Шалгуур олонтой, босго өндөртэй гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн шаардлагыг хангасан найман компани хотын удирдлагуудаас батламжаа гардаж авлаа. Өөрөөр хэлбэл, 180 гаруй өрхтэй гэр хорооллыг хэрхэн өөрчилж болох жишээг бодитоор харуулах эрхийг “Хера Холдинг” компани, “Буурал сутай”, “Баганат өргөө” , “Гангар инвест”, “Грандлайн”, “Бүрд констракшн”, “Моннис” компани авсан гэсэн үг.
Бүтээн байгуулалтын он жилүүд болох 1960-1970 оноос хойш Улаанбаатарт хийж буй томоохон ажлын эхлэл бол гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Тиймээс ч батламжаа гардан авсан компанийн удирдлагуудад хандан НИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллыг дахин төлөвлөх шийдвэр гарч байршил, журмаа батлан иргэдтэйгээ тохиролцон ажлаа эхлэх гэж байна. Ирэх сарын 1 гэхэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална. Үүнийхээ дараа дэд бүтцийн зургаа гаргаж, Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга эхлүүлэх зөвшөөрөл авснаар энэ төсөл бодит ажил хэрэг болно.
Бүтээн байгуулалтын алтан хараацай болж буй та бүхэнд амжилт хүсье” гэв. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатарт анх удаа хийх гэж буй энэхүү бүтээн байгуулалтын баатар нь та нар. Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг санаачлан барилгын олон компанийн удирдлагад хамтран ажиллах санал тавихад бүтэшгүй санаа, эрсдэл гаргаж ажиллах зүрх зориг алга хэмээн цааргалж байсан. Харин та бүхний хувьд зориглож газар өмчлөгч иргэдтэй уулзаж ярилцан энэхүү төслийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьж чадлаа. Тиймээс та бүхнийг санхүүгийн бүх талаар дэмжихийг хичээнэ. Хотын захиргаанаас дэмжинэ, дэмжинэ бас дахин дэмжинэ” гэсэн юм.
Иргэдийн газрыг орон сууцаар солих бодлого баримталсан
Энэ үеэр гүйцэтгэгчээр тодорч батламжаа авсан “Буурал сутай” компанийн дэд захирал П.Бат-Очиртой уулзлаа.
-Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн гүйцэтгэгчээр тодорлоо. Танай компанийн хувьд дахин төлөвлөх бүсэд хамрагдсан аль хэсгийг хариуцахаар болсон бэ?
-Манайх Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалах их сургууль орчмын 15 га газрын дахин төлөвлөлтийг хариуцаж байна. Бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Дашрамд, маш зоригтойгоор ийм төсөл хэрэгжүүлж байгаа энэ Засгийн газарт баярлаж байна.
-Газрын нөхөн олговорыг иргэдтэйгээ тохирч чадахгүй байна гэсэн. Танай компанийн хувьд яаж тохиролцов?
-Их олон аргаар л ярьж, хэлж үзсэн дээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэгчээр дахин дахин уулзаад сайн ойлгуулахаар хүмүүс үгүй гэхгүй шүү дээ. Иргэдийн ихэнх нь газраа орон сууцаар сольё гэсэн. Мөнгө төгрөг авъя гэсэн нь ч бий. Гэхдээ энэ төслийнхний баримталж буй бодлого бол газрыг нь орон сууцаар солих.
-Урьдчилсан байдлаар хэдэн айлын орон сууц барихаар төлөвлөв. Зураг төсөл гарсан уу?
-Эхний удаад зургаа юм уу долоон давхар орон сууц барихаар төлөвлөсөн. Гэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулна гээд 10, 11 давхар байшин сүндэрлүүл гэвэл барина. Одоогоор ярилцсан юм алга.
-Компани дангаараа санхүүгээ дааж барилга барина гэдэг хэцүү. Хөрөнгө оруулалт хаанаас татаж байгаа вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт татах талаар ажиллаж байгаа. Хөөцөлдөж л байна.
“Грандлайн” ХХК-ийн захирал Э.Мөнхжингээс энэ талаар тодруулсан юм.
-Батламжаа гардаад авчихлаа. Ажилдаа хэзээ ханцуй шамлан орох вэ?
-Манай компанийн хувьд хэрэгжүүлэхээр зорьсон анхны барилгын төсөл. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Хурдан ажлаа эхлэхийг хичээнэ. Ямар ч гэсэн ирэх сард бэлтгэл ажлаа хангаад долдугаар сард барилгын суурийн ажлаа эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Харин ажил эхлэхийн өмнө 20-30 айлыг нүүлгэхээр байр сууц, сургууль, цэцэрлэгийг нь хэрхэн шийдэх вэ гэсэн асуудал тулгарч буй. Мөн томоохон бизнес хийдэг аж ахуйн нэгжүүдтэй нөхөн олговрын асуудал ярих зүйл дутуу байгаа.
-Иргэдтэйгээ хэрхэн тохиролцов?
-Ерөнхийдөө, иргэдийн газрыг орон сууцаар солино гэсэн бодлого баримталсан. 0.07 га газрыг байраар солихдоо 120 ам. метр талбайтай орон сууц гэж тооцсон. Газар дээрх үл хөдлөх хөрөнгийг нь мөн үнэлсэн.
-Хөрөнгө оруулалтаа хаанаас татаж байгаа вэ?
-Манай компани санхүүгийн хөрөнгө оруулалтын зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өмнө нь, уул уурхайн хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлыг нь шийдэн дотоодын барилга угсралтын компаниар гүйцэтгэлээ хийлгэх замаар хэрэгжүүлнэ. Дотоодоос шаардлагатай эх үүсвэрээ гаргаж авна гэвэл их өндөр өртөгтэйн дээр төсөл эрсдэлтэй учраас гадаадын урт хугацаатай хямд өртөгтэй эх үүсвэрийг ашиглаж байгаагаараа ялгарна байх.
Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх найман компани долоон байршлынхаа газар шорооны ажилд долдугаар сарын 1-нээс орох бололтой. НИТХ-ын дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам гарчихсан учраас одоо зураг төслийн ажлууд үлдсэн. Цаг хугацаа алдахгүйн тулд хотын удирдлагууд гүйцэтгэгч компаниудад туслан яаралтай ажлыг нь эхлүүлнэ” гэсэн юм.