Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баярласан, баяжсан, бухимдсан өдрийн өнгө


“2003 оноос албан ёсоор “хүүхдийн” гэж нэрлэсэн нэгэн баяр амралтын өдөр орон даяар болж  өнгөрлөө. “Ямар дүн авсан”, “Яагаад үймүүлээд чихнээс хонх уяад байна”, “Өдөр цай талх идэж уусан уу”, “Гутал хувцсаа урчихсан уу” гэх мэт хэлбэр төдий анхаарлыг хүүхдэдээ тавьдаг ээж, аавууд энэ баярыг дөхөхөөр жинхэнэ эцэг, эхийн ёсоор хайр халамж үзүүлдэг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Баярын өдөр хүүхдүүд дуртай амттан, хоолоо авахуулж хүссэн тоглоомоо нэхэж, өдөр болгон өмсөөд байдаггүй ганган хувцсаа бусдын өмнө гайхуулна, дээр нь томчуудаас бэлэг авна.  Хамгийн гол нь, аав ээж нь ямар их хайртай, халамжтайг бодитоор мэдэрч, чин сэтгэлээсээ баярлана. Дараа жил бушуухан болоосой гэж тэсэн ядан хүлээнэ.

Улсын нүүр царай болсон нийслэлд  Хүүхдийн баяр ямар хэлбэр, агуулгатай болно, бусад газар ч төстэй болдог. Тэгэхээр Улаанбаатарт баяр ямар болж өнгөрснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Энэ жилийн баяр сум ба аймгийн төвөөс эхлээд нийслэл хүртэл газар болгонд хүүхдүүдийн хувьд гоё болжээ. Ингэж баярлах ч ёстой, эрхтэй. Ээж, аав нар нь ч жилдээ ганц удаа болдог баяраар нь хүүхдээ хараад баярласан нь гарцаагүй.

Харин баяжсан нөхдийн тухайд гэвэл... Юуны өмнө, нүсэр том гипермаркет, супермаркетаас эхлээд жижигхэн ТҮЦ, лангуу хүртэл хэдэн өдөр олдог орлогоо хэдхэн цагийн дотор хийж баяжлаа. Борлуулалт сайтай ба муутай бараануудаа хольж багцалж байгаад янз бүрийн үнэтэй бэлдсэн бэлэг нь дууссан нь гарцаагүй. Учир нь, түгжигдсэн мөнгөө суллах алтан боломжийг алдвал нүгэл. Зайрмаг, ундаа, бялуу, амттанууд дутахааргүй их орлого оруулав. Хүүхдийн тоглоомын бизнес эрхлэгчдийн хувьд энэ баяр ёстой л хүсэн хүлээж байсан супер орлогын өдөр байлаа.

Ганц баяраар нь хүүхдэдээ тоглоом авч өгөхийг хүсэхгүй аав, ээж гэж байхгүй. Жирийн үед эргүүлж тойруулан шалгаад, хурдан эвдэрчих юм биш биз гэх мэтээр элдэв асуулт тавьж ядаргаа болдог аав, ээж нар энэ баярын өдөр нам болж дуугүй л авч өгнө гэдэг нь сайхан. Түүгээр ч зогсохгүй гар дээрээс элдэв зүйл зардаг хүмүүсийн бизнес “од”-той байсан гэхэд хилсдэхгүй. Нүдний шил, жижиг тоглоом, бөмбөлгөөс эхлээд ямар махаар хийсэн нь ойлгомжгүй шорлог хийгчид хүртэл бүгд л чамлах нь бүү хэл ийм баяр өдөр болгон болоосой гэж хэлтэл орлого олсон биз. Тэр байтугай бизнес эрхлэгчид ч төдийгүй улстөрчид ч муугүй баяжаад авсан. Гэхдээ тэд мөнгөөр биш харин сонгогчдын сэтгэлийг байлдан дагуулж рейтингээр баяжив. Эгэл жирийн мянга мянган айлын адил хүүхдээ баярлуулах гэж гүйдэг, анхаарал тавьдаг гэдгээ сонгогчиддоо харуулна гэдэг сайхан боломж. Үүнийг ч тэд муугүй ашиглаж байгаа харагдсан. Наад зах нь, УИХ-ын гишүүд өөрийн хүүхдүүддээ ажлаа танилцуулж, тэднийг тэжээн гоё тоглоом, хувцас авч өгөх гэж  ямар нөхцөлд ажилладгаа харуулав. Ингэснээрээ тэд “Сайн хичээвэл нэгэн цагт чи ч бас ийм албан тушаалтай болно гэсэн” их мундаг эерэг сэдлийг өөрсдийн хүүхдүүддээ төрүүлэхийг хүссэн байх л даа. Телевизийн олон сувгийн нэвтрүүлгээр ч хүүхдийн эрхийг яаж хамгаалдаг болон хамгаалах гэж байгаа тухай их ухаалаг онч мэргэн үгс ярьсан улстөрчид ч их гарав.

Энэ мэтээр шат шатандаа, зиндаа зиндаандаа муугүй л баяжсан баяр боллоо.
Бухимдлын тухайд гэвэл... Хүүхдийн баярын гол арга хэмжээ болж буй газар болон Хүүхдийн соёл амралтын хүрээлэн рүү дөхөх тусам хэн бүхний дасал болсон замын бөглөө ихэснэ. Зарим үед зуун метр газрыг дөч тавин минут туулна. Энэ их бөглөөг аль болох хурдан гаргах, баярлаж байгаа хүүхэд, томчуудыг осолд оруулчихгүйн тулд өөрийн хүүхдээ ч баярлуулахаа мартан өглөө үүрээр ажилдаа гарсан замын цагдаа нар их бухимдав. “Түр зогс, энэ эгнээгээ явуулаад, аюулгүй гаргах нөхцөл бүрдүүлье” гээд 30-60 секунд хүлээлгэх төдийд л “ Яасан удаан зогсоолгодог юм. Би эрхээ эдэлж байна” гээд машины урдуур гүйх хүн цөөнгүй л харагдаж байна лээ. Өөр нэг бухимдал төрүүлэх зүйл бол зарим хүний хувийн соёлгүй байдал гэдэгтэй та санал нийлэх байх. Баярын арга хэмжээ болж буй газар руу ойртох тусам замын хажууд хөглөрөх зайрмаг, ундааны сав метр тутамд геометр прогрессоор нэмэгдэж байсан юм. ТҮК-ийн ажилтнууд энэ хогны цунамийн аюултай тэнхээ мэдэн тэмцэх ч нэмэр алга. Тэдний хийж байгаа хөдөлмөрийг хүндэлж, үнэлэх хүн огт харагдсангүй. Цэвэрлээд байхад л хажууд нь хээв нэг хог хаяад «чи муу юу юм» гэсэн аятай зогсоно. Хийх ёстой ажлаа шударгаар хийж байгаа хүн болгон адилхан хүндлэгдэх ёстой. Гэтэл олны дунд яагаад ч юм цэвэрлэгч, ТҮК-ийн ажлыг үл тоосон бүр доромжилсон байр сууринаас хардаг үзэл газар авсан нь илт.

Түүгээр ч зогсохгүй хүүхдийн эрх, эрүүл мэндийн төлөө гэх ч зарж байгаа тоглоом нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, ямар нэг бодис агуулж байгаа эсэхийг асууж буй хүн алга. Саяхан л Хятадаас Америк руу гаргасан олон мянган тоглоомыг хүний биед ихээхэн хортой бодис агуулсан будгаар будсан нь илэрч ихээхэн дуулиан дэгдсэн хэрэг мандаж байлаа. Америкчууд хүүхдийн эрүүл мэндэд үгэн дээрээ төдийгүй үйлдэл дээрээ онцгой анхаарал тавьдаг болохоор л тэр бүхнийг илрүүлсэн хэрэг. Харин манайхан дандаа шалгаад, шинжлээд, магадлаад байж чаддаггүй юм гэхэд ядаж жилд ганц болдог баярын өмнө нь зарахаар бэлдсэн тоглоомуудад ийм шинжилгээ хийдэг болмоор.

Хүүхдийн баяраар Үндэс­ний соёл амралтын хүрээлэнгээс өөр зорих газаргүй өнөөгийн хүүхдүүд тун ч өрөвдмөөр. Социализмын үед хүүхдэд зориулсан “Жаргалан”, “Бамбарууш” гэсэн хоёр кафетэй, Элдэв-Очирын нэрэмжит Хүүхэд залуучуудын театртай, Хүүхдийн 100 нэртэй дэлгүүртэй, хүүхдэд зориулсан утга зохиол нь хөгжчихсөн, хүүхдэд зориулсан уран сайхны ба хүүхэлдэйн кино хийдэг байв. Тэр үед нийслэлийн хүн ам 300 мянга байсан санагдах юм. Харин нийслэлийн хүн ам өсөх ч, тэдний боловсрол, эрүүл мэнд, утга , уран зохиол, чөлөөт цагаа өнгөрүүлчих багтаамж ихтэй, олигтойхон тоглоомын парк алга. Ядаж л төр, хувийн хэвшил хоёр хамтарч жилдээ ганц хүүхэлдэйн кино хийчихдэг бол юутай сайн. Аль хорь гучин жилийн өмнө хийсэн «Эвтэй дөрвөн амьтан», «Өвгөн ба арслан», «Эрх цагаан ишиг», «12 жил» шиг. Эцэст нь, энэ жилийн хүүхдийн баяр ямар ч байсан их сайхан боллоо гэж хэлмээр байна. Хүүхэд гэдэг өчүүхэн зүйлд баярладаг болохоор сайхан болж өнгөрөхөөс ч өөр аргагүй. Мартсанаас энэ жилийн баяраар баяжсан бас нэг зүйлийг хэлэлгүй өнгөрчээ. Бичлэг хийдэг, зураг дардаг гар утасны санах ой баярлаж байгаа хүүхдийн фото ба бичлэгээр асар ихээр баяжсан.
Тэгэхээр өчигдрөөс эхлээд «Facebook»-ийн хуудаснууд баярлаж хөөрсөн хүүхдүүд, ээж, аав нарын зургаар баяжиж эхэллээ. Үзээд сэтгэгдлээ бичээд байж дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан