Манайхан сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж их ярих болж. Үнэн хэрэгтээ тэд иргэн Дорж хүүхдээ зодож, эсвэл хойд эцгийнхээ “гарын шүүс” болж байгаа бяцхан жаал Болдын талаар мэдэхгүй өнгөрөх нь жирийн л үзэгдэл. Тэгсэн атлаа гэр бүлийн хүчирхийллээс хүүхдийг ангид байлгана, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоно гэж ярьсаар миний мэдэхийн 2-3 парламент, Засгийн газар өнгөрлөө. Нэгэн жишээ дурдахад, гадаадын орнуудад 600 хүн тутамд нэг нийгмийн ажилтан ажилладаг бол манайд 3000-8000 хүнд нэг ажилтан ажиллаж буй. АНУ-д ямар ч тохиолдолд 911 тусгай дугаарын утас руу залгаад тухайн хүн юм ярихгүй байсан ч гэсэн хамгийн ойр байрлах цагдаагийн ажилтнууд гэрт нь очдог. Хүүхдийн байгууллагуудын ажилтан болон нийгмийн ажилтан нь хүүхэд эрх нь зөрчигдсөн гэдгээ хэлбэл багш, эцэг эхчүүдийг нь байцаах эрхтэй байдаг. Тэр бүү хэл, тухайн гэр бүлд юу болж байгааг мэдэхийн тулд гэрт нь нэвтрэх эрхтэй гэх. Харин манайд энэ бүхэн байхгүй. Өнгөрсөн оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1238 хэрэг бүртгэгдэж, 5500 орчим хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна. Энэ зөвхөн хууль хяналтын байгууллагад хандсан иргэдийн гомдолд үндэслэсэн тоо. Үүний цаана хэчнээн эмэгтэй, хүүхэд хүчирхийлэлд өртөж зовж шаналж байгаа нь тодорхойгүй.
Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа дүн гарчээ. Эдгээрийг гэр бүлийн орчинтой нь хамтатган хууль эрхзүйн орчноор шийдвэрлэнэ хэмээн Хүн амын хөгжлийн нийгмийн хамгааллын яамнаас цогц бодлого боловсруулсан гэх. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хамгааллыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж тэд үзжээ. Аливаа боловсруулсан баримт бичгийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг. Боловсон хүчинг чадавхижуулах, шинэ арга барилаар ажиллах шаардлага хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд бий болж байна. Үүнийг шийдэх зорилгоор өчигдөр Төрийн ордонд “Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн улсын зөвлөлгөөн” боллоо. Зөвлөлгөөнд оролцогчид хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид анхаарлаа хандуулж, ирээдүйн залгамж халаа, хүүхдээ хөгжүүлж, хамгаалж, эрх үүргээ ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн шат шатны оролцоо чухал гэдгийг онцолсон. Үүнээс гадна нийгмийн бүх шатны оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлогоор дэмждэг тогтолцоо бий болгох шаардлагатай юм байна. Тиймээс төрийн бүх шатны байгууллага хамтран бодлогоо тодорхойлох ёстой гэсэн шийдэлд хүрсэн юм. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль 1992 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл дорвитой нэмэлт өөрчлөлт оруулж байгаагүй аж. Тиймээс тус яамнаас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэр бүлийн тухай, Хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн найруулж буй гэсэн. Уг хуулиуд хоорондоо харилцан хамааралтай байх нь. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, мөрддөг, хэрэгжүүлдэг эцэг эх, нийгмийн ажилтан, багш болон төрийн болон төрийн бус байгууллагуудад чиглэл өгөх юм байна.
Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн эрх хамгаална гэж ярьж байгаа ч амьдрал дээр төдийлэн хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
-Манайд хүүхдэд хүрэх үйлчилгээ хангалтгүй байгаа. Тиймээс үүнийг тогтолцооных нь хувьд өөрчлөх шаардлагатай байна. Нийгмийн сэтгэлзүйг ч өөрчлөх ёстой. Гэр бүлээс эхлээд багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй харьцаж байгаа хэн бүхэн арга барилдаа өөрчлөлт хийх цаг болсон. Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэх арга барил нь бусад орнуудтай харьцуулахад өвөрмөц байдаг. Одоо бид энэ арга барилыг халж, хүүхдийг нээлттэй байлган, зөв хүмүүжил төлөвшилтэй болгоход анхаарах ёстой юм байна. Бид хүүхдүүдийн саналыг нь сонссон. Тэдэнд юу хэрэгтэй байгаа, ямар хөгжлийн орчинтой болох зэрэг мөрөөдлийнх нь талаар яриулсан. Энэ бүхнээ цогц бодлогодоо тусгана.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө хүүхдүүд нуугаад хэлдэггүй. Үүнийг хэрхэн илрүүлж гаргаж ирэх вэ?
-Хүүхдүүд өөрт тохиолдсон явдлаа илэн далангүй хэлж, ярьдаг байх тогтолцоо руу шилжихээр ажиллаж байна. Өмнө нь хүүхдийн асуудал Шадар сайдын эрхлэх ажлын албанд харьяалагдаж байсан бол одоо Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар ажиллахын зэрэгцээ аймгууд Хүүхэд гэр бүлийн хэлтэстэй болсон. Мөн дүүргүүдэд хүүхдийн асуудал эрхэлсэн хэлтэс өмнө нь байдаггүй байсан бол одоо ийм хэлтэс байгууллаа. Хүүхдийн санал гомдлыг хүлээж авдаг 19-79 утсыг ажиллуулна. Мөн хүүхдийн байгууллагуудын ажилтнуудад эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн багш, эцэг эхчүүдтэй шууд харьцах байцаагчийн эрх олгохоор болсон.