Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

30 гарсан хүмүүст өгөх санхүүгийн зөвлөгөө


Хүн 30 гараад ирэхээрээ гэр бүлийн зардал, зээлийн барагдуулалт, нийгмийн даатгал гэх мэт “том” хүмүүсийн асуудлын талаар нухацтай бодож үзэхээс өөр аргагүй байдалд ордог. Тиймээс ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ урд нь ийм асуудлын талаар нухацтай бодож байгаагүй шинэ үйлчлүүлэгчид зөв шийдвэр гаргах гэж нэлээд зовдог. Залуу нас нь 2000 онд таарсан, өөрөөр хэлбэл тэр жил 16-17 настай байсан залуус яг өдийд ийм асуудалтай тулгараад байгаа. Эднийг өрнөдөд “millennial” буюу “мянганыхан” гэж товчхон нэрлэдэг.
Иймд “U.S. News & World Report” сонин санхүүгийн салбарт илүү амжилттай байхын тулд мөрдөж байхад илүүдэхгүй хэдэн зөвлөгөө өгчээ. Зөвлөгөө нь өрнөдийн орнуудын уншигчдад зориулагдсан ч гэлээ дийлэнх нь манай нөхцөлд тохирохоор санагдсан болохоор уншигч танд хүргэж байна.


Эдийн засгийн хямрал өнөөдөр дээд цэгтээ хүрсэн мэт хэмнэлт хий

Хадгаламжийн тоо эдийн засгийн хямралын үед эрс нэмэгддэг. Дэлхийн эдийн засгийн 2009 оны хямрал үүнийг харуулсан. Олон орны сая сая хүн хямралын улмаас өдөр тутмын зардлаа багасгах, шинэ загварын гар утас, моодонд орсон гутал, хувцас  гэх мэт онцын шаардлагагүй зүйлс худалдан авахаас татгалзахад хүргэсэн. 30 хүрч байгаа залуус яг үүнтэй адил тактик баримтлавал зохино. Мөнгөө дэмий зүйлд үрэхгүй, хадгаламж нээж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол өөрийн санаачлагаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа сар бүр бөглүүлэх замаар тэтгэвэрт гарахдаа бэлдэж эхлэх хэрэгтэй.
Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзвэл “мянганыхан”-ны үеийн гурван хүний хоёр нь өөрсдийгөө арвич, хямагч хүн гэж үздэг бөгөөд хямагч хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байжээ. Үүнтэй зэрэгцээд су­далгаанд оролцогчдын ердөө тал нь хадгаламжтай эсвэл нас 30 гармагцаа хадгаламжтай болно гэсэн тооцоотой явдаг аж. Өдийг хүртэл хадгаламжтай болоогүйн шалтгаан нь хангалттай мөнгө байдаггүй гэнэ.
Ямартай ч “мянганыхан” хүү хэлбэрээр ашиг олж эхлэхийн тулд хадгаламж нээх  хэрэгтэй. Хадгаламжиндаа мөнгөтэй байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өмнөө тавьсан урт хугацааны зорилгодоо хүрэхэд ихээхэн дэм болж өгдөг.

Санхүүгийн зах зээлийг судал

“Мянганыхан” эрийн цээнд хүрч байх тэр үед дийлэнх орнуудад үл хөдлөх хөрөнгийн зээлийн салбар хямралд орж, мөнгө өсгөх олон янзын компаниуд сүр дуулиан ихтэйгээр дампуурч байсан. Тиймээс энэ үеийнхэн санхүүгийн зах зээл дээр гарч байгаа элдэв зүйлд итгэл муутай байдаг. Гэтэл ийм үл итгэсэн байдал нь “мянганыхан”-ыг  урт хугацааны  хөрөнгө оруулалтаас  огт ашиг олдоггүй гэсэн байдалд оруулж магадгүй юм.
Манай улсын хувьд хадгаламж зээлийн хоршоод дампуурч, санхүүгийн олон тооны сүлжээ нуран унаж байсан үе. Тиймээс эцэг, эх, гэр бүлийн дотны хүмүүсийн жишгийг дагаад энэ мэт санхүүгийн байгууллагуудад итгэхээ байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Ийм нөхцөлд санхүүгийн урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг сайн судлаж үзэх хэрэгтэй. Жишээлэхэд, хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдан авч болж байна. Брокерийн пүүсээр дамжуулж. Сайн судлах хэрэгтэй.

Оюутны Сургалтын зээлийн талаар санаа зовох хэрэггүй

Оюутны зээлийг бараг­дуулах нь өрнөдийн орнуу­дын “мянганыхан”-ны  са­нааг зо­воодог гол зүйл. Судал­гаанаас үзвэл энэ зээлийн та­лаар санаа зовдог хүмүүс үеийнх­нийхээ  42 хувийг эзэлж байгаа нь их өндөр үзүүлэлт юм.
Манайхны хувьд ядаж л төрийн албан хаагчдын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даадаг болохоор ийм асуудалтай тэр бүр тулгараад байдаггүй. Гол нь санаа зовж шаналлаа гээд төлбөр барагдахгүй болохоор энд өгөгдсөн зөвлөгөөг даган идэвхтэй ажиллахад асуудал аяндаа шийдэгдэнэ.

Болзооны үеэр санхүүгийн асуудлын талаар ярилцаж бай

Гэхдээ энэ зөвлөгөөг да­гаад анхны болзооны үеэр шууд ярилцаад эхлэх нь хэт­рүү­лэг болох биз. Тиймээс да­хин дахин уулздаг нэг нэгнээ таньдаг, харьцангуй удаан хугацаанд хамтран амьдрах төлөвтэй байгаа бол ирээдүйн хамтран амьдрагчтайгаа сан­хүү, зээлийн талаар илэн да­лан­гуй ярилцаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Суух гэж байгаа хүнийхээ өр, зээл, санхүү, зээл авах боломжийн талаар гэрлэхээсээ өмнө мэдэж авсан байхад илүүдэх зүйл огт байхгүй. Яах гэж гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Өр ихтэй эсвэл зээл авах боломжгүй байх нь банкны урт хугацаатай санхүүжилтээр байр, машин авах гэх мэт гэр бүлийн хэтийн  төлөвлөгөөг  хэрэгжүүлэхэд саад болж болзошгүй юм.

Шинэ диплом бус ажил хай

Давхар дээд мэргэжил, их сур­гуулийн  боловсрол эзэм­ших нь зарим тохиолдолд үнэ­хээр хэрэгтэй байдаг. Гэхдээ ажил олоход хүндрэлтэй байна гэсэн ганцхан шалтгааны ул­маас дахин дээд сургуульд су­рах буруу гэдгийг санхүүгийн зөв­лөгөө өгөгчид анхааруулж  бай­на. Дахин дээд сургуульд сур­на гэдэг өр нэмэгдэнэ гэ­сэн үг. Тэгэхээр ажил дээрээ ал­бан тушаал ахих, дээшлэхэд л шаардлагагүй бол хоёр дахь диплом авна гэдэг үргүй зар­дал болно. Үүний оронд бо­ломжийн цалинтай ажил хий.

0 Сэтгэгдэл
Estoi chig.Bi yag ingej bododog yum ba.
Хамгийн их уншсан