Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Нацагдорж: Эмнэлгийн найдвартай үйлчилгээ авахын тулд иргэд гадаадыг зорьдог


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.Нацагдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед дэлхийн анагаах ухааны дэвшилтэт эмчилгээ сувилгааны аргыг нэгдүгээр төв эмнэлэг нэвтрүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Ер нь, анагаах ухааны салбарт ямар шинэ мэс засал, эмчилгээ нэвтрүүлээд байна вэ?
-Манай эмнэлэг улсын ууган эрүүл мэндийн байгууллага. 1925 онд Монгол Улсад хамгийн анхны шинжлэх ухаанд суурилсан европ эмчилгээтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үедээ 15 ортой нэг эмч, сувилагчтай ажиллаж байсан гэдэг. Түүнээс хойш бид 88 жил тасралтгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулж ирсэн. Манай эмнэлгийн ачаалал маш өндөр байдаг. Тухайлбал,  Хавдар судлалын үндэсний төв гэж байдаг ч эрүү нүүрний, бөөрний, бүдүүн, шулуун гэдэсний хавдартай хүмүүс  манай эмнэлэгт ханддаг. Халдварт өвчин судлалын үндэсний төв гэж бий ч, халдварт өвчтэй хүн мөн л манайд ирдэг. Эдгээр иргэнд харьяалал харгалзахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Шинээр нэвтрүүлсэн тусламж үйлчилгээ гэвэл Монгол Улсад анх удаа 2006 оноос хойш зөвхөн манай эмнэлэгт  бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Мөн 2012 оноос элэг  шилжүүлэн суулгах,  үе шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийж эхэлж байгаа.

-Танай эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах тасгийн  аппаратад орох гэж хүмүүс хэдэн өдрөөр дугаарлан зогсдог. Хэдэн өвчтөнд үйлчилдэг юм бол?
-Манай хиймэл бөөрний төвд 170 хүн тогтмол ордог. Аппаратны маань хүчин чадал 120 хүн орох ёстой ч стандартаасаа хэтрүүлэн ажилладаг. Энэ хүмүүс бөөр шилжүүлэн суулгуултлаа зөвхөн хиймэл бөөрөөр л амьдардаг. Улсын хэмжээнд нийт 50 гаруй бөөрний аппарат байгаагаас 30 нь манайд байдаг. Бусад эмнэлэгт хоёр, гурван ширхэг л бий.  2006 оноос хойш энэ төрлийн 70 гаруй мэс засал хийсэн. Энэ бол тийм олон хийдэг хагалгаа биш. Учир нь, өөр хүний бөөрийг өвчтэй хүний биед суулгадаг учраас бөөрнийх нь олдоц мөн хамаатан садан нь  бөөрөө өгөхийг зөвшөөрөх,  авч байгаа хүний тохироо таарсан байх ёстой гээд олон асуудал байдаг.

-Уулзсан хүн бүр л бараг бөөр, нурууны өвчтэй гэх болж. Яагаад өвчлөл их болоод байна вэ. Шалтгааных нь тухайд?
-Цаг уур, амьдралын хэв маяг, хөдөлгөөн, давсны хэрэглээ гээд маш олон нөлөө бий. Хүмүүс байнга машин унаж, дандаа суугаа ажил хийж хөдөлгөөн дутагдснаар таргалж, чихрийн шижин өвчин тусдаг нь бөөрний дутагдалд хүргэж байна.

 -Цаашдаа манайд шинээр нэвтрүүлж байгаа мэс засал, эмчилгээнүүдийг өөрийн оронд нутагшуулахын тулд юу хийх хэрэгтэй юм бэ. Манай улсад эмчлэгдэхгүй гэсэн шалтгаанаар  олон хүн гадаад орныг зорьж байгаа шүү дээ?
-Хамгийн түрүүнд, энэ төрлийн тоног төхөөрөмжийн хангалт сайн хийх хэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх сургалт байнга зохион байгуулах шаардлагатай. Харин манай эмнэлэг эмч, ажилчдаа мэргэшүүлэх тал дээр хангалттай сайн ажилладаг. Эрүүл мэндийн яамнаас манай улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн 20 гаруй төрлийн өвчний жагсаалт гаргасан байдаг. Энэ өвчнүүдээс сонгон эмч, мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх талаар ажиллаж байна. Монголд эмчлэгдэх боломжгүй гэхээсээ илүү найдвартай, баталгаатай тусламж үйлчилгээг авах гэж гадаад орныг зорьдог. Тэрнээс биш Монголд эмчлэгдэх боломжгүйдээ биш.

-Тэгвэл Монголд яагаад найдвартай тусламж үйлчилгээг хүргэх боломжгүй гэдэг юм бэ?
-Боловсон хүчний хангалт, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, төсөл санхүү зэргээс шалтгаалж байгаа хэрэг.

-Танай эмнэлгийн төсөв хөрөнгө хэр хүрэлцээтэй байдаг бол?
-Төсөв хязгаарлалттай ирдэг. Тухайлбал, элэг, бөөрөнд зориулсан төсөв гэж байдаггүй. Нийт төсвөөсөө гаргадаг.

-Эмнэлгүүд ачааллаа даахгүй байгааг хүн бүр л мэддэг. Танай эмнэлгийн хувьд жилд хэдэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэдэг вэ?
-2012 онд 220 мянга гаруй хүн амбулториор үйлчлүүлж 20 гаруй мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байдаг. Нийт тусламж үйлчилгээнээс найман төрөл нь зөвхөн манай эмнэлэгт хийгддэг. Жишээ нь, дотоод шүүрэл, цусны эмгэг, бөөрний, бүдүүн гэдэсний мэс засал гэх мэт.

-Эмч ажилчид боловсон хүчний хүрэлцээ хэр байдаг вэ. Нэг эмч хоёр гурван хүний ажлыг орлож хийдэг гэдэг?
-Энэ  үнэн шүү. Гэхдээ Засгийн газраас ажиллах хүчний орон тоо баталж өгдөг учраас тэр хэмжээндээ л ажиллах хэрэгтэй. Гэтэл стандартдаа хүрдэггүй. Манайх 750 гаруй эмч, ажилчинтай. Стандартаар бол 1200 гаруй ажилчинтай байх ёстой л доо. Тэгэхээр 400 гаруй ажилчин дутагдалтай гэсэн үг.  ЭМЯ-наас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр бараг байдаггүй. Орон нутагт түлхүү байдаг юм. Харин эмнэлгийн зүгээс өөрсдөө гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж, боловсон хүчнээ мэргэшүүлэх тал дээр анхаардаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан