Монгол түмний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ. Жил бүр долдугаар сард манай улс руу дунджаар 65 мянган жуулчин зорьж ирдэг аж. Соёл, ахуй болон урлаг, наадам үзэх гэсэн жуулчид бүгдээрээ төв цэнгэлдэхэд багтахгүй нь мэдээж. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газраас тодорхой зохицуулалт хийх болжээ. Энэ талаар тус газрын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Гансувдаас тодрууллаа.
-Ирэх сард болох үндэсний баяр наадмын бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ. Танай байгууллагаас ямар үүрэг, чиглэлтэй оролцож байгаа бол?
-Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, наадамд Нийслэлийн Аялал жуулчлалын газар журмын дагуу жуулчдад зориулсан тасалбар болон автомашины зөвшөөрөл олгох ажил гүйцэтгэж байна. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан гүйцэтгэдэг жуулчлалын байгууллагууддаа бид дээрх зөвшөөрлийг олгох юм. Үүний тулд байгууллагын гэрчилгээ, олон улсын жуулчлалын гэрчилгээ, өнгөрсөн оны үйл ажиллагааны татварын тайлан болон жуулчдын овог нэр гэсэн дөрвөн зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Өчигдрөөс эхлээд энэ сарын 21-ний өдөр хүртэл аялал жуулчлалын тур-операторуудын материалыг хүлээж авах юм.
-Олон улсын гэрчилгээтэй, шаардлага хангасан тур-оператор компани Монголд хэр олон байдаг вэ?
-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 700 гаруй байгууллага манайд бүртгэлтэй байдаг. Эдгээрийн талаас илүү нь тур-операторын байгууллага. Гэхдээ үүнээс илүү нарийн, дэлгэрэнгүй бүртгэл нь ССАЖЯ-наас гаргадаг. Яагаад гэвэл манайх Нийслэлийн хүрээнд л хамардаг юм. Яагаад олон улсын жуулчны эрхтэй байгууллагыг сонгож байгаа гэхээр тийм байгууллагуудаа тодорхой хэмжээгээр урамшуулах, дэмжих зорилготой юм. Жуулчдыг эх орондоо урьж, аялал жуулчлалын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл хувиараа ирсэн жуулчид тэдний өмнүүр ороод тасалбар авах, зөвшөөрөл авчихыг үгүйсгэхгүй. Тиймээс тур-операторуудынхаа үйл ажиллагааг дэмжих үүднээс бид зөвшөөрөл тасалбарыг хариуцан, тарааж байгаа. Нөгөө талаараа ингэснээр хувийн аж ахуйн нэгжүүдтэй илүү ойр харилцаа үүсгэж, нэгдсэн тогтолцоо бий болгоход дөхөм байх болно.
-Аялал жуулчлалын маш олон байгууллагаас санал ирүүлнэ. Тэднээс ямар нэг зүйлээр сонгон шалгаруулах уу?
-Компаниудыг хэмжээ болон үйл ажиллагааны хүрээллээр ялгаварлахгүй, бүгдэд нь олгохыг бид хичээж байна. Том компанид илүү олгоно гэхээсээ илүү баталсан бүх зөвшөөрлөө жигд хуваарилах юм.
Гэхдээ тухайн компани татвар болон бусад нийгэмд тустай ажиллагаа явуулдаг зэргийг харгалзах нь зүйтэй. Хүсэлт өгч байгаа бүх байгууллагадаа хангахыг хичээж байгаа ч үнэндээ хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах гэсэн хэрэг болчихоод байна. Энэ маань эргээд монголчууд арай том, шинэ стадионтой болох цаг ирчихжээ гэдгийг нотлон харуулж байгаа юм.
-Жуулчдад яг хэдэн ширхэг тасалбар, зөвшөөрөл олгох вэ. Үнэ нэмэгдэх шалтгаан нь юу юм бол?
-Баяр наадмын комиссоос эцсийн шийдвэр гараагүй учраас энэ жил хэр олон жуулчны тоо өгөхийг мэдэхгүй байна. Гэхдээ төв цэнгэлдэхийн 18 сектороос сүүдрэвчтэй хэсгийг нь жуулчдад зориулж, арай өндөр үнээр борлуулдаг юм. Одоогийн байдлаар үнийн асуудал тодорхой болоогүй. Гэхдээ энэ жил үнэ нэмэгдэнэ гэсэн урьдчилсан мэдээлэл өгсөн. Яагаад нэмэгдэж байгааг ам.долларын ханш болон тухайн жилийн үзүүлэх тоглолттой холбон тайлбарлаж болох юм. Мөн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн маань өөрийн хүчин чадалтай, олон жил ашигласан учраас засвар үйлчилгээ гэх зэрэг шаардлагын улмаас тасалбарын үнэ өсч байгаа байх.
-Баяр наадмын нэгэн онцлог нь “Дээлтэй Монгол” наадам болсон шүү дээ. Энэ жил ямар онцлогтой зохион байгуулагдах вэ?
-“Дээлтэй Монгол” соёлын арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үүнээс гадна “Сэрсэн тал” зэрэг бусад үйл ажиллагаа ч болох юм. Баяр наадам долдугаар сарын 10-13-ны хооронд үргэлжилдэг бол “Дээлтэй монгол” долоо хоног үргэлжилнэ. Өөр нэг онцлог нь 10 мянган дээлтэй монголчуудын парад. Нийслэлийн дүүрэг бүрээс оролцох хүмүүс бүртгүүлээд 10 мянга давчихаад байгаа.
Энэ арга хэмжээний гол онцлог нь Монгол хүн гэдгээрээ, ахуй соёлоороо бахархах соёлын аялал жуулчлалын маш том арга хэмжээ. Зөвхөн парадад оролцохын төлөө дээл хийлгэж өмсдөг хүн байна. Яагаад гэхээр наадмын үеэр хамгийн сайхан дээлтэй залуу хос, хүүхдүүд, үндэстэн ястны өвөрмөц хувцастай хүн, сайхан дээлтэй гадаад хүнийг шалгаруулдаг юм. Хүй долоон худагт л гэхэд морьд барианд ирээгүй л бол хүмүүст хийх, үзэх зүйл бараг байдаггүй.
Тэгвэл энэ үеэр “Дээлтэй Монгол” ёслолд оролцох боломжтой. Мөн дээл яаж оёдог арга технологи болон дээлний дагалдах хувцаснуудыг бас харна. Хэт хутга, хөөрөг даалин гээд бусад үндэсний онцлогийг харуулсан эд зүйлсийг ч цогцоор нь үзэх нөхцлийг бүрдүүлнэ. Гуталнаас малгай хүртэл бүхнийг “Дээлтэй Монгол”-оос үзээрэй гэж наадамчиддаа зөвлөе.