Дэлхий дээр өдөр бүр 20 мянган хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхиж байна гэсэн статистик тоо миний өмнө байна. Дэлхийн нэг бөөрөнд хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдэж байхад нөгөө хэсэгт нь илүүдэл хоол хүнсээ хогийн сав руу хийж буй эсрэг тэсрэг дүр зураг нь хорвоогийн эрээн бараан амьдралыг илтгэх юм. Хүн төрөлхтөн үйлдвэрлэсэн хоол хүнснийхээ 1/3-ийг хаядаг гэх судалгаа байдаг. Энэ нь, дэлхийн байгалийн баялагт маш муу нөлөө үзүүлж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байна. Хоол хүнсээ хаяхыг зогсоосноор бид мөнгө, нөөц баялгийг арвилан хэмнэж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хамгийн гол нь хүн бүр хангалттай идэх хоолтой болох тооцоог эрдэмтэд хийжээ. Өөрөөр хэлбэл, 870 сая хүн хоол тэжээлийн дутагдалд орж, хүүхэд насаа өлөн зэлмүүн амьдралаар өнгөөрөхгүй болох юм.
НҮБ-аас Дэлхийн байгаль орчны өдрийг 1972 оноос хойш жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Уг өдрийг энэ жил манай улсад тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Манай оронд уул уурхай, эдийн засаг маш хурдацтай хөгжиж байгаагийн зэрэгцээ ногоон хөгжлийг эн тэргүүнд тавьж, хүүхэд залуучуудын байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байгаа нь энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх урьдач нөхцөл болсон аж. Мөн монголчууд хоол хүнсийг хаядаггүй хүнсний бүтээгдэхүүнийг нүүдлийн уламжлалт аргаар хадгалдгаараа бусад орноос үлгэр жишээ үзүүлж чадна хэмээн НҮБ сайшаасан учир “Бод, ид, хэмнэ” гэсэн уриатай дэлхийн байгаль орчны өдрийн зохион байгуулагчаар манай орныг сонгосон юм. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд БОНХЯ энэ сарын 1-5-ны хооронд Улаанбаатарт марафон гүйлт, дугуйн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тэгвэл өчигдөр Төрийн ордонд “Ногоон хөгжлийн үндэсний чуулган” зохион байгууллаа. Чуулганаар “Ногоон соёл иргэншилийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжил дэх шинжлэх ухаан, бодлогын цогц асуудал”, “Экосистемийн үйлчилгээний төлбөр” зэрэг үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн “Ногоон хөгжил: Олон улсын туршлага ба үндэсний загвар”, “Ирээдүйн Монгол: Тогтвортой хөгжлийн 10 жилийн судалгаа, хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” салбар хуралдаан болов. Уг чуулганаас салбар хуралдаануудын үр дүнг нэгтгэж ногоон хөгжлийн “Улаанбаатарын санаачилга”-ыг гаргах аж. Энэ жилийн байгаль хамгаалах өдрийг манай улс “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод-Ид-Хэмнэ-Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриан дор тэмдэглэж байгаа юм.
Энэ үеэр Байгаль орчин ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа. -Дэлхийн байгаль орчны өдрийг “Бод-Ид- Хэмнэ” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Урианы талаар тайлбарлахгүй юу?
-“Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод-Ид- Хэмнэ-Хоол хүнсний хаягдлыг багасгая” уриалгыг НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрөөс дэвшүүлэн ажиллаж байна. Зарим хүн хүнсний бүтээгдэхүүнд хэт өндөр стандарт тавиад муудсан байна гээд хаядаг. Гэтэл дэлхийн нөгөө хэсэгт хоёр тэрбум хүн өлөн зэлмүүн амьдарч байдаг. Үүнийг л засч залруулахын тулд “Бод- Ид-Хэмнэ” гэсэн уриалгыг гаргасан хэрэг. Манай өнөөдрийн чуулган ч гэсэн “Бод-Ид-Хэмнэ” гэсэн уриан дор явж байна.
-Ногоон хөгжил гэж их ярих болж. Чухам юуг ийн нэрлээд байна вэ?
-Ногоон хөгжил бол харьцангуй шинэ ойлголт. Ихэнх хүн мод тарьж ургуулах, усаа хэмнэх, байгалиа хайрлан хамгаалах гэж ойлгодог. Эдгээр нь ногоон хөгжлийн нэг хэсэг ч мөн л дөө. Гэхдээ байгаль орчны бус бусад салбар нь байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй, үр ашиг өндөр, ач холбогдол ихтэй үйл ажиллагаа явуулахыг ногоон хөгжил гэж хэлээд байгаа юм. Бас хамгийн өндөр үр ашигтай, хэмнэлт гаргаж чадаж байгаа загварыг ногоон эдийн засаг буюу ногоон хөгжил гэж хэлж болно.
-Манайх ногоон хөгжлөөр жишиг улс болох боломж бий юү?
-НҮБ-ын хурал зөвлөлгөөн бүрт ногоон эдийн засгийн жишиг улсаар Монголыг сонгох талаар санал санаачилга гаргасаар байгаа. Монгол ногоон эдийн засгаар хөгжихөд давуу тал ихтэй, бусад орныг бодвол цөөн хүн амтай, “хүрэн эдийн засаг”-ийн хамгийн тод жишээ болоод байгаа химийн хортой, хүнд үйлдвэр харьцангуй бага хөгжсөн улс. Ногоон хөгжлөөр тэргүүлэх жишиг улсын нэг болоход бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Кени улсад зохион байгуулагдсан Байгаль орчны сайд нарын Дэлхийн чуулганаас дэлхийн байгаль орчны өдрийг энэ онд Монгол Улсад зохион байгуулах болсон. Энэ дагуу олон ажил зохион байгуулж байгаа. Түүний нэг болох “Ногоон хөгжил” үндэсний чуулганы үеэр бид Монгол Улс ногоон хөгжлийн түүчээ болон хөгжинө гэдгээ албан ёсоор илэрхийлж байна.
Экспортын хоол хүнс үйлдвэрлэгчид хоол хүнсний гадаад өнгө үзэмжид хэт их ач холбогдол өгч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөгжилтэй орнуудад хоол хүнсний бүтээгдэхүүн айл гэр, зочид буудал, зоогийн газар гэх мэт хэрэглэгчийн гар дээрээс их хаягдаж буй нь хог боловсруулах байгууламжийг хөгзрүүлэн өмхийрүүлж их хэмжээний хүлэмжийн хий болон метаныг агаарт дэгдээдэг аж. Энэ бүхэнтэй тэмцэх зорилго НҮБ тавиад байгаа аж. Дээрх арга хэмжээний үеэр манай улс ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэмжиж буй дэлхийн найман орны нэгд багтвал байгаль орчны салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх юм байна.