АТГ-ынхны шалгаж буй зарим албан тушаалтанд холбогдох хэргийн талаар тус газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбаттай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Х.Наранхүүтэй холбоотой хэрэг юу болсон бэ?
-УИХ-ын гишүүн байсан Х.Наранхүүд холбогдох Монгол Израйлын хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой зургаан тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байна. Мөрдөн байцаалт дуусах болоогүй. Прокурор нэмэлт шалгалт хийх даалгавар өгсөн. Энэ дагуу шалгалтаа үргэлжлүүлж байгаа. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа үргэлжлүүлж байна. Энэ хэрэгт холбоотойгоор Н.Энхтуяа, Б.Хуяг, Т.Билэгт нарыг интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байгаа. Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан учир Интерполын үндэсний товчооноос дахин тодорхой мэдээлэл хэрэгтэй байна гэж бидэнд хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг явууллаа.
-Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргас учраас хэргийн мөрдөн байцаалтын ажил удаашрах нь гэж ойлгож болох уу. АНУ түүний хүсэлтийг хүлээж авсан тохиолдолд яах вэ?
-Мэдээж, хэргийн шалгах явц удааширна. Асуудал цаашид яаж өрнөхийг мэдэхгүй байна. Тэр хүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тухайн улсын дотоод асуудал.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан гэсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг ямар үндэслэлээр шалгуулахыг хүссэн юм бол?
-Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж амины хоёр орон сууц бариулсан байна. Ямар хөрөнгийн эх үүсвэрээр бариулсныг шалгаж өгөөч гэсэн. УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгахаар хуульчилсан. Тухайн асуудлыг шалгаад хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой. Тийм учраас энэ асуудлыг Ёс зүйн дэд хороонд тавих нь зүйтэй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энержи Ресурс” компанийн Зайсан дахь орон сууцны хотхонд түрээсийн байранд үнэ төлбөргүй амьдардаг гэж мэдүүлсэн. Энэ асуудлыг дахин шалгахыг хүссэн. ҮХАА-н сайд Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа энэ асуудлыг шалгуулахыг хүсч манай байгууллагад хандсан шүү дээ. Тухайн үед бид энэ асуудлыг шалгаад “Энержи ресурс” компанид ашигт малтмалын үйл ажиллагаатай нь холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг прокурор хүчингүй болгосон. Тэгэхээр энэ асуудал бүхэлдээ хүчингүй болсон учир УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүсэлтээр АТГ хэргийг сэргээн шалгах боломжгүй. Тиймээс энэ асуудлаар прокурорт хандах ёстой. Гуравдугаарт, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн талаар Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай гэсэн. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед Солонгосын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Холбооны мэдээллийн сүлжээний төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хөрөнгийн зарцуулалтын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэхдээ одоогоор энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сэжигтнээр татаагүй.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шалгуулахаар МҮЭХ-ны салбар хорооныхон танайд хандсан байгаа. Энэ асуудлын тухайд?
-МҮЭХ-ны салбар үйлдвэрчний эвлэлийн удирдлага МҮЭХ-ны Тээвэр үйлчилгээний төв, Төв зөвлөлийн авто баазын газарт орон сууц барьж, МҮЭХ-нд ажиллагсдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахдаа МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Амгаланбаатар нар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж гомдол ирүүлсэн. Ирүүлсэн баримт материалын хүрээнд гомдлыг хянаж байна.
-Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг хорьж шалгаж байгаа. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн хэрэг юу болсон бэ?
-Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Холбогдсон хэргийн талаар одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан байсан М.Очирхуягийн хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн. Түүнийг 2009-2010 онд тус аймагт зарласан тендерүүдийг хууль бусаар явуулсан гэж буруутгаж байгаа юм.
-ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үнэн үү?
-Өмнөговь аймгийн нисэх буудлын онгоц буух зурвасын өргөтгөлтэй холбоотой ажлын талаар шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хохирол учраагүй, зохих ажлыг гүйцэтгэсэн байна гэж үзсэн.