Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Солонгын “халсан” хүмүүс


Засгийн газрын тавдугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүнийг Төрийн банкнаас ашиг хувааж авсан хүмүүсийн нэг учир ажлаас чөлөөлсөн гэж байсан юм. Гэхдээ тэрээр халагдсаныхаа дараа сонинд өгсөн ярилцлагадаа Төрийн банкнаас таван жилийн ажлынхаа хөлс болох 15 сая төгрөг авсан тухайгаа дурдаж. Бусад хүн 250 сая төгрөгийн ашиг авч байхад албан тушаалынхаа дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийсний төлөө өгсөн мөнгө 15-хан сая төгрөг гэсэн байв. Үүнээс гадна тэрээр ЗГХЭГ-аас найман хүн халагдсан талаар ярьжээ.

Тэд олон жил ажилласан туршла­гатай, мэдлэг чадвартай төрийн мэргэшсэн албан хаагч байсан. Гадаадад сурч боловсрон, санал болгосон нэр хүндтэй албанд зүтгэж, хувийн байгууллагад ажиллах байх хэмээн ярьжээ. Үнэхээр түүний хэлсэн шиг ЗГХЭГ-аас долоон хүн халагдсан байна. Гэхдээ тэр хүмүүсийн тушаалыг Тэргүүн дэд дарга Ш.Солонго гэсэн гарын үсэгтэй гаргасан байх нь хачирхалтай биш гэж үү. Тэдний дунд өөрийнх нь туслахаас эхлээд түү­ний ойр тойрныхон байгааг эх сур­валж хэлнэ. Өөрийн гарын үсгээр ба­талгаажих тушаалыг тэрээр огт хөнд­лөнгийн хүн үйлдсэн мэтээр ярьсан байв.  Үнэн хэрэгтээ юу бол­сон бэ гэвэл тэрээр долоон хүний чөлөөлөгдөх тушаалыг нэг дор гаргаж, тамга тэмдэг дарж, гарын үсгээ зуржээ.

Тухайлбал, Зохион байгуулалтын газрын дарга Б.Доньжчимбууг тав­дугаар сарын 21-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Авлигатай тэмцэх газрын мэдэлд шилжүүлсэн 81 дүгээр тушаал байна.

Мөн Бодлого зохицуулалтын газрын Засгийн газрын ахлах ре­ферент Ж.Уранчимэгийг, Засгийн газ­рын ахлах референт Д.Ганчимэгийг тавдугаар сарын 15-ны өдрөөр та­сал­бар болгон төрийн албанаас чөлөөл­сүгэй гэжээ. Энэ тушаалыг тэднийг тэтгэвэрт гарах ёстой хугацаанаас нь нэлээн хожимдуулж гаргасан талаар яригдаж байгаа гэнэ. Энэ хоёр хүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай ч тушаалд дурдсан байна. Төрийн албаны тухай хуулийн 30.2-т “Төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заажээ. Энэ хоёр хүний нэг удаагийн тэтгэмж ойролцоогоор 30 гаруй сая төгрөг болж байгаа аж.

Харин үлдэж буй дөрвөн хүнийг төрийн албанаас түр чөлөөл­сөн тушаал гаргаж, гарын үсэг зурж ба­талгаажуулжээ. Зохион бай­гуу­лалтын газрын Засгийн газрын референт Н.Алтанцэцэгийг эрүүл мэндийн байдлыг харгалзан тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг жилийн хугацаагаар чөлөөлсөн аж. Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнийг тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар чөлөөлсөн үндэслэл нь гадаад сурах болсонтой холбоотой гэнэ. Бодлого зохицуулалтын газрын шинжээч Б.Нарангуаг тавдугаар сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын референт Ч.Эрдэнэчимэгийг тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар түр чөлөөлсүгэй Тэргүүн дэд дарга Ш.Солонго гэсэн долоон өөр тушаалыг нэг өдөр гаргасан байх юм. Төрийн албанаас түр хугацаагаар чөлөөлөгдөнө гэдэг нь тэр хугацаандаа ажилласанд тооцуулдаг аж. Төрийн албаны тухай хуулийн 23.5-т төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэжээ. Тэгэхээр энэ хүмүүс зүгээр ч нэг халагдаагүй төрийн албанаас түр хугацаанд нөөцөнд бүртгүүлээд чөлөөлөгдсөн байна. Дэвшүүлэн зайлуулах гэдэг шиг л түр чөлөөлж, ажлаас халсан болж таарлаа. 

Асуудал ингээд дуусахгүй. Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг тавдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлаар ажлаа халсан. Харин энэ “халагдсан” хүмүүсийн тушаал 17-ноор өмнөх өдрийнхөөр гарсан байгаа нь сонирхолтой. Яагаад гэвэл “халагдсан” хүмүүс нь түүний туслахаас эхлээд өөртэй нь ойр байдаг байж. Өөрийгөө чөлөөлөгдөхийг мэдэж байсан юм шиг өөрийн гарын хүмүүсээ толгой дараалан тойрох зуруулсан болж таарав. Халагдсан өдрөө тэрээр энэхүү долоон хүний тушаалыг гаргасан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл ЗГХЭГ-т ашигладаг албан бланкийг тоо, дугаарын дагуу нөөцөнд авдаг тухай мэдээлэл байгаа юм. Тиймээс ч ЗГХЭГ-ын даргын тушаал 2013 оны тавдугаар сарын 17-ны өдөр дугаар 77-оос эхлээд 83 хүртэл дугаартай байгаа нь анхаарал татна. “Халагдсан” хүмүүсээс Б.Нарангуа нь өөрийнх нь туслах, Ч.Эрдэнэчимэг ч мөн түүний туслахаар ажилладаг байж. Ер нь, ЗГХЭГ-т олон жил ажилласан Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын ая, эвийн олж ажиллах гэдэг хэцүү хэмээн нэг биш хүн хэлдэг. Тийм байтал өөрийн гарын үсгээр долоон хүн ажлаас халсан тухайгаа бусдын буруу мэтээр ярьж буй нь зүйд хэр нийцэх вэ. Тэгэх тэгэхдээ тэр хүмүүс нь халагдсан биш, харин ч дараагийн ажилдаа санаа зоволтгүй асуудлаа шийдүүлсэн болж таарч байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан