Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Жавзмаа: Т-Батаарын үзэсгэлэн манай музейн зөвхөн нэг хэсэг нь


“Үлэг гүрвэлийн төв музей”-н захирал Н.Жавзмаатай ярилцлаа.

-Манайхан Т-Батаарын үзэс­гэлэнг идэвхтэй үзэж байна гэсэн. Магадгүй, энэ дуулиан шуугианаас нь үүдсэн байж болох юм. Одоо­гоор хэдэн хүн үзээд байна вэ?
-Монголчууд эх оронч сэтгэлгээтэй. Энэ удаагийн Сүхбаатарын талбайд гарч буй Т-Батаарын үзэсгэлэн “Үлэг гүрвэлийн төв музей”-н нэг хэсэг нь шүү дээ. Гэхдээ яахав, жил гаруйн хугацаанд Батаарын талаархи мэдээллийг манайхан сайн авсан. Энэ нь ч нөлөөлсөн болохоор үзэсгэлэнг үзэх хүлээлт үүссэн байж болох. Тэгэхээр манайд хамгийн томд тооцогддог Байгалийн түүхийн музейн бүтэн жилийн үзэгчдийн тоо 77 мянган хүн байдаг. Гэтэл “Би гэртээ ирлээ” үзэсгэлэн есхөн өдрийн дотор 127160 хүн үзсэн гэсэн тоо гарлаа. Энэ нь, монголчууд эртнээс өв соёлоо хайрлаж ирсэн. Гэсэн хэдий ч 70 гаруй жилийн хугацаанд социализмын үзэл сурталд автан үндэсний өв соёлоо гэх эх оронч байдал алдагдсан ч сэргэсэн гэдгийн баталгаа. Бидний дэлхийд гайхуулах, таниулах зүйл маань палентеологийн олдвор, нүүдэлчин өв соёл. Гадаадад хууль бусаар гарсан олон өв соёл маань эхнээсээ буцан ирж байна. Мөн Т-Батаарыг буцаан авахад бидэнд тусалсан өмгөөлөгч, араг ясыг Монголын говиос олдсон гэдгийг нь баталсан эрдэмтэн хоёрт Алтан гадас одон гардуулсан. Энэ шагналыг арай багадсан юм биш үү ч гэх хүмүүс байгаа. Гэхдээ энэ бол гадаадын хүмүүст өгдөг манай хамгийн том шагнал юм билээ. Бид бахархах зүйлтэй боллоо.

-Бахархах зүйл улам л нэмэгдээд байна. “Үлэг гүрвэлийн төв музей” маань байртай болчихсон шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Бид шүүх хур­лаар Лениний музейн бай­рыг МАН-аас авлаа. Тун удахгүй засварын ажлаа хийх гэж байна.

-Гадаад зөшөөрөлтэй, зөв­­­шөөрөлгүй олон үзмэр, олд­вор гарсан шүү дээ. Зөвшөөрөлгүйг нь хэр­хэн татах туршлагатай бол­чих­лоо. Зөвшөөрөлтэй үзмэ­рүүдээ татах ажил хийж байна уу?
-Манай музейн гол зорилго эртний олдворуудаа гадаадын үзэсгэлэнд явуулахаасаа илүү эх орондоо байлгаж, жуулчдыг татах. Гэхдээ улсын төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлж чадахуйц мөнгөн дүн санал болгосон олон улсын үзэсгэлэнд найдвартай гэрээ хэлэлцэл хийсний дагуу үзмэрээ явуулж болно. Одоогоор зүүн болон баруун Европын орнууд, Солонгос, Япон зэрэг оронд манай олон үзмэр байгаа. Тэр үзмэрүүдээ нааш, татах ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг ССАЖЯ-наас онцгой анхаарч байгаа.

-Т-Батаар маань одоо­гийн үзэсгэлэнгээс өөрийн байрандаа шилжих нь. Хэ­дий болтол Сүхбаатарын талбай дээрх үзэсгэлэнгийн тан­химд байлгахаар төлөв­лөсөн бэ?
-Бидний анхны төлөвлөгөө ёсоор есдүгээр сарын 15-ныг хүртэл Сүхбаатарын талбайд “Үлэг гүрвэлийн түр музей” байрлах байгаа. Гэхдээ палеонтологийн олдворыг хадгалах нарийн горим гэж байдаг. Т-Батаарын араг яс маш олон жил газрын гүнд вакум орчинд байсан учраас амархан устах аюултай. Тиймээс аль болох хурдан өөрийн байраа засаад Т-Батаараа шилжүүлнэ.

-Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг “Үлэг гүрвэлийн төв музей”-д шилжүүлэх тогтоол гарсан шүү дээ. Тэгэхээр маш хур­дан үзмэрээ бүрдүүлж болох нь?
-Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн үзмэр болон хоёр үзмэр харагч, палеонтологийн төв лабораторид хадгалж байгаа олдворууд манай музейд ирэх ёстой.

-Саяхан Гаалийн газраас Т-Батаарын бүртгэлийг хийж Монголын өмч албан ёсоор болоход танай музей ч мөн бүртгэлээ хийсэн. Өөр бусад үзмэрээ бүртгэх ажил хэр явж байна?
-Манайх бүртгэл мэдээл­лийн санч, сан хөмрөг ч гээд мэдлэгтэй мэргэжилтнүүд авсан. Ирэх сарын дунд хүр­тэл Т-Батаараа иргэдэд үзүүлнэ. Түүнээс хойш нэмэлт хэрэгцээтэй хүмүүсийг нэмж аваад үзмэрүүдээ хүлээн авна. ССАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг үзмэрээ хүлээж авах бэлтгэлээ хийж дууссан. Палеонтологийн төвд ч албан тоотоо өгсөн.

-“Үлэмж биетний өргөө” гээд үлэг гүрвэлийн музей болон Өмнөговь аймагт байгуулах палеонтологийн музейг танай музейн сан хөмрөгөөс баяжуулах уу?
-Манайх бол төв музей нь. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Оюунгэрэл сайд надад тушаалаа гардуулахдаа “Та ээж музейн захирал боллоо шүү. Хэр зэрэг сайн хүүхдүүд төрүүлнэ, тэр хэрээр музей хөгжинө” гэсэн. Манай музейн ажилчид дараагийн музейн захирлууд болно гэж ойлгож байгаа.

-Манайд музейн ажилтан дутмаг л даа. Мэргэжилтнээ хэрхэн бэлтгэж байна?
-Манайхан түүхийн шинжлэх ухааныг палеонтоло­гитой хольж ойлгоод байна. Түүхийн шинж­лэх ухаан хүнтэй холбоо­той. Харин палеон­тологи бол геологи, биологийн шинжлэх ухаан байхгүй юу. Эртний ургамал, амьтныг судалдаг нь биологийн шинж­лэх ухаан. Тэгэхээр биологич хүн л манай музейд ажиллах боломжтой гэсэн үг. Харин он цагийн тооллыг сайн мэддэг байх хэрэгтэй. Боловсон хүчин дутагдсан юмгүй.

-Эртний палеонтологийн олдвор манай нутгаас бүтнээрээ шахуу олддог. Т-Батаарын хувьд хэдэн хувьтай олдсон юм бэ?
-Батаар 75 хувьтай олдсон. 25 хувийг нь орлуулсан гэсэн үг л дээ. Манай говиос эртний олдворыг зөвхөн багсаар шүүрдэж гаргаж ирдэг. Харин АНУ-ын газар нутгаас олддог олдворууд өндөр уулын оройд, хадан завсар хавчуулагдсан байдалтай олддог гэсэн.

-Байгалийн түүхийн музейд ажилладаг байхдаа мэрэгч амьтны үзмэр хийнэ гэж ярьж байсан. Одоо өөрийнхөө толгойлсон музейд ч гэсэн юу хийхээ бодсон байх?
-Музейн үзмэрийн төлөв­лөлтөө боловсруулж бай­на. Музейн зохион бай­гуулал­таа ямар ч байсан он тооллын дагуу хийнэ гэж төлөвлөсөн. Төв музей учраас он тоолол чухал байх. Байрандаа орохдоо музейн эрдмийн зөвлөлөө байгуулан хүмүүсийн санаа бодлыг ч сонсоно.

-Таны хувьд Байгалийн түүхийн музейн барилгыг нураах нь буруу гэж үзэж байсан ажилтнуудын нэг шүү дээ?
-Үнэндээ нас чацуу Санхүү эдийн засгийн сургуулийн барилга нураад уначихаагүй л байна. Гэтэл мэргэжлийн байгууллага нь хяналт шалгалтын дагуу нураахаар болчихлоо. Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ цагт яагаад гэнэт хааж буйг сайн ойлгоогүй. 60 гаруй жилийн настай барилга аялал жуулчлалын гурван сарыг даалгүй арай ч нурахгүй л байсан байх. Гэхдээ нэгэнт гаргасан шийдвэрт чи, бид хоёр нөлөөлж чадахгүй шүү дээ.

0 Сэтгэгдэл
Ajliin amjilt husie.evropod garsan nugasan hoshuutaa avchraarai
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан