Үргэлж л үдэшлэг цэнгээн хэсч явдгаараа алдартай “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон өөрийнх нь тухай олны буруугаар бодож явдаг ойлголтуудыг няцааж дараахь сонирхолтой ярилцлагыг “People” сэтгүүлд өгчээ.
-Гэрэл зурагчид, паппарацууд яагаад таныг өдөр шөнөгүй дагаад байдаг юм бол?
-Мэдэхгүй ээ. Би өөрийнхөөрөө л амьдарч байна. Харин тэд өөрсдийнхөө ажлыг л хийж байгаа нь тэр байх.
-Та мэдээж тэдэн рүү утасдаад би тэнд байна, хүрээд ир гэдэггүй байх л даа. Гэхдээ таны очсон газар бүрийг тэд алдалгүй дагадаг нь гайхалтай шүү?
-Өглөө босоод гадагш гарахаас эхлээд орой гэртээ харих хүртэл тэд намайг дагадаг шүү.
-Хэзээнээс тэд таныг дагах болсон юм бэ?
-Нью-Йоркт нүүж ирсэн цагаас хойш. Тэр үед би 16-тай, дөнгөж загвар өмсч эхэлж байлаа.
-Тэр үед хэвлэлийнхний энэ их анхаарлыг яаж хүлээж авдаг байсан бэ? Дарамттай санагддаг байгаагүй юу?
-Тэр үед жаахан охин байсан болохоор хэвлэлд гарсан цуу яриа бүрийг маш эмзгээр хүлээж авдаг байсан. Ээж рүүгээ утасдаж уйлаад л. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхнийг тоохоо больсон. Амьдралд сайхан зүйл өчнөөн байхад заавал тэр муухай талыг нь бодож, өөрийгөө шаналгах хэрэг юу байна. Тэгээд ч шоу бизнесийн салбарт орсон л бол “надад хувийн амьдралын нууц гэж байхгүй” гэсэн гэрээнд гарын үсэг зурсантай ялгаагүй шүү дээ.
-Та өөрийгөө эгэл жирийн хүн гэж боддог уу?
-Би энгийн л нэг бүсгүй. Бусадтай л адил. Надад хүнээс гажууд зүйл нэг ч байхгүй. -Гэхдээ та бусад одоос өөр. Та камерт өртөх дуртай, хүмүүсийн анхаарлын төвд байхыг хичээдэг, тийм үү?
-Юу гээч, зарим алдартнууд гэрэл зурагчин, паппарацуудтай маш муухай харьцдаг. Тэдэн рүү барьж явсан юмаа шидлээд л, эсвэл дунд хуруугаа ч гаргаж байх шиг. Энэ чинь бүдүүлэг шүү дээ. Би зүгээр л өөрийнхөө амьдралаар амьдарч байна. Харин тэд ажлаа хийж л байг. Надад хамаагүй.
-Тэгэхээр таныг паппарацад дуртай гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ, энэ бол тэдэнд дуртай гэсэн үг биш. Би зүгээр л тэдэнтэй муухай харьцахыг хүсдэггүй. Тэд чинь амьдрах гэж л яваа хүмүүс шүү дээ.
-Та согтуугаар, бас жолоо барих эрхгүй үедээ машин жолоодож яваад шоронд орсон удаатай. Энэ явдлын дараа та өөрийгөө огт өөр хүн болсон гэдэг. Та чухам ямар хүн болж өөрчлөгдсөн бэ?
-Шорон намайг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Юм бүхэн учиртай. Бурхан яах ёстойг минь надад тохиолдож буй явдлаар хэлж зааж өгдөг гэж би боддог. Шоронд орсноор миний амьдралд юу чухал болохыг, би хэн бэ гэдгээ ухарсан. Амьдралыг цоо шинээр хардаг болсон.
-Шоронд юу хийж цагийг өнгөрүүлдэг байв?
-Юм уншиж л өдөр хоногийг өнгөрөөсөн дөө. Дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчдээс маань захидал ирсэн. Би тэднийг уншаад, уйлаад л суудаг байв.
-Үгүй байлгүй дээ. Парис уйлаад сууж байсан гэж үү?
-Тэр захидлууд миний хувьд маш чухал, үнэ цэнэтэй зүйлүүд байсан. Би тэндээс л эрч хүч, итгэл найдвар авсан.
-Таныг шүүмжилсэн захидал тэр дунд байгаагүй юу?
-Хамгийн гайхалтай нь, ерөөсөө тийм захидал байгаагүй шүү. Би дугтуй онгойлгох бүртээ намайг харааж зүхсэн, тавласан үгс бичсэн байх вий гэж айдаг байсан. Гэхдээ азаар тийм үгсийг би олж хараагүй. Надад дэлхийн бүх тивээс, бүр Энэтхэгээс хүртэл захиа ирсэн гээч. Иракт байгаа манай цэргүүдээс ч олон арван захидал ирсэн. -Та өөрийгөө өөрчлөгдсөн гэлээ. Хамгийн гол нь таныг тэнд оруулахад хүргэсэн алдаа дутагдлаа ойлгож ухаарсан уу?
-Тийм ээ, би дахин хэзээ ч согтууруулах ундаа уусан үедээ жолоо барихгүй.
-Уг нь, танд жолооч хөлслөх хангалттай мөнгө бий шүү дээ. Гэтэл согтуу байх үедээ яагаад заавал өөрөө жолоо барьсан юм бэ?
-Би жолоо барих дуртай. Гэхдээ одоо алдаагаа давтахгүй.
-Танд тохиолдоод байдаг энэ асуудлууд юунаас болдог гэж та боддог вэ. Танаас өөрөөс чинь үү эсвэл эцэг эхийн хүмүүжил үүнд буруутай юу?
-Хүн бүр л амьдралдаа алдгаа гаргадаг шүү дээ. Хүн алдаанаасаа суралцаж, өсч дэвждэг. Яахав, өнгөрсөн үе би томоожиж амжаагүй л байсан биз. Гэхдээ миний хийсэн алдаа, буруу хийсэн сонголт бүр надад сургамж болж, өнөөдрийн Парисыг бий болгосон.
-Та найз нөхдөө сайн хүмүүс гэж боддог уу. Танд муугаар нөлөөлөөд байгаа найз нэртэй хүмүүсээс салж болдоггүй юмуу?
-Би олон хүнээс зайгаа барьж, найзын жагсаалтаа хассан. Ялангуяа Лос-Анжелост байхад намайг ямар нэг зорилгоор тойрон хүрээлдэг хүн олон байсан. Гэхдээ би тэднээс холбоогоо тасалсан.
-Жишээлбэл хэнээс?
-Би тэднийг нэрлэмээргүй байна. Тэд өөрсдийнхөө хэн гэдгийг мэднэ.
-Та хар тамхинд донтож байсан уу?
-Үгүй.
-Тэгвэл мансууруулах үйлчилгээтэй эм тариа хэрэглэж байсан уу?
-Үгүй.
-Хэзээ ч үгүй гэж үү. Тэгвэл согтууруулах ундааны тухайд юу хэлэх вэ. Та тохируулж ууж чаддаг уу?
-Би архичин биш. Би хэзээ ч согтууруулах ундаанд ухаанаа алдтал дурлаж байгаагүй. Нийтэч хүмүүст гадуур гарахдаа ууж суух тохиолдол зөндөө л байдаг шүү дээ. Би бумбын ордных. Бумбын ордныхон их нийтэч хүмүүс байдаг.
-Гэхдээ Парисын тухай сонин хэвлэл дээр гарсан бүхэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, үдэшлэг цэнгээн гээд болохгүй зүйлтэй л холбоотой байдаг.
-Хүмүүс янз бүрийн л солиотой түүх зохиож байх юм. Миний тухай бичсэн гэх тэр зүйлүүд өөр хүний тухай уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Миний хэзээ ч очиж байгаагүй газарт хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэй хүртэл уулзаж учирсан болгоод л биччихдэг.
-Тэгвэл та яагаад энэ бүхнийг зогсоохгүй, ингээд л бичүүлээд байдаг юм бэ? Та тэр мэдээллүүдийг няцааж болно шүү дээ. Би архи уудаггүй. Хар тамхи татдаггүй гээд…
-Угаас худал зүйлд тэгж ач холбогдол өгч, анхаарал тавих шаардлагагүй. Парис хэн бэ гэдгийг гэр бүлийнхэн, найз нөхөд маань мэдэх болохоор заавал үнэн, худал гэж батлах шаардлага байхгүй. Тэгээд ч би гарсан мэдээлэл бүрийн араас няцаалт, тайлбар хийвэл цуу яриаг улам бүр л дэвэргэнэ шүү дээ. -Парис бол шоуны охин гэсэн ойлголт байдаг нь нууц биш. Энэ ойлголт хэр үнэний ортой вэ?
-Би нийтэч хүн гэж түрүүн хэлсэн. Би бүжиглэх дуртай. Хөгжим сонсох дуртай. Гадуур гарч зугаалах дуртай. Гэхдээ энэ бол зөвхөн миний нэг хэсэг. Би бас бизнес эрхэлдэг эмэгтэй. Миний нэр дээр нэлээд хэдэн бизнес бий.
-Тэгвэл хүмүүс таныг буруугаар ойлгодог бололтой. Ер нь, таны тухай хамгийн буруу ойлголт юу вэ?
-Миний тухай хамгийн буруу ойлголт гэвэл Парис ямар ч ажил хийдэггүй. Зүгээр л гэр бүлийнхнээрээ тэжээлгэдэг гэсэн ойлголт. Энэ бол миний хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, хамгийн буруу ойлголт юм. Би өнөөдрийн энэ нэр хүндийг өөрийнхөө л хүчээр олж авсан. Би гэр бүлийнхнээсээ мөнгө авдаггүй. Би шаргуу хөдөлмөрлөдөг. Миний бичсэн ном “New York Times”-ын бестселлерийн нэг болж байсан юм шүү. Телевизийн хэдэн ч цуврал шоу хийлээ. Бас дууны цомог гаргасан, кино хийсэн гэдгийг хүмүүс санаж байгаа байх. Мэдээж, миний нэрийн хувцас, үнэртэн гоо сайхны брэнд ч бий. Миний нэрийн 17 брэнд бүтээгдэхүүн байдаг.
-Хүмүүст яагаад ийм буруу ойлголт төрсөн гэж та бодож байна?
-Тэд зөвхөн үдэшлэг цэнгээн гэдэг талыг нь олж хараад байдаг юм. Миний ажил хэрэг, уулзалт хэлэлцээрүүд мэдээж албан өрөөнд, олны нүднээс далд л болно шүү дээ. Тийм болохоор хүмүүс намайг ажиллаж байгааг мэддэггүй байх.
-Үдэшлэг цэнгээнээс болж тань шиг хэвлэлийн бай болсон од цөөнгүй бий. Жишээлбэл, Бритни Спирс, Линдсэй Лохан гээд. Тэдний тухай бас хүмүүс буруугаар ойлгодог уу?
-Бритни бол сайн ээж. Тэр хүүхдүүддээ хайртай. Зөвхөн хэвлэлүүд л худлаа дэвэргэж мэдээлдгээс энэ бүхэн болж байгаа юм.
-Гэхдээ тэр хүүхэдтэйгээ хамт явж байж согтуугаар жолоо барьсан нь нотлогдсон шүү дээ?
-Хэтэрхий залуудаа алдар нэрд гарсан хүмүүст алдах үе байдаг шүү дээ.
-Тэгвэл Линдсэй Лоханы тухайд юу хэлэх вэ?
-Би түүнд зөвхөн сайн сайхныг л хүснэ. Тэр бол авьяастай жүжигчин.
-Тэр бас асуудалтай?
-Бүх л хүнд асуудал байдаг.
-Тэд бол олны нүдний өмнө унаж боссон хүмүүс. Харин Парис ямар ч асуудал болсон юу ч болоогүй мэт дахин олны өмнө гарч ирдэг. Яагаад?
-Гэр бүлийнхээ ачаар л би хүнд хэцүүг даван туулдаг. Үргэж миний хажууд байдаг ээж аавыг заяасан нь үнэхээр бурхны том бэлэг. Тэд надад зөв бурууг хэлж өгдөг. Ээж маань намайг маш хатуу гараар өсгөсөн гэвэл хүмүүс итгэхгүй л байх даа. -Ингэхэд та шашин шүтдэг үү?
-Би бүр багаасаа л шүтлэгтэй байсан. Хүүхэд байхдаа католик сүмд явдаг байсан гээч. Хэсэг хугацаагаар хоригдсоны дараа бол бүр их шүтлэгтэй болсон.
-“Парисын нүдээр дэлхийг харвал” гэсэн нэвтрүүлэг саяхан хийсэн. Нэр нь их таалагдсан. Гэхдээ Парис Хилтон дэлхий дахины хэргийг сонирхдог гэж үү?
-Маш их сонирхдог.
-Ойрхи дорнодод юу болоод байна гээд л үү?
-Би энэ дэлхий ертөнц дээр амьдарч байгаа нь үнэнээс хойш сонирхолгүй яах билээ.
-Та өөрийнхөө тухай мэдээллийг “Google”-ээс хайж үзсэн үү?
-Үгүй ээ. Миний тухай нийтлэлүүдийг хэвлэлийн төлөөлөгч маань над руу илгээдэг.
-Хэрвээ Парис Хилтон “Авьяаслаг америкчууд”-д оролцвол ямар авьяасаа үзүүлэх бол?
-Дуулна. Миний цомгийг сонссон биз дээ.
-Өө тийм л дээ. Ингэхэд та үнэхээр дуучин болохыг хүсээд цомог гаргасан уу, эсвэл Парис Хилтон гэдэг нэрийг брэнд болгох таны төлөвлөгөөний нэг хэсэг үү?
-Энэ бол брэндийн маань нэг хэсэг л дээ. Би өөрийгөө брэнд болсон бизнесмэн гэж боддог. Тэгэхээр дуулах бол брэндээ өргөжүүлэх ажлын маань нэг хэсэг гэж ойлгож болно. -Та бол алдарт Хилтоны гэр бүлийн гишүүн. Тэгэхээр танд ингэтлээ ажиллаж, бизнесийн хойноос хөөцөлдөх хэрэг байгаа гэж үү?
-Эцэг эх маань намайг тэгж эрхлүүлээгүй. Тэд биднийг өөрийнхөө хүчээр мөнгө олж сур гэж хүмүүжүүлсэн. Би зүгээр л нэг Хилтоны ач охин гэж нэрлэгдэж амьдармааргүй байна. Би өвөө шигээ өөрийн гэсэн вант улсыг байгуулж, Парис гэдэг нэрээ үлдээхийг хүсдэг.
-Таны жилийн орлого 10 сая ам.доллар гэж бичсэн байсан. Гэхдээ үүнээс илүүг олдог байх тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ би мөнгөний тухай ярьмааргүй байна.
-Ингэхэд таны нэрээр Майкл Жексон охиноо нэрлэсэн гэдэг. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Энэ бол үнэхээр нэр төрийн хэрэг. Ээж маань Майклтай, тэдний гэр бүлтэй сайн найзууд байсан юм. Тэгээд хэн нэг нь түрүүлж охинтой болбол Парис гэдэг нэр өгнө гэж тохирсон юм билээ. Ээж түрүүлж охинтой болсон учраас энэ нэрийг надад өгсөн гэдэг. Харин Майкл хэдий хожимдсон ч гэсэн охиноо Парис гэж нэрлэсэн юм билээ.