Уралдааны морьд гарааны зурхайд байраа эзэлчихээд хүлээдэг шиг орон сууцны шинэ зээлд хамрагдах гэсэн монголчууд журам батлагдсан эсэхэд чих тавин сууна. Монголбанк хэдий хэр хүлээлгэнэ, төдий хэмжээгээр иргэд улам яарах аж. Эцэслэж өгдөггүй журам нь хагас жилийн турш бодож, боловсруулсан ажлын гол сүнс, цаашид удаан хугацаанд орон сууц-барилга болон банк санхүүгийн салбарыг хамтад нь тогтвортой хөгжүүлэх суурь учраас “дуншиж” буй хэрэг. Тиймээс аль болох алдаагүй, ядаж л эхлэхээсээ өмнө илэрхий асуудлаа засах гэсэндээ Монголбанк өнөөдөр сэтгүүлчдэд хариу өгөх ч завгүй байна. Тавдугаар сарын сүүлчээр Засгийн газар “шинэ” зээлийн ерөнхий журмыг баталж хэд хэдэн зүйл тодорхой болгов. Тухайлбал, 80 ам.метрээс илүүгүй талбайтай шинэ, хуучин орон сууцнаас иргэд сонголтоо хийнэ. Сонгосон байрны төлбөрөө 20 жилийн хугацаанд эргүүлэн тушаахад сарын төлбөр нь өрхийн орлогын 45 хувиас багагүй байх ёстой. Мөн урьдчилгаа төлбөрийг 10-30 хувиар төлсөнөөс хамаарч жилийн хүү нь 7-9 хувь болж хэлбэлзэх юм. Харин өнөөдрийг хүртэлх 10 хоногийн турш төв банкны мэргэжилтнүүд арилжааны банкинд хэрэгжих үйл ажиллагааны нарийн заалтуудаа нягталж сууна.
Сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр иргэдийн дунд элдэв сөрөг сурталчилгаа, мэдээлэл түгээх хүн цөөнгүй байгаа аж. Ялангуяа, дөрвөн жилд нэг удаа тохиодог Ерөнхийлөгчийн сонгууль давхцаж, улс төржилт гаарсан энэ үеэр. Засгийн газар улсын мөнгө хий дэмий үрлээ, Ерөнхийлөгч иргэдийн тархийг угааж шоу хийв, бүтэхгүй хөтөлбөр зарлаж сонгуулийн ялалтдаа ашиглах нь гэхчлэн түмэн зүйлийн хардлага, гүтгэлэг бий болгов. Ийнхүү сурталчлах нь иргэдийн төлөө хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлж төдий хэмжээгээр эрсдэл хүлээж буй Монголбанкны баг бүрэлдэхүүнийг гоочилсоноос хэтрэхгүй явуулга. Мөн төрийн байгууллагуудаа доромжилж, үйл ажиллагааг нь гутаагаад өөрсдөө нэр хүнд олох гэсэн ээлжит явуургүй арга. Хэлсэн бүхэнд нь иргэд шууд итгэдэг, өгсөн мэдээллээр нь ертөнцийг үздэг байсан хуучин нийгэм өөрчлөгдсөнийг мэдэрдэггүй хүмүүсийн л ажил байх. Эрх мэдэлтнээ дээдлэх бус иргэн бүрт тэгш боломж олгох хөтөлбөрийг өөрийнхөө хүслийн төлөө өөчилж буй нь энэ. Дараачийн зуун жилд тасралтгүй хэрэгжих хөтөлбөрийг боловсруулж байгаа хэмээн Монголбанкны хамт олон итгэл дүүрэн ярьж байхад дөрөвхөн жил Ерөнхийлөгчийн эрх мэдэл авахын төлөө гүтгэлэг, мунхруулга, тархи угаалтаа эхлүүлжээ. Орон байртай болохыг хүссэн хүн бүрт боломж олгосон, хэн нэгнийг ялгаварлаагүй, хийх ажлаа зургаан сарын турш төлөвлөж, боловсруулсан хөтөлбөр хэрэгжихийн босгон дээр “хутгалж” буй нь хэнд ашигтай вэ. Улс төрийн гэх бохир ертөнцөд нэр цэвэр, гар цэвэр суусан хүмүүс иргэдийн эмзэг сэдвээр шоудаж, эрх мэдэл олох гэж буй нь өрөвдөлтэй.
Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-нд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн нь жинхэнэ сонгуулийн шоу байсан гэж хэлэх иргэн олон. Мэргэжилтнүүд төдийгүй одоогийн Засгийн газрын тэргүүн хүртэл “100 мянган айлын орон сууц хөтөлбөр жинхэнэ дампуурал байсан” хэмээн цохов. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болонгуутаа шууд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд мянга байтутай 300 ч хүрэхгүй айл орон сууцанд орсон. Тэр азтай, амьжиргаатай өрх өдгөө жилд зургаан хувийн хүү төлж суугаа бол ард нь орон сууцны үнэ хөөсөрч, 25 хувиар өссөн гэх дүн гарсныг мартаж болохгүй. Тооцоо судалгаагүй, бэлтгэл хангаагүй, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хангалттай нягтлаагүйн улмаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр УИХ-ын ээлжит сонгууль дуустал үргэлжилсэн. Хамгийн сүүлчийн өрх наймдугаар сард зээлээ гаргуулж аваад Төрийн банк зээлийн санхүүжилтгүй болсон хэмээн хаалтаа хийсэн. Үнэндээ 2000 гаруй өрх айл ОССК-иар дамжуулан бичиг баримт, бүрдүүлсэн материалаа Төрийн банкинд хадгалуулсан.Зузаан хавтсанд үдээстэй бий. Тэдний төлөөлөл саяхан хүртэл өлсгөлөн зарлаж, лоозон өргөж гомдол нэхсэн дээ. Мөн Ц.Дашдорж болон түүний бүрэлдэхүүн Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрт заасан шалгуур үзүүлэлт амьдралд буухааргүй байсныг шүүмжлэх залуус цөөнгүй. Бага, дунд орлоготой, урьд нь байр эзэмшиж байгаагүй иргэд 55 ам.метрээс бага талбайтай, ашиглалтад орсон эсвэл барилгын ажил 60-аас дээш хувьтай яваа орон сууцнаас сонгон гэрээ хийсэн байх ёстой гэв. Мөн тэдэнд ердөө 50 сая төгрөгийн зээл олгох учраас түүнээс илүү гарах мөнгийг өөрсдөө төлөх, олох шаардлагатай. Хөдөөний хүмүүст л зээл өгнө гээд тодорхойлчих шахсан дээрх шалгуурын ард аавынхаа байранд толгой хоргодсон шинэхэн гэр бүл, өвөөгийнхөө орон сууцны өвлөгч болж нэрээ бүртгүүлсэн залуу, урьд нь орон сууцны ордер дээр ямар нэг байдлаар нэрээ бичүүлсэн хүмүүст хаалттай хоцров. Нөгөө талаар, орон сууц авах гэж байгаа хэрнээ өөр хэн нэгний орон сууцаар барьцаа тавихыг шаардсан нь биелүүлэхэд хэцүү даалгавруудын нэг. Энэ мэтээр олон өдрийн ажлаа алдсан иргэд ОССК-д материалаа бүрдүүлж өгөөд бүдэрч унасан. Харин өдгөө тэдний өөлөн, муулж, улс төржүүлж буй орон сууцны “шинэ” хөтөлбөр юугаараа давуу вэ гэдгийг эргэцүүлье.
Юун түрүүнд, Монголбанкны хамт олон өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэнд ч мэдэгдэлгүй боловсруулж ирсэн хөтөлбөрт зөвхөн мэргэжлийн хүмүүс ажиллажээ. Төв банкны ерөнхийлөгч Н.Золжаргал өөрөө тэргүүлэн ажилласан баг бүрэлдэхүүн зургаан сарын турш нягталж, шалгаж, өөрчилж шинэчилсэний цаад учир нь “урт настай, удаан жаргалтай” хөтөлбөр байгаасай гэснийх. Гэтэл тэдний хөдөлмөрийг мушгиж, улс төрд нялзаагсадын үгэнд зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжихийн төлөөх тусгайлан дэглэсэн жүжиг гэх агуулга бий. Тэдний үгээр дүгнэвэл дөрөвхөн жилийн албан тушаалын төлөө 2.7 сая иргэнээ хуурах, тохуурхах нөхдийг Монголбанк одоо хүртэл ажиллуулж суугаа болж таарах нь. Ийм бодол санаанд нь бууж, тийм үг аманд нь багтдаг хүмүүсийн дотор уужуу ажгуу. Хууль, эрх зүйн хүрээнд Монголбанк нь аль нэг улс төрийн нам хүчин байтугай Засгийн газар, засаглалын институтээс хараат бус ажилладаг. Тэдний удирдах, удирдуулах ганцхан зүйл нь эдийн засаг, мөнгөний зах зээл юм. Товчхондоо, тэд мөнгөний бодлогоор дамжуулж инфляцыг боломжит бага төвшинд барих гол зорилттой болохоос аль нэг нэр дэвшигчийн нэр хүнд, сонгуулийн сурталчилгаанд “гүйх” завгүй хүмүүс.
Хоёрдугаарт, төв банк орон сууцны зээл олгох нь эдийн засгаа удаан хугацаанд тогтворжуулан сайжруулах боломжтой гэж харсаных гэнэ. Улаанбаатарын айл өрхийн 60 хувийг эзэлсэн Монгол Улсын хэмжээнд 76.2 хувийг хамарсан гэр хорооллынхон орон сууцтай болчихвол хамгийн эхэнд иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Өнөөдрийг хүртэл хашаа, гэрээс нь салгаж чаддаггүйн цаад шалтгаан болсон зээлийн өндөр хүү буурснаар орон сууцжуулах ажил эрчимжинэ. Эсгий гэрээсээ орон сууц руу нүүсэн иргэд 20 жилийн турш, 240 сар бүр мөнгө төлөхгүйн тулд сардаа хуваарилагдсан төлбөрийг аль болох давуулан биелүүлэхийг хичээдэг байна. Үүний тулд илүү цалин авах ёстой тул хөдөлмөрлөх, ажиллах нь эрс сайжрах юм. Мөн жилийн 365 хоногт тохиодог бүх нийтээр амрах долоон баяр, тэмдэглүүштэй 15 өдөр болон хувийн шинжтэй цэнгүүн баяр шигшигдэж, түүнд зориулах төсөв танагдаж эхэлнэ. 7000 төгрөгөөр ганц удаа хоол идэх байсан бол түүнийхээ хагасыг байрны зээлдээ хадгалж, зээл төлөлтөө нааш татахыг бодохгүй хүн ховор.
Гуравдугаарт, өнөө маргаашгүй эхлэх “шинэ” зээл нь улс төржилтөөр дамжуулан тасалдууламгүй хөтөлбөр болохыг илтгэнэ. Өмнөх Засгийн газар бие даан “100 мянган өрх” нэрээр зарласан ч 300 хүрэхгүй айлд зээл олгосон хөтөлбөрийн ард үлдсэн 2000 гаруй зээл хүсэгчийн төлөөлөл өнөөг хүртэл горьдлого тасраагүй. Байраа сонгоод, урьдчилгаа 8-10 сая төгрөг төлөхийн тулд гэр, хашаа, үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьчихсан хүмүүс гудамжинд гарахаа дөхсөн. Тэдний нэг болох наймаачин эмэгтэйтэй хэсэгхэн зуур ярилцлаа. Тэрээр “Нарантуул” зах дээр наймаа эрхэлдэг нэгэн. Жилд 16 хувийн хүүтэй арилжааны банкнаас зээл авч хүчрэхгүй, авлаа ч төлж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Эртнээс зээл авахаар хөөцөлдөж явахдаа хувиараа бизнес эрхлэгч, орлогоо тогтмол гэдгийг баримтжуулах, баталгаажуулах шаардлагатайг мэдэж ажил болгожээ. Тиймээс зургаан хувийн хүүтэй “100 мянга” хөтөлбөр эхлэхэд гол шалгуур болох тогтмол орлогын баримтаа бэлдчихсэн байсан гэсэн үг. Харамсалтай нь, лавлагаа болон бусад бүрдүүлэх материалыг цуглуулахад цаг алджээ. Долдугаар сард бүх материалаа ОССК-д хүргүүлсэн ч зээл нь гарахгүй хүлээлгэсээр 2013 онтой золгожээ. Түүнээс хойш найдлага тавин хөөцөлдөхөд нь тун удахгүй асуудал шийдэгдэнэ гэх хариу дуулсан нь найман хувийн хүүтэй “шинэ” зээл байсан аж. Тэрээр “Найм ч бай, арав ч бай банкнаас л бага хүүтэй байвал ямар ч зээл байсан хамаа алга” гэж хэлэх нь үнэхээр тэвчээр заан хүлээж буйг илтгэх мэт. Одоогоор тэр хадмынхаа хашаанд гэр бариад хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд хашаа, байшингаа аль эрт худалдчихсан гэнэ.
Дээрх байдлаар иргэд орон сууцанд орох мөрөөдлөө тээн хоцорсон бол “шинэ” зээл тийм асуудал үүсгэхгүй байх хэд хэдэн баталгаа харуулах аж. Монголчууд хотолж суурьшаад 374 жил, Улаанбаатар хот төлөвшөөд 89 жил, өнөөдрийн хот төлөвлөлтөд ороод 50 гаруй жил, ардчилсан нийгэмд шилжээд 23 жил өнгөрөхөд анх байсан гэр-өргөө байсаар, хашаатай айл нэмэгдсээр, хот хаяагаа тэлсээр. Үүнийг зогсоох ганц арга зам нь орон сууц гэдгийг аль эрт мэдсэн ч зориглож хэрэгжүүлэх хүн байсангүй, хэрэгжүүлсэн нэг нь бүтэлгүйтэв. Байгаа боломждоо тааруулж хэн орон сууцтай болмоор байна түүнд таатай нөхцөл олгож буй нь хамгийн сайхан. Зээлийн эх үүсвэр нь тогтвортой, удаан хадгалагдсан сангаас гарч, хуучин орон сууцанд ч зээл олгох нь урьдынхаасаа давуу боломж. 20 жил мөнгө төлж, амьдрах орон сууцаа бүх талаар нь шинжиж, харьцуулж, жишиж байж шийдвэрээ гаргаад хүссэн банкаараа батлуулж зээл авах боломжтой. Мөн урьдчилгаа төлбөрөөс хамаарч хүү нь хэлбэлзэх учир иргэдэд таатай нөхцөл бүрдүүлсэн. Хамгийн чухал үзүүлэлт нь, хөтөлбөрийг дэмжиж орон сууцны үнэ барих бодлого хэрэгжүүлж буй явдал. Нэгдүгээрт, барилгын материалын гол бүтээгдэхүүний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжлээ. Мөн газар чөлөөлөх, дахин төлөвлөх, дэд бүтцэд холбох ажлыг төрөөс гүйцэтгэж өгч байгаа. Түүнчлэн нэг ам.метр нь сая төгрөгөөс доош үнэтэй орон сууцны барилгын ажил өнгөрсөн сард Буянт-Ухаад нээлтээ хийж, үргэлжлэн тун удахгүй оршин суугчдадаа түлхүүрээ гардуулах тухайгаа баяртайгаар мэдэгдэж буй. Зээлийн хүүг бууруулснаар жилээс жилд гэр хороолол багасч харанхуй гудамжнаас улбаалсан олон хүндрэл, асуудал шийдэгдэх үе ойртож байгааг улс төрийн хардлагаар хаалгамааргүй байна.