АТГ-ынхан ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт эрүүгийн хэрэг үүсгэхээр Нийслэлийн прокурорт хандсан боловч хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс тус газрынхан прокурорт дахин гомдол гаргасан байна.
Парламент дахь сөрөг хүчнийхэн “Эрдэнэс Таван Толгой” компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн “Говь повер” компани хууль бусаар ялсан тухай мэдээллийг сөхөж, улмаар энэ асуудлыг шалгаж өгөхийг хүсэн АТГ-т хандсан юм.
“Говь повер” компани Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Г.Уянгын нэр дээр байдаг. Ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай байсан энэ компанийг нэг л өдрийн дотор тэрбум төгрөгийн дүрмийн сантай болгож, долоо хоногийн дараа 17 тэрбумын дээрх тендерт ялсан нь анхаарал татаж буйг ч сөрөг хүчнийхэн мэдэгдэж, шүүмжилж байлаа.
АТГ-ынхан ч энэ асуудлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй байна гэж үзжээ. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Гэтэл прокурор тэдний цуглуулсан баримт материалыг хянаад “Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна” гэсэн хариу өгчээ. “Говь повер” компанийг хууль бусаар тендерт шалгаруулсан нотлох баримтууд байсаар байтал улайм цайм “Энэ бол эрүүгийн хэрэг биш байна” гэж хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байна. Нөгөө талаар прокурор ийм шийдвэр гаргахад тухайн үед ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэн нөлөөлсөн байх гэж хардахад ч хүргэж байна.
АТГ-ынхны шалгалтаар “Говь повер” компанийг бусдаас худалдан авч, Г.Уянгын нэр дээр шилжүүлсэн тодорхой болжээ. Энэ компанийн эзэмшлийн эд хөрөнгө, объект зэргийг нэг өдрийн дотор үнэлгээний компаниар үнэлүүлсэн гэнэ. Үнэлгээ хийхдээ тухайн компани газар дээр нь очиж “Говь повер” компанийн эд хөрөнгө, объектыг бодитоор үнэлээгүй. Гэсэн ч тэрбум төгрөгөөр үнэлэх хөрөнгөтэй гэж худал үнэлгээ бичсэнээр “Эрдэнэс Таван Толгой” компаниас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг тодруулах тендерт оролцогчдод тавьсан “Тендерт оролцогч компани тэрбумаас доошгүй хөрөнгөтэй байх” гэсэн шалгуурыг хангажээ. Мөн тендерт оролцогч аж ахуйн нэгж “Сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбум төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх ёстой” гэсэн шаардлагыг ч “Говь повер” компани хангаагүй байсан гэнэ. Татварын байгууллагад гаргаж өгсөн компанийн тайлангаас нь үзэхэд энэ шалгуурыг хангах нь битгий хэл, алдагдалтай ажилладаг байж. Гэтэл ийм компанийг “Эрдэнэс Таван Толгой” компанийн Тендерийн үнэлгээний хороо шалгаруулсан нь ч анхаарал татаж байгаа юм. Түүнчлэн тендерт оролцогч аж ахуйн нэгж зайлшгүй гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний газар эзэмшиж байх ёстой гэсэн шаардлага ч тавьжээ.
“Эрдэнэс Таван Толгой” компанийн Тендерийн үнэлгээний хороо сонгон шалгаруулалт явуулахдаа арван аж ахуйн нэгжид тендерт оролцох урилга хүргүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжийн найм нь газаргүй, хоёр нь л гаалийн хяналтын бүсэд газар эзэмшдэг байжээ. Тэрний нэг нь “Говь повер”. Дээрх мэтээр тендер шалгаруулалт анхнаасаа хууль бусаар явагдсан нь баримтаар тогтоогдсон гэдгийг АТГ-ынхан хэлж байв. Цаашид мөрдөн байцаалтаар сонгон шалгаруулалт хэрхэн, яаж явсан юм бэ, Тендерийн үнэлгээний хороо яаж ажилласныг тогтоох шаардлагатай байгаа учир АТГ-ынхан дахин прокурорт гомдол гаргажээ.