Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баяржаргал: “Анод”-ын хувьцаа эзэмшигчдийн хохирлыг яллагдагч нараас гаргуулах нь буруу


Нийслэлийн шүүх “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Харин тус банкны хувьцаа эзэмшигчид давж заалдах шатны шүүхийн шийдвэр бидний эрх ашгийг зөрчлөө гэж үзэж байна.
 Ингээд “Анод” банкны 1245 хувьцаа эзэмшигчийн өмгөөлөгч Г.Баяржаргалтай ярилцсанаа хүргэе.  



-Давж заалдах шатны шүүхийн магадлал яг юу гэж гарсан талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Нийслэлийн шүүх “Анод”-ын удирдлагуудад холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зөвхөн төлбөр төлөх хэсэгт өөрчлөлт оруулах магадлал гаргасан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулна гэснийг яллагдагч нараар хувь тэнцүүлэх зарчмаар 9.3 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар өөрчилсөн байгаа юм. Харин шүүгдэгч нарт оноосон хорих ялд өөрчлөлт оруулаагүй.

-Мэдээж, хяналтын шатны шүүхэд хандана биз дээ?
-Тэгэлгүй яахав. Нийслэлийн шүүхийн магадлалыг хяналтын шатны буюу Улсын Дээд шүүхээр хянуулна. Уг нь, анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах хүсэлтээ хүргүүлнэ.

-Нийслэлийн прокуро­рын газрын орлогч Ц.Бат­болд анхан шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх түүний эсэргүүцлийн дагуу магадлагаа гаргасан гэж ойлгож байна. Хохирогч нарын өмгөөлөгчийн хувьд та прокурорын бичсэн эсэр­гүүцлийн тухай юу хэлэх вэ?
-“Анод” банкны 1245 хувьцаа эзэмшигчид учирсан хохирол болох 9.3 тэрбум төгрөгийг төр буюу Сангийн яамнаас гаргуулах нь буруу гэсэн утгатай эсэргүүцэл бичсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс хувьцаа худалдан авч банкинд хөрөнгө оруулсан. Тэдний оруулсан хөрөнгийг банкны үйл ажиллагаанд зарцуулсан нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон байгаа. Тиймээс хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирлыг шүүгдэгч на­раас гаргуулах ёстой гэсэн. Прокурор ингэж эсэр­гүү­цэл бичихдээ хууль бу­руу хэрэглэсэн гэж үзэж байна. Банкин дахь мөнгөн хад­галамжид баталгаа гаргах тьухай хуулийн заалтыг үндэс­лэсэн байна билээ. Төрийн албан хааг­чийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг төр барагдуулна гэж хуульд заасан. Өөрөөр хэлбэл, Монголбанк, Сан­хүүгийн зохицуулах хорооны холбогдох зарим албан тушаалтны буруу­тай үйл ажиллагаа, “Анод” банкинд хувь­цаа гар­гах зөвшөөрөл хууль бусаар олгосноос ир­гэд хувьцаа худалдан авч хохирсон. Прокурорын бич­сэн эсэргүүцэлтэй холбог­дуу­лан хэлэхэд, 1245 иргэн хувь­цаа худалдаж авсан болохоос банкинд мөнгөө хадгалуулаагүй.

-Ямар тохиолдолд дээд шатны прокурор эсэргүүцэл бичдэг юм бэ?
-Прокурорын байгууллага хууль тогтоомж хэрэгжүүлдэг, иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл прокурор Ц.Батболд иргэдийн эсрэг эсэргүүцэл бичсэнийг ойлгохгүй байна. Уг нь, дээд шатны прокурор мөрдөн байцаагч, хэрэгт хяналт тавьсан прокурор хууль буруу хэрэглэсэн тохиолдолд эсэргүүцэл бичдэг. Ц.Батболд прокурорыг эсэргүүцэл бичиж байгаа гэж сонсоод хэрэгт хяналт тавьсан О.Мөнх­баатарын хууль зөрчсөн үйлдлийн тухай бичих байх гэж бодсон. Гэтэл тэгээгүй.

-“Анод”-ын хэ­рэгт хяналт тавьсан О.Мөнх­баатар прокурор яаж хууль зөрчсөн гэж. Энэ тухай тодруулахгүй юу?
-О.Мөнхбаатар прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хавтаст хэрэгт хяналт тавихдаа ноцтой зөрчил гаргасан. Энэ зөрчлийг дээд шатны прокурор нь эсэргүүцэлдээ дурдаагүй. 2012 оны зургадугаар сард “Анод” банкны хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Ингээд наймдугаар сарын эхээр шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн бай­цаалтад буцсан юм. Гэтэл есдүгээр сарын 28-нд О.Мөнхбаатар хэрэг хэрэгсэхгүй болгох тухай 306 тоот тогтоол үйлдсэн байдаг. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гурав хоногийн дотор хохирогч болон хэргийн оролцогч нарт албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл тэр мэдэгдээгүй. Бид анхан шатны шүүх хурал болохын өмнө Д.Баярсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг мэдсэн. Түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийг хассан үед нь хамруулж, хэрэгсэхгүй болгосон байгаа юм. Нэг хэсэг хуулиас энэ зүйл ангийг хассан гэж дуулиан болж байсан шүү дээ. Прокурорын байгууллагаас нэгэнт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон учир Д.Баярсайханд холбогдох асуудлыг шүүх авч хэлэлцээгүй. Хэлэлцэх боломжийг прокурор хааж боогдуулсан гэсэн үг. Тэгэхээр О.Мөнхбаатар прокурорын хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг  ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

-Энэ хэрэгт холбоотой хэмээн шалгаж байсан Монгол­банк­ны дэд ерөн­хийлөгч асан Б.Энххуяг, Хя­налт шал­­­гал­тын газрын дарга бай­­сан Ж.Ганбаатар нар ч хариуцлага үүрээгүй. Яагаад?
-Тэдэнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан шүү дээ.

-Та Монголбанк, Санхүү­гийн зохицуулах хорооны холбогдох зарим албан тушаалтны буруугаас болж хувьцаа эзэмшсэн иргэд хохирсон гэлээ. Өнгөрсөн хугацаанд тэдэнд холбогдох хэргийг сэргээн шалгуулах хүсэлтээ хууль хяналтын байгууллагуудад тавьж байв уу?
-Өмнөх шатны шүүх хурлын үед ч гэсэн хохирогч нарын өмгөөлөгчийн хувьд энэ тухай шүүх бүрэлдэхүүнд холбогдох бүх баримт материалаа өгч, хэргийг мөрдөн байцаалтад буцаая гэсэн хүсэлт гаргасан. Гол үндэслэлээ гэм буруутай этгээдүүдэд ял завшуулж байна тайлбарласан л даа. Хяналтын шатны шүүхэд энэ асуудлыг дахин хөндөх болно.

-Мөрдөн байцаалт, шүү­хийн шатанд 1245 хувьцаа эзэмшигчийн нэгнийх нь ч хохирлыг бүрэн бараг­дуу­лаагүй гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Харин “Анод” банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлын 50 хувийг төрөөс барагдуулсан. Өмнөх хоёр шатны шүүх хуралд Монголбанкнаас “Анод” банкинд томилсон Бүрэн эрхт төлөөлөгч болон Эрх хүлээн авагч оролцсон. Тэдний өгсөн мэдээллээр “Анод” банкны 100 тэрбум гаруй төгрөгийн өр авлагыг барагдуулсан. Цаана нь дахиад 100 тэрбум гаруй төгрөгийн өр авлага байгаа гэсэн. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид болон хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төлөх бүрэн боломжтой.

-Зарим шүүгдэгч болон өмгөөлөгч нь ““Анод”-ын асуудал бол эрүүгийн хэрэг биш. Иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал” гэж байр сууриа илэрхийлсэн. Хохирогчдын өмгөөлөгчийн хувьд та энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?
-Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой. Миний хувьд энэ бол эрүүгийн хэрэг гэж үздэг. Эрүүгийн хэрэг дотроо банкны үйл ажиллагаа хууль бусаар явуулсан хэрэг ч биш. Энэ бол залилан мэхлэх гэмт хэрэг. Тийм учраас банкны удирдлагуудыг Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар яллах ёстой. Тэгж үзэх үндэслэл ч байна. Тухайлбал, гурван тэрбум гаруй төгрөгөө “Анод” банкинд хадгалуулж байгаад алдсан Даваа гэж хүн бий. Тэр хүний хадгаламж эзэмшигчийн дэвтэрт таны хадгаламж тэдэн хувиар өсч байна гэж бичилт хийгээд явсан байгаа юм. Мөнгө нь өссөөр байгаад 3.4 тэрбум болсон. Хэрэг үүссэний дараа төрөөс банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлын 50 хувийг барагдуулсан. Даваа гуай очиж мөнгөө авах гэтэл “Уучлаарай. Таны нэр Хад­галамж эзэмшигчийн нэр­сийн жагсаалтад алга” гэсэн хариу сонссон байгаа юм. Хадгаламжийн дэвтэр гэж нотлох баримт байсаар байтал шүү. Тиймээс би үүнийг зали­лан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.

-Таны өмгөөлж буй 1245 хувьцаа эзэмшигч дунд хамгийн ихдээ хэдэн төг­рөгөөр хувьцаа худалдаж авсан хүн байна вэ?
-1245 хүнд нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. “Анод” банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхи нь төрийн албан хаагчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа юм. Олонхи нь 2-10 хүртэл сая төгрөгөөр хувьцаа авсан байдаг. 400-500 мянган төгрөгөөр авсан 2-3 хүн бий. Зарим хүн бүр байраа зарсан мөнгөөрөө хувьцаа авчихсан байх жишээтэй. “Анод” банкны хэргээс болж үнэт цаасны зах зээлд итгэх иргэдийн итгэл буурсан гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан