Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тоглож байгаад амиа үрэх хэрэг үү

Японы Осака хотод 2007 оны зургадугаар сард Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн  галзуу хулгана тоглоом эвдэрч нэг гэр бүл, жирэмсэн эх амиа алдсан гэх эмгэнэлтэй мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж байсныг хүмүүс мартаагүй л болов уу. Энэ ослоос болж тус паркийн үйл ажиллагааг бүтэн сараар хааж, бүх тоглоомд техникийн үзлэг дахин хийсэн юм. Түүнээс хойш Осакагийн парк техникийн аюулгүй ажиллагаандаа онцгой хяналт тавьдаг болжээ. Өдөр бүр ажил эхлэхийн өмнө тоглоомын бүрэн бүтэн байдлыг шалгадаг болсон гэдэг.
Харин манайд ийм эмгэнэлт аюул ойрхон байна гэдгийг саяхан үндэсний соёл амралтын хүрээлэнд гарсан гэмтэл санууллаа. Уржигдар тус хүрээлэн дэх “Сансарын хөлөг” нэртэй тоглоом ажиллаж байхдаа гинж нь тасарч, удирдлагагүй болсноос дотор нь тоглож байсан хүмүүсийг нэлээд сандралд оруулсан талаархи мэдээ цахим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан юм. Аз таарч тоглож байсан хүмүүс бэртээгүй ч, тоглоомын хурд нь саарч, өөрөө зогсох хүртэл хэн ч зогсоож чадахгүй байсан гэнэ. Энэ талаар паркийн инженерээс тодруулахад “Унадаг дугуйг унаж явахад гинж нь тасардаг биз дээ. Тийм л юм болсон. Ноцтой юм огт болоогүй. Тоглоомыг янзлаад хэвийн байдалд нь оруулсан” гэлээ. Унадаг дугуй эрчтэй давхиж байхад гинж нь тасарвал жолоодлогоо алдаж, урдаа байгаа юмыг мөргөх, бэртэх аюултай. Хамгийн багадаа л хөл шалбардагийг унадаг дугуй унаж өссөн хүүхдүүд мэдэх биз. Гэтэл болзошгүй аюулыг тооцолгүй ингэж хариулна гэдэг ажилдаа хөнгөн хуумгай ханддагийн жишээ. Хэрэв тоглоом дээр сууж байсан хэн нэг нь эндсэн бол хэн хариуцлагыг нь үүрэх ёстой байсныг тааварлах гээд үзлээ. Хүүхдүүдийг хэрхэн шулж болох талаар бодлого боловсруулж таксаа 20 мянгад хүргээд бүтэлгүйтсэн паркийнхан уу, газрынх нь эзэн болж суучихаад өгөхгүй байгаа нөгөө том компанийн эзэд үү...
Шведийн Готенберг хотын үндэсний соёл амралтын хүрээлэнд 2008 оны үед яг манайд тохиолдсон шиг хоёр тийш савладаг тоглоом эвдэрч, тоглож байсан 20 орчим хүн бэртсэн юм. Тоглогчид гурван метрийн өндрөөс унасан гэж тухайн үед мэдээллэж байв. Тэгэхээр манай “Сансарын хөлөг”-т суун тоглож байсан хүмүүс ч ийм аюулын хажуугаар маш ойрхон өнгөрсөн гэдгийг бодит байдал нотоллоо.
Хэдэн жилийн өмнө байсан бүх тоглоомоо аймгууд руу явуулчихаад урд хөршид захиалан хийлгүүлсэн тоглоомууд нь одоо л чанараа таниулж байх шиг. Тал талаас нь хумслаад жаахан болсон газар дээрээ хэдэн хятад тоглоом суурилуулаад түүнийгээ Үндэсний соёл амралтын хүрээлэн гээд нэрэлчихсэн эрхмүүд энэ явдал байтугай, хүний амь эрсдэх хэмжээнд хүрсэн тоглоомноосоо ч ичихгүй байгаа бололтой.
Үнэндээ паркийн хэдэн тоглоом бүгд л хүний “толгойг эргүүлэх” зориулалттай. Тав зургаан настай жаалуудын суудаг дельфин хүртэл суунгуут л эргэлдэж өгнө. Орчин үеийн хүүхдийн тоглоом бүгд ийм болсон юм уу гэтэл үгүй ээ. Суудалд нь бэхэлж байгаад үсэргэдэг тоглоом Ялалтын болон циркийн өмнөх талбайд байрлуулсан байна билээ. Энэ тоглоом “Мах jump” буюу оргилд хүрэх гэсэн утга бүхий нэртэй. Үсэрч харайх нь угаас хүүхэд бүрийн хобби. Тоглоомон машин унуулж, мөнгө “цохидог” бизнес ч хаа сайгүй цэцэглэсэн. Тийм байтал заавал “толгой эргүүлэх” зориулалттайг нь манайхан яагаад сонгож захиалдаг юм бол гэдэг бас л асуулт. Толгойгоо эргүүлж, сэгсчүүлж тоглож байгаад амиа золих хэрэг үү. Тоглоомнуудад суухад аюулгүй гэх баталгааг хаанаас авах вэ. Үүдээр ороход авдаг 1000, тоглоомны үнэ 4000 төгрөгт чинь бидний амь насны даатгал багтаж байгаа юу...

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан