Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕМЕНТ ПУРГИСАН СААРАЛ АМЬДРАЛ

Саарал. Ийм өнгө нүдэндээ төсөөлье гэвэл сэтгэл зүйн байдлаас шалтгаалж сайхан муухай гэсэн хоёр төрлийн сэтгэгдэл төрнө. Завсрын буюу хоёрын хооронд хэмээх утгатай энэ өнгөөр амьдралыг төсөөлье. Саарал амьдрал...
Юутай ч сайхан санагдамгүй. Саарал нийгэм, саарал амьдралын тухай яриа сүүлийн үед мэр сэр дуулдах боллоо. Жинхэнэ саарал амьдрал хаана өрнөж байгааг олж үзэхээр Гурвалжингийн барилгын материалын зах руу хөдөллөө. Саппорогийн тойргийн засвар эхэлчихээд ойртох тусам авто замын түгжрэл нэмэгдэнэ. Тойргоос урагшаа 100 гаруйхан метрт замын түгжрэл шиг өрсөлдсөн, уралдсан, зогсолтгүй хөдөлмөрлөсөн хүмүүс бий. Бидний зорьсон газар бол Улаанбаатар төмөр замын харьяа 44 дүгээр ачиж, буулгах цэг буюу хүмүүсийн хэлэх нь зүгээр л “44” юм. Тэр дундаа цементээр амьдардаг иргэдийн ажиллаж буй орчин. Саарал нүүртэй, саарал хувцастай хүмүүсийн саарал амьдралаас сурвалжиллаа.  

Хэн хүчтэй нь илүү цалинтай


Галт тэрэгний чиргүүл буюу нэг чингэлэг 68 тонн даацтай. Тус бүр 50 кг-аар ууталсан цементээр дүүргэсэн вагонд дунджаар 1300 уут цемент багтдаг аж. Өдий хэмжээний цемент буулгахад 120-140 мянган төгрөгийн ханштай бөгөөд ачигч-буулгагч нар үүнийгээ “вагон буулгах” гэж нэрлэнэ. “44”-ийн амьдрал өглөөний 00:07 цагаас эхэлдэг. Галт тэрэгний дохио хангинаж, дүүрэн ачаатай вагонууд тус тусын байраа эзлэхэд аль эрт багаа бүрдүүлсэн ачигч нар өдөр бүр хийдэг ажлаа эхлүүлнэ. Тогтмол цалинтай, байнгын ажил биш учраас өчигдөр ажилласан ч өнөөдөр ирэхгүй нь бий. Тиймээс нэгдсэн бригад, тохирсон багаа өглөө бүр шинэчлэх нь энгийн үзэгдэл. Нэг вагоны ачааг ихэнхдээ 5-6 хүн хамтарч буулгана. Бүгд цалингаа тэнцүү хувааж авах бөгөөд өдөртөө илүү орлого олох хүсэлтэй бол илүү хүчтэй байх ёстой. Зарим тохиолдолд гурвуулаа буулгах нь ч бий. Тэгвэл 40-50 мянган төгрөгийн цалинтай ч амралт багатай, ажил ихтэй байх нь мэдээж.
Хэдийгээр цемент буулгадаг ажилчдын сарын орлого нь сая төгрөгөөс илүү гардаг ч амьдралд нь наалддаггүй гэнэ. Өдрийн хэрэглээндээ зарцуулаад, нэг л мэдэхэд дуусчихна. Өдөр өдрийн нартай хамт орлогоо үрчихээр амьдралын төвшин дээшилж, өөдлөх зүйл харагдахгүй нь мэдээж. Хэчнээн ирээдүйдээ санаа зовлоо ч яг одоо байгаадаа түүнээс илүү анхаарал тавьдаг бололтой. Орос, Хятад бичигтэй цемент үүрэх хүмүүсийн дунд гуталгүй нэгэн ч таарлаа. Гурвуулаа ажиллах хүмүүстэй уулзаж, сарын цалинг нь асуувал арай ахмад нь “Сая зургаан зуу” хэмээн итгэл дүүрэн хариулав. Гэтэл түүнээс арай залуухан, гуталгүй хоёр эр яриаг нь үгүйсгэж “Чи л тийм их авдаг юм байж, би бол амьдралдаа ч авч үзээгүй” гэх нь тэр. Хөлс нь урсчихсан, нүүрэнд нь зузаан саарал цемент буучихсан, хөл нүцгэн тэрээр цемент буулгах ажлыг зургаа дахь жилдээ хийж байгаа. Цементийнхээ 60 хувийг буулгачихсан тэд түр амсхийх зуураа ийнхүү ярьсан юм. Вагоны буланд гурван уутны амыг жимбийтэл зангидаад орхисон нь солих хувцсаа хийсэн бололтой. Чингэлэгний шалаар хуруу зузаан цемент асгарч, хүчтэйхэн гишгэх төдийд пургих аж.

Хурдан морь унаж байсан, харин одоо, цаашид...

Вагоноос вагон дамжин хүмүүстэй ярилцаж явтал шуудай барьсан хүүхэд үүдээр шагайв. 12-13 настай болов уу гэмээр намхан нуруутай, туранхай хүү шалаар асгарсан цемент хамж зардаг гэнэ. Өнгөрсөн жилээс хойш цемент хамах болсон гэж хэлэхдээ галт тэрэгний хажууд зогсох ачааны машины тэвш рүү өнгийгөөд авлаа. Сая шагайсан вагоны цементийг яагаад аваагүй юм бэ гэхэд “Доторх цементийг нь бүрэн буулгасны дараа орохгүй бол уурладаг юм” гэлээ. Барьж яваа шуудайндаа ажлын гол хэрэгсэл шүүр, хогийн тосгуур хийчихжээ. Хоёр гар нь цементээр будагдаад цэлдийсэн хар хөх өнгөтэй болж харагдана. Хацар духандаа хурууны ормоор цемент болгочихсоноо толинд харахаас нааш мэдэхгүй болов уу. Үсэнд нь цементийн тоос бууж, зэгэл саарал өнгөтэй. Өчигдрийн халуун наранд хөлрөөд хүзүүг нь даган урссан хөлсний мөрөөр цагаан саарал зам татсан нь өнөө цементийнх. Хэдхэн жилийн өмнө “44”-ийн цементийн секторт түүнтэй адилхан ажилтай хэд хэдэн хүүхэд ажиллаж байсан бол одоо тэр л байна. Тэд хаачсаныг асуувал бүгдээрээ том болчихсон, гэхдээ эндээ ажиллаж л байгаа гэсэн юм. Харин одоо түүний үеийн 2-3 хүүхэд байдаг ч өнөөдөр ирээгүй бололтой.
Нэрээ хэлээгүй хүү өөрийгөө 15 настай, есдүгээр ангиа төгсч байгаа гэж танилцууллаа. Аав, ах нар нь “44”-т сүүлийн 6-7 жил цемент буулгаж байгаа гэнэ. Харин тэр жилийн өмнөөс хаягдсан цемент борлуулах болсон аж. Шуудай цементийн бөөний үнэ дунджаар 6500 төгрөг. Харин хүүгийн цуглуулсан задгай цементийн 50 кг нь 5000 төгрөгийн ханштай. Задгай цемент гээд хүмүүс голохгүй юу гэтэл “Авах хүн мундахгүй олон шүү” хэмээн хэвлүүхэн хариулт өглөө. Өөрийгөө 15 настай гэж танилцуулсан ч худлаа гэдгийг дуу хоолой, жижигхэн бие, томоогүй харц нь илэрхийлэх шиг. Бие нь 40 кг ч хүрэмгүй мөртлөө шуудай цементээ өөрөө захын хашаанаас гаргаж борлуулаад, мөнгөө өөртөө авдаг гэсэн юм. Урьд нь ажил хийж байсан уу гэж асуухад “Тийм ээ, хурдны морь унаж байсан. Нэг удаа сумын наадамд их насны мориор түрүүлсэн” гээд хүүхэд зангаар гайхуулах мэт ярилаа.
Өдөр өдрийн тэнгэр өөр байдаг шиг хүүгийн орлого ч өдөр бүр өөр. Ийм их тоостой орчинд ханиалгаж, цээж чинь өвддөг үү гэхэд “Үгүй” гэж эрсхэн хариулсан. Үнэндээ ханиалгадаг, түүнийгээ хааяа нэг л тохиодог гэж боддог биз. Зуны амралтаа юу хийж өнгөрүүлэхийг нь сонирхвол эндээ л ажиллана даа гэж сунжруулан хариулав. Яриа, байдлаас нь үзвэл салахын түүс болсон нь илэрхий тул “Том болоод ямар хүн болох вэ” гэсэн асуулт арай л гэж тавьж амжлаа. Огцом харчихаад “Мэдэхгүй ээ, та энэ эгчээс юм асуугаач” гэчихээд гүйгээд явчихсан юм. Энэ хүү том болоод ямар хүн болох бол...

Охиноо дагуулсан ээж, цемент хамдаг

Тэрээр мөн л галт тэрэгний шалнаас цемент хамж борлуулдаг. Үүгээрээ амьдралаа залгуулдаг учраас өглөө бүр ирж оройн 17 цагт гэрийн зүг хөдөлдөг аж. Саарал хувцастнуудын дундуур ягаан даашинзтай, 10 орчим насны хүүхэд хоёр гартаа ууттай зүйл барьчихаад гүйж явсан нь түүний охин гэнэ. Нэгэнд нь гутал хувцас, нөгөөд нь ундааны сав тэргүүтнийг хийсэн бололтой. Хоёр хацар нь хэтэрхий хуурайшиж, нүүр нь цемент болсон харагдана. Ээжийнхээ дэргэдээс салахгүйг хичээн шогшихдоо ягаан даашинзаа муухай болгохгүйг хичээн болгоомжилно. Охины ээж мөн л нэрээ хэлэхийг хүсээгүй юм. Тэрээр Гачууртаас өглөө гарч явсаар 10 цагийн үед “44” дээр ирнэ. Дээрх хөвгүүний адил хаягдал цемент уутлаад тус бүр таван мянгаар зардаг. Өдөртөө 2-3 уут цемент зарчихаад харьдаг гэнэ. Гэвч зарим үед цемент муу олдох үе ч тохиодог аж. Яагаад охиноо дагуулж явааг асуувал тусдаа амьдардаг гэсэн юм. Өөрөө Гачууртад, охин нь хотын төвд эмээ, өвөөтэйгөө амьдарч, сургуульд явна. Хэд хоногийн өмнөөс бага ангийнхны зуны амралт эхэлчихсэн тул хөдөө аваачих болсон гэлээ. Ганцааранг нь үлдээх, орой очоод авах боломжгүй учраас аргагүйн эрхэнд цементийн тоосон дундуур дагуулж яваагаа учирлав. Хар хувцас, саравчтай малгайтай, 30 гаруй насны эмэгтэй бусад хүний адилаар амьдрал хүнд байна гэж ярьсангүй. Өөрийгөө, охиноо “болгож” яваадаа л сэтгэл хангалуун байдаг бололтой. Харин бусад хүний амнаас амьдрахад улам хэцүү боллоо гэх, үүнд улс төрийн томчууд буруутай хэмээх үг гарч байсан юм. Тэдний дэргэд охиноо дагуулсан ээж хөдөлмөрлөж, зүтгэж, түүнийхээ үрээр амьдарч хэнд ч гомдоллохгүй байгаад талархмаар санагдлаа.

Өдөр өдрийн саарал амьдралын өнгө

“44”-ийн цементэн хашаан дотор цементтэй холбоотой олон амьдрал өрнөсөөр. Буулгах, ачих, хамах, зарах бүгдээрээ саарал өнгөтэй. 50 гаруй насны хоёр ч эмэгтэй цемент борлуулагчийн ажил хийдэг ч “өнгө” нь ачигчаас ялгагдамгүй саарал. Хүн бүр саарал учраас хэн хэнийг нь ялгаж танихад бэрх. Ажлаа дуусгасан хүн нойтон сальфетка эсвэл цамцныхаа булангаар нүүрээ арчина. Зарим нь хаа нэгтэйгээс олж авчирсан усаараа гар, нүүрээ угаахтай таарч байв. Галт тэргийг үдээс өмнө, хойно хоёр удаа байршуулдаг. Үдээс хойш 14 цагийн үед бүх ажил зогсч, хоосорсон галт тэрэгний оронд дүүрэн ачаатай вагон нөхнө. Үүний адилаар цемент буулгагчдын амьдрал өчигдрөө өнөөдрөөр нөхөн үргэлжлэх аж. Ирээдүйн тухай сайхан бодол санаанд нь буудаг ч хэт хол санагдаж, төдий л удаан үргэлжлэхгүй. Хэрэв өнөөдөр ажиллаагүй бол маргааш, нөгөөдөр гэж үгүй. Тэдний амьдрал өнөөдөрт л тогтнодог.
Толгой дээрээ цемент тохчихоод алхах тэр хүмүүс бүгд ижилхэн хувцастай ч сайн ажиглавал өөр өөр загвартай. Саравчтай малгай, гялгар гадаргатай цамц, жинсэн өмд өмссөн нь нийтлэг. Бас нэг чухал өмсгөл нь юүдэнтэй цамц юм. Толгойдоо цемент тохохдоо хүзүүндээ хүргэхгүй байх үүднээс юүдэнгээ өмсөнө. Толгойных нь хөлс малгайгаа нэвчиж, түүнд нь цементийн тоосонцор бууж дагтаршуулсныг харж болно. Нэгнийх нь нүд рүү цемент орчихоод дорхноо улайчихлаа. Пургисан цементийн дор хэсэгхэн зогсоход л сааралтаж гүйцлээ. Өдөржин ийм нөхцөлд, өдөр бүр ийм тоосон дунд ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд эргэлзээ төрүүлнэ. Тэднийг уушгинд сайн учраас нохойн мах иддэг гэх яриаг хэд хэд сонсч байлаа. Ачигчдаас тодруулж асуувал бүгдээрээ үгүй гэж хариулсан юм. Тэд өдрийн хоолондоо тос даасан хуушуур идэж, ундаа уудаг. Гуанз орохын төлөө хувцсаа сольж, нүүрээ угаах боломжгүй учраас хэн хоол авчирна түүнээс л идэх боломжтой. Цементэн хашаанд орсон бол бүх ажлаа дуусгалаа гэсэн үедээ л гарч явдаг ачигчид үнэндээ хоёр сая төгрөгийн цалинтай ч ирээдүй нь үл анзаарагдана. Хүч тамираа барж, эрүүл мэндээ зольж амьдарч байгаа тэд өдрөөс өдөрт шилжсэн, өнөөдрөө аргацаасан амьдралын дүр зургийг бүрэлдүүлжээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан