Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хог тээвэрлэгч компанийг хууль бус тендерээр ”цэвэрлэсэн үү”

Нийслэлийн иргэдийг ажил орлоготой болгох ёстой төрийн байгууллагууд хувийн компанийн ажилтнуудын хоолыг булааж буй тухай хог тээвэрлэгчид мэдэгдлээ. 125 ажилтантай “Улаанбаатар шинэчлэл” компани Сүхбаатар дүүргийн найман хорооны нутаг дэвсгэрийн ариун цэврийг сахиулдаг. 2011 оноос хойш энэ ажлаа гүйцэтгэж ирсэн боловч өнгөрсөн сараас ажилгүй болох нь тодорхой болжээ. Учир нь, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хог тээвэрлэгч компаниудын дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж, компаниудад цензур тавьсан аж. Энэ нь ч зөв бөгөөд хотын цэвэр цэмцгэр байдал улам хариуцлагатай, үр өгөөжтэй болох нь мэдээж. Гэвч шалгаруулалтын үр дүн санаснаас өөр байсан тухай компанийн ажилтнууд гомдоллов.

Сонгон шалгаруулалтад орохын тулд өнгөрсөн хоёр жил хэрхэн ажилласнаа дүүрэг, хорооны иргэдээс санал авч, судалгаа явуулжээ. Тавдугаар хорооны 15 орон сууцны иргэд ам сайтай байгаагаа албан бичиг болгон нэгтгээд СӨХ-оодоор уламжилсан байна. Мөн “Алтан-Өргөө”, “Ган-Эрдэнэ”, “Байгууламж”, “Орд 789”, “Тэгш”, “Гэрлийн үзүүр” гээд олон СӨХ-оос “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хамт олонд талархсан, цаашид хамтран ажиллахыг хүссэн захидал хүсэлт тасраагүй аж. 3-7 дугаар хорооны Засаг дарга нар ч өөрийн тамга, гарын үсэгтэй албан бичиг ирүүлэхдээ оршин суугч, иргэд маань та бүхний ажлыг сайнаар үнэллээ гэсэн агуулгатай байсныг баримтаар дэлгэв. Нийслэл, дүүргийн цэвэрч, ажилсаг хамт олны уралдаанд удаа дараа хамт олноороо хошуучилж байсныг компанийн  үйлчилгээний албаны дарга Ш.Алагаа хэллээ. Ийм өндөр үзүүлэлттэй компани сонгон шалгаруулалтаас гараагүй юм бол ямар байгууллага тендерт ялдаг вэ гэх асуулт зүй ёсоор ургана.

Байгуулагдаад удаагүй “Алтан Дорнодын Хүч” компани Сүхбаатар дүүргийн тендерт ялсан нь ямар нэгэн шаардлагад нийцэхгүй байгааг гомдол гаргагч нар тайлбарлав. Тендерийн урилга буюу зар гарахад гэр хорооллын хог, хаягдлыг бүтээлэгтэй, шахдаг тэвштэй автомашинаар цэвэрлэх. Нэг хороонд хоёр буюу түүнээс дээш тооны ачигч машинтай, ажилтнууд нь туршлагатай буюу хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх гэх зэргийг тусгажээ. Гэтэл шалгарсан компани нь өнөөдөр өөрийн гэсэн техник, хэрэгсэлгүй учраас бусдаас хогны машин гуйж явааг дуулгалаа. Мөн хүн хүч дутмаг учраас шаардлагатай газруудаа бүрэн гүйцэд цэвэрлэж чадахгүй, хогондоо дарагдчихаад байна гэв. Хамгийн хачирхалтай нь, үүний дэргэд туршлагатай бөгөөд техник, хүн хүчээр бүрэн хангагдсан “Улаанбаатар шинэчлэл” компани бүдэрчихжээ. Нийт 125 ажилтантай, он гарснаас хойш ногоон байгууламжийн арчлалтын мэргэжлээр 20 хүн ажилд авсан, хувийн байгууллага. Өмнөх хоёр жилийн турш ажлаа сайн гүйцэтгэж байсныг иргэд, оршин суугч, аж ахуйн нэгжүүд батална гэдэгт итгэлтэй байна. Үүнийг батлах үзүүлэлт нь нийслэлийн болон дүүрэг хамарсан цэвэрлэгээний байгууллагын уралдаанд амжилттай оролцож, түрүүлж байсан явдал гэв.

Тэдний гомдоллож буй гол зүйл нэгдүгээрт, ажилгүй иргэдээ ажлын байраар хангах ёстой төрөөс юу ч нэхээгүй хүмүүсийн хоолыг булаасан явдал. Хог ачигч, байцаагчаас эхлээд олон хүн хийх ажилгүй болохоос гадна тэдний гэр бүлийн нийт 200 гаруй хүн орлогогүй болж буй хэрэг. Хоёрдугаарт, бодит байдал дээр илэрхий ялгааг үгүйсгэж, шударга бус байдлаар шалгаруулалт явуулсан гэв. Тиймээс дүүргийн Засаг дарга болон албаны хүмүүст мэдэгдэл, гомдлоо хүргүүлэх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынханд мэдэгдэхээ илэрхийлэв. Гуравдугаарт, хотын дарга Э.Бат-Үүл болон удирдлагууд хогоо цэвэрлэх, сайхан хоттой болох олон санаачилга дэвшүүлж байгааг дэмждэг хэдий ч доод нэгжид ажил гүйцэтгэгч нар хангалтгүй, шударга бус байгааг шүүмжиллээ.
Өнгөрсөн сарын 10-нд зарласан сонгон шалгаруулалтаас гадуур үлдсэн “Улаанбаатар шинэчлэл” компани 2005 онд байгуулагдсан. Японы Жайка төслийн хүрээнд “Цүзүки Юмэ” компанитай хамтран Сүхбаатар дүүргийн тав, долоодугаар хороонд хог хаягдлын менежментийн төсөл хэрэгжүүлжээ. 2009 онд уг төслийн үр дүнд иргэд, аж ахуйн нэгжээс сайн үнэлгээ авч байсан гэнэ. Хог тээвэрлэлт буюу хотын ариун цэврийг хангах зорилгынхоо хүрээнд урьд нь ч асуудал дэвшүүлж байсан аж. Жишээ нь, өрх бүр хогны төлбөрт 2500 төгрөг өгдөг ч үүнээс бага байх боломжтой гэв. Орон сууцны айл бүр 908 төгрөг, гэр хорооллын өрхүүд 1900 төгрөгөөр хогоо ачуулдаг байхад ямар нэгэн алдагдалгүй гэх судалгаа тооцоог өнгөрсөн онд танилцуулж байлаа. Мөн нийслэлд хогны машин хангалтгүй, хүрэлцээгүй гэдэг нь худлаа хэмээн хэлэхдээ хувийн байгууллагуудыг орхигдуулсан гэж шүүмжилсэн юм. Хогны машиныг дагаж улс төрийн шоу болон албан тушаалтнууд халаасаа зузаатгах ажил хэрэгждэг хэмээн хэлээд баримт дэлгэлээ. Урьд нь, нэг бүр нь 100 саяг төгрөгөөр үнэлэгдэж буй хог цэвэрлэх машиныг “Улаанбаатар шинэчлэл”-ийнхэн тус бүр 30 сая төгрөгт оруулж ирэх санал тавихад нь тендерт орох эрхийг нь хасч байсан гэнэ. Мөн 2009 оны долдугаар сарын 14-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 72 машин хүлээн авч, ёслол үйлдсэн. Үүний зарим нь парк, гарааштаа ч хүрэлгүй эвдэрч байсан гэнэ. Учир нь, үйлдвэрлэл нь зогссон, хуучин машинууд байж. Нийт есөн тэрбум төгрөгөөр оруулж ирсэн боловч үнэндээ нэг ширхэг нь 25 сая төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Тэгэхээр 72 машинаа 1.8 тэрбум төгрөгөөр авчирсан болж, бусад мөнгө нь ор сураггүй замхарсан нь тодорхой болжээ. Энэ мэтээр хог тээвэрлэлт болон цэвэрлэгээний салбар дахь олон асуудлыг шүүмжилж байсан “Улаанбаатар шинэчлэл” өнөөдөр хийх ажлаасаа хууль бус замаар саллаа гээд гомдолтой байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан