Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын шинэчлэл Баянзүрхээс эхэллээ


Жилд найман хувийн хүүтэй моргейжийн зээлийн ерөнхий журам баталсны маргааш Улаанбаатарт шинэ бүтээн байгууллын ажил өрнөлөө. Нийслэлийн гэр хорооллыг чөлөөлж орон сууц барих, дэд бүтцэд холбох их ажлын анхдагчууд нь Баянзүрх дүүргийнхэн аж. Тус дүүргийн найм, 16 дугаар хороонд 700 гаруй өрх амьдардаг. Тэдний 80 гаруй хувь нь шинэ орон сууцтай болох нь зөв гэдэгтэй санал нийлж, бүтээн байгууллыг хариуцсан “Баганат өргөө” ХХК-ийнханд зөвшөөрөл өгчээ.

Ийнхүү гэр хорооллын оронд тохилог орон сууц байгуулж, өвлийн цагт утаа, дулааны улиралд тоос шорооноос ангижрах ажил гараанаас хөдөллөө. 700 өрхийн эзэмшиж буй 100 гаруй га талбайд нийт 10 мянган айлын орон сууц байгуулах аж. Мөн 640 хүүхдийн хоёр дунд сургууль, 280 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, дэлгүүр, ресторан гээд цогцолбор байгууламж босох тухай салбарын сайд Ц.Баярсайхан танилцуулав.

Зургаан айлын хашааг чөлөөлж, байшинг нурааж тэгшилжээ. Иргэд газраа түр чөлөөлж, орон сууц байгуулах ажил өрнөх учиртай. Мэдээж тэдний газар болон барилга байшинг үнэлсэн. Нийслэлийн өмчийн харилцааны газраас боловсруулсан шинэ журмын дагуу иргэдийн газрыг ам.метр бүрээр үнэлж нөхөн олговор олгожээ. Хагарсан тоосго, шаврыг нь трактораар түрж тэгшилсэн газар намгархаг бололтой. Хүн явахад зориулж модон хавтангаар түр халхалсан байв.
10 мянган айлын орон сууц барих “Баганат өргөө” компанийнхан бүтээн байгууллынхаа үзүүлэнг дэлгэж, иргэдэд сурталчиллаа.

Тус компанийн барилгын ажилтай зэрэгцээд дэд бүтэц, дулааны шугам шинээр тавих ажил эхэлж байгаа нь онцлог ажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ бүхнийг “Аман хуур” киноны хоёрдугаар анги хэмээн тодорхойлов. Иргэдийн газрыг чөлөөлж, тохилог орон сууц байгуулах ажил дахин эхэллээ. Анх бид орон сууцны хороолол, хоттой болох байсан ч гэр хорооллоо буруу төлөвлөснөөс ийм байдалд хүрсэн. Гэхдээ кинонд газраа өгөхгүй гэсэн эмэгтэй барилгачидтай муудалцаж байж газраа өгдөг бол өнөөдөр тийм хүндрэл гарахгүй гэсэн юм.

Мөн тэрээр нийслэлээ дахин төлөвлөж, хот шиг хот болгох ажилд “Чингис бонд”-ын мөнгөнөөс зарцуулж байгааг дуулгалаа. Бондын  их мөнгө хааччихав гэж асуувал үүнийгээ заагаарай. Газар доогуур төмөр шугам хоолой болж, таны амьдран суух тухтай байр сууц болж байгааг хэлээрэй гэв. Гэр хорооллын 12 байршлыг дэд бүтэц, эрчим хүчээр холбох, орон сууцны 10 хороолол байгуулах ажилд нийт 416 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс 200 гаруй тэрбумыг нь энэ онд гаргахаар болсон тухай Ц.Баярсайхан сайд хэлсэн. Тодруулбал, хот даяар дэд бүтэц холбох, шинээр тавих ажилд 120 тэрбумыг зарцуулна. Үлдсэн мөнгийг шинэ хороолол байгуулахад төсөвлөжээ. Баянзүрх дүүргийн хоёр хороог хамарч босох “Баганат өргөө” компанийн 10 мянган айлын орон сууцанд 24.3 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэнэ. Дээрх 22 цэгт 10 кВт-ын цахилгааны кабель утас 196 мянган метр, цахилгаан хуваарилах байгууламж 16 ширхэг, дэд станц 147 ширхэг байгуулна. Мөн дулаан хангамжийн 215 мянган метр шугам, дулаан дамжуулах 57 төв /ЦТП/ барих аж. Гэр хорооллын дулаан хангамжийн долоон эх үүсвэрийг шинэчилж өргөтгөнө. Цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүднээс 20 цэгт гүний худаг гаргаж, 2800 шоо метр эзэлхүүнтэй хоёр усан сан байгуулах юм. Мөн 20 мянган шоо метр  эзэлхүүнтэй цэвэрлэх байгууламж шинээр барина. Үүнийг дамжуулах цэвэр усны 13 мянга, бохир усны 51 мянган метр урттай шугам татахаар төлөвлөжээ.

Энэ их ажлын эхлэл болгож Ерөнхий сайд Н.Алтанхуяг, сайд Ц.Баярсайхан, компанийн захирал О.Батсайхан болон иргэдийн төлөөлөл хамтарч магистраль шугам тавих чиглэлийг тодорхойлж, цагаан сум тавив. Үүний дагуу ухагч трактор шугам сүлжээний нүх ухаж, ажилдаа орлоо. Энэ онд 200 гаруй мянган метр цэвэр, бохир усны суваг, дулааны шугам сүлжээ тавих ажил ийнхүү эхэлсэн юм. Мөн үүнтэй холбоотой цэвэр усны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх ёстой. “Баганат өргөө” компанийн шинэ хороолол 2014 онд дуусах бөгөөд хашаагаа чөлөөлсөн бүх айлын газар эзэмших эрх нь орон сууц эзэмших эрхээр солигдох тухай компанийнхан хэлж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтээн байгууллын үр дүнд шинэ гэр хороолол, шинэхэн орон сууцнууд ашиглалтад орно.

2013 он Улаанбаатар хотод урьд байгаагүй их ажил өрнөсөн жил болох нь энэ бүхнээс харагдана.Нөгөө талаас өөрсдийн эрүүл, аюулгүй амьдрах, үр хүүхдийнхээ сайхан амьдралын төлөө зөв сонголт хийсэн оршин суугчдад талархах нь зүй. Нийслэлийн өнгө төрхийг өөрчлөх үйлсийн анхны гараа энд амьдрах 700 өрхийн зөвшөөрлөөр биелж буй нь энэ. Тэдний жишгээр бусад дүүргийн гэр хорооллын иргэд ч газраа чөлөөлж, тохилог орон сууцтай болохоор шийдэх нь мэдээж. Төрийн байгууллага, хувийн компани, иргэд оршин суугчдын хамтран ойлголцол ямар асуудал шийдвэрлэх вэ. Юун түрүүн нийслэлийн гэмт хэргийн 70 хувь нь гэр хороололд гардаг, сая гаруй хүн жилийн дөрвөн улиралд агаар, орчны хэт бохирдолтой нөхцөлд амьдардаг, жил бүр дунджаар 10.5 мянган өрх орон нутгаас шилжин ирээд гэр хорооллын хаяаг тэлдэг. Мөн гэр хороололд ажилгүйдлийн төвшин өндөр, ойролцоогоор 210 мянган айл өрх амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур буюу ядуу буурай аж төрдөг асуудал бий. Үүнийг шинэ орон сууцны хороолол, түүнд хүрэх 20 жилийн хугацаатай, бага хүүтэй орон сууцны зээлийн асуудал шийдэхийн төлөө хэрэгжиж буй. Гагцхүү дээр өгүүлсэн гурван талын хамтын ажиллагаа л бүх ажил бодитоор, түргэн хэрэгжих үндэс болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан