Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОТООДЫН ДӨРВӨН КОМПАНИ УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХЭЭР БОЛЖ, ХОЁР НЬ ТУРШИЖ ЭХЭЛЖЭЭ


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн хүйтний улиралд анхаарал хандуулж, хэн бүхэн ярьдаг сэдэв болдог. Харин урин дулааны үед эргээд өвөл болохгүй мэт ор тас мартаж, хэн ч юу ч дуугардаггүй. Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нийслэлийн утаагүй үе, дулааны улиралд ч зүгээр суулгүй, асуудлыг шийдэх гарц хайж, ажилласаар байгаа юм. Энэхүү Агаарын бохирлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал өчигдөр болж, хэд хэдэн чухал асуудал ярилцаж, шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх олон байгууллага, төсөл, хөтөлбөр хамтарч ажиллаж буй. Тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”, “Цэвэр агаар төсөл” сайжруулсан зуухаар айл өрхүүдийг хангасан билээ. Хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн уг төсөлд нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 120 мянган нь хамрагдаж, сайжруулсан зуухтай болжээ. Энэ ажлыг 2013-2014 оны өвөл багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.

Агаарын бохирдолтой тэмцэх өөр нэг арга нь гэр хорооллын айл өрхүүдийг утаагүй түлшээр бүрэн хангах. Сайжруулсан зуух, утаагүй түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдол одоогийнхоос 50-60 хувиар буурна гэж урьдчилан тооцоолжээ. Өмнөх Засгийн газрын үед “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барихаар 18,2 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл уг үйлдвэр нь ашиглалтад ороогүй байгааг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурлын үеэр хөндөж ярилаа. Тиймээс улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийхгүйгээр дотоодын үйлдвэрлэгчдийг гэр хорооллын өрхүүдийг түлшээр хангах боломж бүрдүүлэхээр болжээ. Тухайн үйлдвэрлэгчид өөрсдийн санхүүжилтээр, чанартай, стандартад нийцсэн түлшээр хэрэглэгчдийг хангах үүрэг хүлээж байгаа юм. Уг шаардлагыг хангасан “Хөх чоно групп” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК, “Шивээ коал” ХХК, “Модун Ресурсэс” ХХК-ийг дэмжиж, утаагүй түлшийг нь  худалдан авах гэрээ хийх, үйлдвэр барих газар болон дэд бүтэц зэрэг  тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхийг харьяа газруудад үүрэг болгов.
Зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутагт ч мөн агаарын бохирдол их байгааг ярих болсон. Тиймээс Үндэсний хороо Ховд, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймагт анхаарал хандуулж ажиллах аж. Ингэхдээ эхний ээлжинд эдгээр аймгийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан зуухаар хангах, орон сууцжуулахад шаардагдах цахилгаан, дулаан хангамжид холбох ажлыг хийх юм байна. Үүнд улсын төсвөөс болон “Цэвэр агаар сан”-гаас нийтдээ 60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгөний 50 тэрбум төгрөг нь уг 12 аймгийн төвийн инженерийн байгууламж шугам сүлжээг шинэчлэх, шинээр байгуулах ажилд зарцуулагдах аж.

Үндэсний хорооны энэ удаагийн хуралдаанаар ХАС банк  хүлэмжийн хий бага ялгаруулдаг орны хувьд нөхөн төлбөр хэрхэн авч, юунд зарцуулж болох талаар судалснаа танилцуулсан юм. Тиймээс тэд нөхөн төлбөр авахад шаардлагатай мониторинг хийж байгаа аж. Сайжруулсан зуухыг хэрхэн хэрэглэж, утаа тэр хэмжээгээр буурч байгаа эсэхэд нийслэлийн гэр хороололд хяналт, шинжилгээ хийж буй гэнэ. Үндэсний хорооны гишүүд нөхөн төлбөр аваад мониторинг санхүүжүүлнэ гэж байгааг шүүмжилж байв. Мөн 2017 он хүртэл гэрээ хийж, нөхөн төлбөр авах юм бол түүгээр Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн чухал ажил хийх хэрэгтэйг санууллаа. Сайжруулсан зуухны хэрэглээ, үр ашгийг нэмэгдүүлэх талд тус банкныхныг Үндэсний хорооноос хамтарч ажиллах хэрэгтэйг мөн хэлж байсан юм. Филиппин улс гэхэд цахилгаан хэмнэдэг чийдэн сольж хэрэглээд нөхөн төлбөр авч байж. Тэгэхээр манай улс гэрийн дулаалга, утаагүй түлш, сайжруулсан зуух хэрэглэснээрээ нөхөн төлбөр авах боломж бий гэлээ. Үүнийгээ гэрээнд тусгаж, шинэчлэн байгуулах боломжтой юм байна.
Дараа нь автомашинаас ялгарах утааг багасгах зориулалт бүхий баяжуулагч шингэний талаар Үндэсний хорооныхонд импортлогч компаниас мэдээлэл өглөө. Энэхүү бодисыг АНУ-аас албан ёсны дистербютер компаниараа дамжуулж, МХЕГ, НМХГ-ын лабораторт шинжилсэн, Монголд туршиж эхэлжээ. Олон улсын болон Монгол Улсын стандартыг хангасан, бүх төрлийн шатахуунд зориулсан, шатахууныг 8-28 хувь, автомашинаас ялгарах хот хийг 98 хувь бууруулдаг аж. 40 гаруй улс орон хэрэглэдэг уг бүтээгдэхүүнийг одоогоор долоон улс төрийн бодлогоор дэмжиж байгаа гэнэ. ОХУ гэхэд 1500 шатахуун түгээх станцад түгээдэг байна. Харин БНХАУ-д 1500 тонныг жилд үйлдвэрлэх хүчин чадалтай нано технологийн үйлдвэр 2014 онд ашиглалтад орохоор болж. Энэ хоёр улсыг Засгийн газрын, төрийн төвшиндөө ийнхүү дэмждэг учир манай улс ч гэсэн шатахуун хэмнэх, утааг багасгах талаар дэмжиж ажиллах боломжтой юм байна. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр манай улс шатахууны хараат байдлын 10 хувиас чөлөөлөгдөх болон Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг эзэлдэг авто тээврээс ялгардаг утааг 98 хүртэлх хувь бууруулах аж. Нэг литр бүтээгдэхүүнийг 10 тонн шатахуунд баяжуулан хэрэглэхэд 216 мянган төгрөг болно. Энэ нь шатахуунд хольж, баяжуулан хэрэглэхэд литр бензинд 21 төгрөг нэмэгдэх учир төрийн зүгээс дэмжих боломжтой гэв. Үндэсний хорооны дарга П.Цагаан нефт импортлогчид, ийм төрлийн бүтээгдэхүүн оруулж ирдэг бусад компанитай Иргэний танхимд хэлэлцүүлэг хийх санал гаргасныг дэмжлээ. Ингээд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIX хуралдаан тогтоолоо баталж, дараагийн ажлаа Иргэний танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, авто машинаас ялгарах утааг багасгахад анхаарлаа төвлөрүүлэхээр болсон юм.
 

П.Цагаан: “ДЦС-2”-ынхнаас утаагүй түлш эсвэл 10 гаруй тэрбум төгрөгөө авч байж л сална

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас хурлын үеэр зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ жил агаарын бохирдолтой тэмцэх мөнгө хөрөнгө ямар хэмжээгээр нэмэгдсэн бэ?
-Түлшний үйлдвэрийн хувьд төсөвт мөнгө байхгүй. Гэхдээ түлшинд зориулсан мөнгө бол бий. Зөвхөн “Цэвэр агаар сан”-д л 30 тэрбум төгрөг байгаа. Өмнө нь түлшний үйлдвэр барихаар 10 гаруй тэрбум төгрөг өгчихсөн. Гэтэл тэр нь бүтээгүй. Жилд 210 мянган тонн түлш үйлдвэрлэнэ гэсэн мөртлөө хоёр гурван жил юу ч өгөхгүй байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгж, байгууллага санаачилга гаргаж, сайн чанартай түлш үйлдвэрлэе гэхээр нь бид арав гаруй саналаас шүүж үзсэн. Тэдгээрээс дөрвөн компанитай гэрээ байгууллаа. Санхүүгийн эрсдэлээ хүлээж, утаагүй түлш үйлдвэрлэ, бид 2-3 жил баталгаатай худалдаж авъя гэж эрх олгохоор шийдлээ. Аль аль талдаа хариуцлагатай шийдэл болж байна. Хэрвээ, бидний шийдлийн дагуу дөрвөн аж ахуйн нэгж утаагүй түлш үйлдвэрлээд, “ДЦС-2” ашиглалтад орох юм бол ирэх жилээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс зөөх шаардлагагүй болохоор шуурхай ажиллаж байгаа. Багануурын ТЭЦ-д мэргэжлийн хүмүүс очиж үзсэн. Нийслэлд хийж байгаа компанийн түлшийг ч очиж үзсэн. Аль аль нь стандартад нийцэж байгаа.    
  
-Үнийн хувьд түүхий нүүрснээс ямар байх вэ?
-Мэдээж, түүхий нүүрснээс үнэтэй байна. Гэхдээ бид татаас өгч байгаа юм чинь үнийг нь зохицуулж болно. Мөнгөнөөс илүү хүмүүсийн эрүүл мэнд чухал. Утаа бол ямар ч байсан багасчихлаа. Өнгөрсөн өвөл гэхэд янз бүрийн орчинд 10-30 хувь орчим багассан. Тэгэхээр бохирдлыг багасгахаас илүү утааг үгүй хийх талаар ажиллах хэрэгтэй байгаа юм. Нүүрснээс гадна авто машины утаа агаар бохирдуулж байгаа учир тэмцэх хэрэгтэй байна. Бүх айл өрхөд хандаж хэлэхэд гэр орон, орон сууцаа дулаалаач ээ. Авсан дулааныхаа 50 хувийг хаалга, цонх, шал, таазаараа агаарт алдаад байна. Хоёр дахин бага мөнгө зарах байтал хоёр дахин ихийг зарцуулаад байна шүү дээ. Төр засаг утаагүй түлшний үйлдвэрийг дэмжье. Утаагүй түлшийг идэвхтэй авч хэрэглэн, утаанаас салах боломж бүрдэж байна.
-Түлш үйлдвэрлэх дөрвөн компанийн бүтээгдэхүүнийг хэрэглээд эхэлбэл утаа хэдэн хувиар багасах боломжтой вэ?
-Тэдгээр үйлдвэрээс шууд хамааралтай. Тэд хэдий чинээ их үйлдвэрлэнэ, төдий чинээ утаа буурна. Багануур, нийслэлд хоёр компанийн түлшийг туршаад ажиллаж байгаа. “Шивээ коал” ХХК, “Модун Ресурсэс” ХХК-ийн хувьд нүүрс байгаа боловч үйлдвэр баригдаагүй. Тэгэхээр ямар ч байсан хоёр нь үйлдвэрлэж байгаа юм чинь хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Тэр бүхэнд нь бид бага саад хийж, зөвшөөрөл, стандартыг нь баталж өгнө.

-“ДЦС-2” цаашдаа яах вэ. Баахан мөнгө авчихсан байдаг?
-“ДЦС-2”-ын хүмүүс монголчуудад зориулж ил захидал бичсэн. Үндэсний хороонд хандаж, П.Цагаан танаа гээд бичсэн байна билээ. Битгий санаа зов, түлшээ нийлүүлнэ гэсэн. Гэхдээ очиж үзэхэд бас л сайн болоогүй байна. Бид түлшээ эвсэл өгсөн мөнгөө авч байж л сална. Тэр хүмүүс татвар төлөгчдийн 10-20 тэрбум төгрөг аваад алга болно гэж байхгүй. Эзэнтэй, хаягтай болохоор бушуухан түлшээ үйлдвэрлээд нийлүүлэх нь хэн хэндээ хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан