БОНХЯ 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хүүхэд багачуудын экологийн боловсролд зориулж юу хийж байгаа талаар яамны дэргэдэх Байгаль хамгаалах сангийн захирал Ш.Пүрэвсүрэнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Танай сан анх хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан, хаанаас санхүүждэг талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Байгаль хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор анх 1998 онд байгуулагдсан. Одоо 15 дахь жилээ ажиллаж байна. Тухайн үед сан нь байгалийн баялаг ашигласан болон байгаль орчныг бохирдуулсны төлбөр, тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн аялал, жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж, гадаадын иргэнд агнуулсан ан амьтны төлбөрийн орлого, гадаад оронд гаргасан шонхор шувууны төлбөр, дотоод болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хандив, тусламж зэргээс санхүүжин банкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байсан юм билээ.
-Байсан юм гэхийг бодоход энэ байдал өөрчлөгдөж дээ. Ер нь энэ сангийн жилийн төсөв хэдэн төгрөгт эргэлдэж байдаг юм бол?
-2006 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль гарснаар Байгаль хамгаалах сан нь улсын төвлөрсөн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж, өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан “Байгаль хамгаалах хуулийн” дагуу байгалийн нөөц ашигласны төлбөр, тусгай хамгаалалтай газар нутагт жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж, ус бохирдуулсны төлбөр зэргээс бүрдэх болсон юм. Гэхдээ байгалийн нөөц ашигласны төлбөрийг манай санд биш аймаг орон нутагт нь хуваарилахаар шийдвэр гарсан байгаа. Энэ жил нийтдээ 35 тэрбум төгрөг аймгийн дарга нарын мэдэлд очно гэсэн үг. Жишээ нь, уул уурхай ихтэй Өмнөговь аймагт гэхэд л 14 тэрбум төгрөг байгаль хамгаалах зориулалтаар төвлөрөх юм. Манай санд энэ жил төсвөөс зургаан тэрбум төгрөг хуваарилсан.
-Энэ жилээс эхлүүлж буй ногоон боловсрол олгох үйл хэрэгт хамгийн түрүүнд хэнийг татан оролцуулах вэ?
-Боловсрол гэдэг маш том, өргөн хүрээтэй ухагдахуун учраас ганц, хоёрхон жилийн дотор шийдчихдэг асуудал биш л дээ. Хүүхдэд бага насанд нь, бүр ухаан орж эхлэх цагаас нь байгальтайгаа хүндэтгэлтэй, зохистой харилцах арга ухааныг төлөвшүүлдэг өвөг дээдсийнхээ ёс уламжлалыг бид үндсэндээ гээчихээд байна. Энэ бол туйлын харамсалтай зүйл. Тэгэхээр байгаль орчны боловсролын ул суурийг одоо тавих ёстой. Тийм боломж энэ жилээс бий болж байна. Бид энэ ажлын уг үндсийг нь зөв тавих ёстой. Мэдээж, байгаль орчны боловсрол гэдэг дан ганц БОНХЯ болоод БШУЯ-ны хүрээнд ярих зүйл биш. Хамгийн чухал нь гэр бүлийн хүрээний хүмүүжил юм. Цаашлаад хүмүүсийн амьдран суугаа хороо хорин, иргэд, ТББ-ууд гээд ер нь л байгаль орчны боловсрол гэдэг бүх нийтэд хамаатай асуудал л даа. Гэсэн ч бид эхний ээлжинд байгаль орчны боловсролыг түгээх эх үүсвэр нь хүүхэд байвал илүү үр дүнтэй байх гэж харж байна. Бид хүүхдийн санал санаачилга бүхнийг дэмжин, хамтран ажиллана.
-Байгаль хамгаалах сангаас энэ жил хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлийн боловсролын газар, МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төв, БОНХЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Сурагчдын холбоо болон хүүхдийн зуслангуудтай хамтран энэ жил 1000 гаруй хүүхдийг сургагч багшаар бэлтгэх гэж байна. Өөрөөр хэлбэл, сурагч төвтэй байгаль орчны боловсрол олгох, мэдлэг мэдээллээр хангах цуврал сургалтыг зохион байгуулах юм. Мэдээж, тэднийг шаардлагатай ном, CD, гарын авлагаар хангах ёстой.
Бид хүүхдүүдийн санал санаачлагаар эцэг эхийнх нь оролцоотойгоор мод, зүлэг тарих аяныг ирэх сараас их өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. “Бидний тарьсан мод гоё ганган байх аваас бид өөрсдөө гоё байна”, “Бидний орчин ногоон байх аваас бид эрүүл чийрэг өснө ” гэсэн ойлголтыг хүүхэд бүрт төлөвшүүлэх ёстой юм. Цэцэрлэгийн насныханд зориулсан, тэдний дуртай үлгэрийн баатруудаар нь дамжуулан хүүхдийн сонирхлыг татахуйц төрөл бүрийн гарын авлага хэвлэж тараана. Байгаль орчны нийтийг хамарсан уралдаан тэмцээнүүдэд “Эко”, “Ногоон” номинаци бий болгоно. Орчны бохирдлыг бууруулах, ан амьтан хамгаалах, ногоон амьдралын хэвшлийг төлөвшүүлэх зэрэг төрөл бүрийн ногоон аян, уралдаан, тэмцээн, шоу арга хэмжээг зарлах юм. Үүнд манай хүүхэд залуучуудын шүтэн биширдэг урлаг, спортын одууд манлайлах үүрэгтэй оролцох нь чухал байна. Байгаль орчны боловсрол урлагаар дамжих юм бол хүүхдийн бяцхан ой ухаанд хурдан бууна гэж харж байгаа. Байгаль орчинтой холбоотой дууны тэмцээн, шүлгийн уран уншлагын уралдаан, уран бүтээлчдийн дунд баримтат болоод уран сайхны кино, телевизийн цуврал нэвтрүүлгийн уралдаан зарлана. “Байгаль орчин миний нүдээр”, “Ус амьдралын эх булаг” гэх мэт сэдвүүдээр эссе, нийтлэл, уран зураг, фото зургийн уралдаан, шторк гэх мэт олон талт арга хэмжээг зохион байгуулахад томоохон компаниудыг татан оролцуулахаар төлөвлөөд байна. Ногоон хороо, албан байгууллага, гудамж, айл зэрэг уралдааныг нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран зарлах зэрэг олон олон ажил төлөвлөчихөөд байгаа. Жилийн хүрээнд хийх бүх үйл ажиллагааг телевиз, радио, FM-ээр үнэгүй цацаж, нийгмийн хариуцлага, үүргээ биелүүлэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах болно.
-Танай сан улсын төсвөөс санхүүждэг. Хэтэвч нимгэн байвал байгаль хамгаалах талаар хангалттай төлөвлөгөө гаргах боломжгүй. Тэгэхээр хөрөнгийн өөр эх үүсвэр олох боломжтой болов уу?
-Цаашдаа одоогийнх шигээ төсвөөс шууд санхүүжээд, БОНХЯ-ны хэтэвч маягаар яваад байвал сан гэдэг утгаа алдана. Тэгэхээр байгалийн нөөц ашигласны татвар, тухайлбал ашигт малтмал, ойн баялаг, ус ашигласан болон газрын төлбөрүүдийн тодорхой хувийг санд төвлөрүүлээд зарцуулалтыг нь мөн тухайн салбарт нь чиглэлийнх нь дагуу зарах бололцоог хуулиар баталгаажуулаад өгчихвөл сан цаашид улсын төсөвтэй хутгалдахгүйгээр бие даагаад явчих бүрэн боломжтой. Байгаль орчны хэрэг зөрчил, гэмт хэргийн улмаас тавьж байгаа төлбөр торгуулийн мөнгө төсөвт биш, тухайн аймаг сумдын байгаль хамгаалах сангуудад төвлөрөх юм бол орон нутгийн сангуудын үйл ажиллагаа ч өргөжих боломжтой. Ийм зохицуулалтыг их хурал нэн даруй хуульчлаад өгчих юм бол сан маань цаашдаа дээрээс хуваарилсан төсвийн мөнгийг хуваарилан тараадаг байгууллага биш, үйл ажиллагаагаа бие дааж явуулдаг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага болох бүрэн боломжтой гэж үзэж байна.