Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүнсний талонд багтах хүсэл


Иргэдээ сонсох “11-11 төв”-д өнгөрсөн долоо хоногт амьд­ралын баталгаажих төвшинөөс доогуур орлоготой өрхөд олгох хүнсний талон нүдээ олж эзэддээ очихгүй байгаа талаархи гомдол их иржээ. Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэн батлагдснаар иргэдэд бэлэн мөнгө олгохоос зайлсхийж, амьдралын батал­гаажих төвшинөөс доогуур орлоготой айл өрхөд хүнсний талоныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн олгосон юм.

Уг талоноор нэн ядуу өр­хийн насанд хүрсэн хүн 10000, хүүхэд сард 5000 төгрөгт  хүнс авах эрхтэй. Иймээс хүнсний талоныг хороод  хэрхэн олгож буйг сурвалжиллаа. Өдрийн 15:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд очиход нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Учир нь, Засаг даргаас тодорхойлолт авах, хаягаа шилжүүлэх гэсэн иргэд хорооны ажилтнуудыг завгүй байлгах аж.
Энэ үеэр тус хорооны иргэн Л.Бадамаас хүнсний талоны талаар тодруулахад “ Би нөхөр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөр маань ажилгүй, би сургуульд цэвэрлэгч хийдэг. Манай өрхийн сарын орлого 400 мянган төгрөг. Хүүхдүүд  маань сургуульд сурдаг болохоор хаанаа ч хүрдэггүй. Уг нь, тэр хүнсний талоныг авмаар л байсан. Гэвч хаанаас судалгаа явуулж ямар айл өрхийг хамруулсныг мэдэх юм алга. Хороогоор байнга эргэлддэг, хорооны ажилтнуудынх нь наана цаагуур орж гүйдэг л хүмүүс авсан байна билээ” хэмээв.

Тус хорооны иргэн Ц.Хэрлэн “ Манайхаар өрхийн судалгаа хийж байна гэж 2010 онд хэдэн хүн орж ирж байсан. Хүнсний талоныг хэн, хаанаас, яаж олгосныг мэдэхгүй” хэмээсэн. Ийн хэдэн иргэнтэй уулзахад ихэнх нь ямар өрхөд хүнсний талон олгосныг мэдэхгүй гэж байв. Тэгэхээр хүрэх ёстой эзэндээ очоогүй хүнсний талон хэний гарт ороод байна вэ.

2010 онд орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох аргачлалыг Үндэсний статистикийн хорооны дарга, Нийгмийн хамгааллын сайдын  хамтарсан тушаалаар батлаж байсан. Энэ аргачлалаар 2010-2012 онд 21 аймаг, есөн дүүргээс мэдээлэл цуглуулжээ. Өдгөө  450 мянга гаруй өрх буюу 1,6 сая иргэний мэдээлэл ХАХНХЯ-ны харьяа Халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байна. Уг мэдээллийн сангаас  хамгийн бага орлого, хэрэглээтэй өрхийг гаргаж, нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээг тухайн өрхөд нэн түрүүнд олгоно гэсэн заалт иргэдийн анхаарлыг улам татсан билээ. Өөрөөр хэлбэл, эмзэг гэсэн бүлэгт багтсан өрх төрийн хайр хишгийг улаан шугамаар хүртэнэ гэсэн үг. Гэтэл иргэд үүнийг нь сүүлд мэдсэн болохоор ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр судалгаа дууссанынх нь дараа гомдол хэлж сууна. Нэг талаас, иргэдийн гомдоллох нь  төсөл хэрэгжүүлэгч байгууллага, хороо иргэдээ мэдээллээр хангаагүй, танил талаа харсан зэрэг нь дээрх нөхцөл байдлыг үүсгэсэн ч байж мэдэх. Харин энэ талаар Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нийгмийн ажилтан Н.Өлзийбат “Энэ асуудал нийгмийн ажилтнуудад хамаагүй. Хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийлгүүлсэн гэж байв. Уг нь, хорооны нийгмийн ажилтан Болдынх ямар айл вэ. Батынх хэр орлоготой өрх вэ гэдгийг Засаг даргаасаа илүү сайн мэднэ. Бидний зүгээс ямар нэгэн оролцоо байгаагүй. Нэрсийн жагсаалтыг харахад хорооноос орох ёстой эмзэг бүлгийн өрхүүд ороогүй л харагдана билээ. Манай хорооны иргэдэд долдугаар сараас хүнсний талон нь олгогдох юм гэсэн”  хэмээв.

Талоноор “жаргаж” байгаа өрхүүдийг ил гаргана

Тэгвэл Азийн хөгжмийн банк, ХАХНХЯ-ны хамтарсан “Хүнс тэжээл нийгмийн халамжийн төсөл”-ийн зөвлөх С.Цолмонгоос хүнсний талон зорилтот бүлэгтээ очиж буй эсэхийг тодруулахад “Хүнсний эрхийн бичгийг ямар өрхөд олгож байна гэхээр хамгийн бага орлого, хэрэглээтэйг нь сонгоод таван хувийн шугам татаад үүнээс доошхи айл өрхүүд амьдралын баталгаажих төвшнөөс  доогуурт орж байгаа юм. Аймаг, дүүрэг болгон  хүн ам, байршлаасаа хамаараад харилцан адилгүй хамрагдаж байгаа.  2011 онд ядуурлын түвшин 35 хувь байсан. Ингэхээр 35 хувиас доошхи нь ядуурлын шугамаас доогуур өрх буюу амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрх гэж үзсэн  гэсэн үг. Өрхийн мэдээллийн санг  ХАХНХЯ-наас сонгон шалгаруулсан хөндлөнгийн байгууллага хийсэн. Журамдаа энэ аргачлалыг гурван жил тутамд шинэчилнэ гэж заасан. Иймээс яам, Халамж үйлчилгээний ерөнхий газар аргачлалыг нь хийхээр ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа ороод байна. Хүнсний эрхийн бичиг олгох үйл ажиллагаа аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс өөрсдөө зохион байгуулна. Хэрэгжилтийн явцад гарах санал, гомдлыг өөрсдөө зохицуулна” гэв.
 Түүнчлэн хүнсний талоныг цаасан болон цахим хэлбэрээр олгож байгаа аж. Цаасан гэдэг нь үнэт цаас хэлбэртэй бол цахим нь банкны виза карт ашиглана. Өнөөгийн байдлаар цаасан хэлбэрээр 19 аймгийн төвөөс бусад нь хүнсээ авч байгаа бол Дархан, Орхон аймаг, нийслэлийн есөн дүүрэг бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн гэнэ. Хүнсний эрхийн бичгээр сонгогдсон дэлгүүрээс 10 нэр төрлийн бүтээгдэхүүн авах эрхтэй. Дэлгүүрийг аймгийн төв болон нийслэлд аймаг, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс сонгон шалгаруулсан байна. Аймгийн төвөөс бусдыг сумын Засаг дарга сонгон шалгаруулсан гэнэ. Одоогоор улсын хэмжээнд 600 гаруй дэлгүүр сонгогджээ. Гэтэл дэлгүүрийн эзэд хүнсний талоноор бүтээгдэхүүн олгох эрхийг хорооны Засаг даргатай хуйвалдаж хууль бусаар авсан, энэ эрхээрээ далимдуулан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн гэх мэт талон тойрсон маргаан тасрахгүй нь.

 Орлогыг орлуулан тооцох аргын тухайд олон оронд хэрэглэдэг байна. Тухайлбал, Гүрж, Казахстан, Филиппин, Бразил зэрэг хөгжиж буй орон хэрэглэдэг гэсэн. Учир нь, мэдээллийн сан нь  хөгжөөгүй иргэдийнх нь орлогыг тооцох боломжгүй учраас энэ аргыг хэрэглэх нь манайд хамгийн ойр байсан гэдгийг Азийн хөгжлийн банкныхан хэлсэн. Харин орлогоор нь тооцох аргыг гол төлөв өндөр хөгжилтэй орнууд хэрэглэдэг. Өндөр хөгжилтэй орнуудын мэдээллийн систем бүрэн хөгжсөн байдаг учраас тухайн өрх иргэний талаархи мэдээлэл байдаг аж.
Ямартай ч, 2010 оноос туршилтын хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн хүнсний талон хүрэх эзэддээ зарим нь очиж, нөгөө хэсэг нь зүсээ хувиргаад алга болж. Харин  УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо уржигдар хуралдаж өрхийн мэдээллийн санг шинэчлэн тогтоохоор болов. Иймээс бусдын хүнсний талоны булаасан өрхүүд илрэх биз ээ. Уг нь хүнсний талон нь нийгмийн эмзэг бүлгийнхний хоол тэжээлийг сайжруулах  зорилготой ч зарим нэг хонжоо хайгчдын хоол болж. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр өрхийн судалгаа гаргахдаа ямар нэгэн лобби ороогүй бол иргэд юунд ингэж бухимдах билээ дээ.

0 Сэтгэгдэл
bolomjtoi ailyyd teriig chini abdagiig medne yag yadarsan xumuust ochoogui shuu dee
Хамгийн их уншсан