслангийн нэг ээлжийн амралт 100-150 мянган төгрөг. Жил ирэх бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өсдөг нь иргэдийн нуруун дээр хүндхэн ачаа болж байгаа. Ийм байхад хүүхдээ зусланд амруулах боломж бололцоотой айл өрх цөөхөн.

Мэдээж, зусланд амрах дургүй хүүхэд гэж үгүй биз. Зуны урт өдрүүдийг халуу шатсан их хотын дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс хол, хөдөө газар байгалийн сайханд өнгөрөөх хүсэлтэй хүүхэд, багачуудын хүслэн болсон зүйл бол зуслан гэдэг нь маргаангүй ээ.


Зуслангийн хувьчлал нэртэй хулгай

Аливаа юм бүхэн хоёр талтай байдаг. Төрийн өмчит байгууллагуудад хувьчлалт хийх нь эдийн засгийн чадавхийг сайжруулахын зэрэгцээ улсын үүрэх ачааг бага ч болов хугасалдаг сайн талтай ч саар зүйл байсаар. Манай оронд 1990 оноос хойш эрчимтэй өрнөсөн хувьчлалын үргэлжлэл нийгмийн салбарт чиглэж байгаа нь зуслангуудын хувьчлалаар илэрч байх шиг ээ. 1991 оноос өрнөсөн хувьчлал хэмээх хувьсгалын золиос болсон олон ч зүйлийн нэг нь хүүхдийн зуслан. 2002 оноос хүчээ авсан хувьчлал эхэн үедээ менежментийн нэрээр хийж байсан ч яван явсаар хожим утга нь гажиж, хувь хүний данстай болсон тохиолдол цөөнгүй ээ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд  хамаатай юм гэдэгчлэн нэгэнт хувьчлаад авсан болохоор үндсэн үүрэг статусынх нь дагуу үйл ажиллагаа явуулах үгүй нь эздийн шийдэх асуудал. Тийм ч учраас олон ч зуслан амралтын нэртэй архины газар болсон жишээ цөөнгүй.  
“Төр менежментийн хувьчлал хийсэн зуслангуудаа эргүүлэн авч, хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь сайжруулсны дараа дахин хувьчлал хийж болохгүй гэж үү” хэмээн Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд, гэр бүлийн хяналтын гэзрын дарга Х.Баавгай хэлж байв. Үнэхээр ч тийм. Нэгэнт хувьчлал хийсэн болохоор бидэнд хамаагүй мэтээр зуслангуудыг хайхрахгүй хаячихаж болохгүй мэт.

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2003 онд баталсан “Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт, хувьчлалт хийх тухай” 231 дүгээр тогтоолоор нийслэлийн ойролцоохь найман зуслангийн үйл ажиллагааг удирдах багт шилжүүлжээ. Тухайн үед нэг жил зургаан сарын хугацаатай удирдлагын гэрээ байгуулсан бөгөөд хотын мэрийн захирамжаар томилогдсон хяналтын зөвлөл 2004, 2005 онд удирдлагын гэрээний үүргийн биелэлтийг шалгаад хангалттай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Удалгүй Нийслэлийн өмч хувьчлалын комиссын хуралдаанаар зуслангуудыг удирдлагын багт нь хувьчлах асуудлыг НИТХ-д тавьж, хэлэлцүүлэн хувьчилсан боловч холбогдох хуулиудыг зөрчсөн гэнэ. Нэг ёсондоо, хувьчлалын арга хэлбэрийг зөрчин тухайн үеийн зах зээлийн үнээс хэт бага үнэ тогтоож, хувьчилжээ. Энэ нь, зуслангуудыг менежментийн гэрээгээр ажиллуулаагүйн дээр Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолд заасан “уралдаант шалгаруулалтын арга”-аар гэсэн үндэслэлд удирдлагын гэрээгээр ажиллуулсан иргэн, байгууллагад хувьчилсан зэргээр хууль зөрчсөн байдаг нь уралдаанд шалгаруулалт явуулалгүй зуслангуудыг зөвхөн тухайн үеийн удирдлагуудад бараг л бэлэглэчихсэн гэж болно. Ингэж л хүүхдийн гэсэн тодотголтой зуслангуудын тоо цөөрсөн хэрэг. Цаашид нийслэлийн ойролцоо хүүхэд багачуудад зориулсан зуслангийн тоог хороох биш харин ч нэмж, их хотын хог шороон дунд тоглох хүүхдүүдээ хэд хоног ч болтугай цэвэр агаарт амрааж, боловсрол хүмүүжилд нь анхаарах юмсан даа, БШУЯ-ныхаан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан