Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлөвлөгөөгөө гаргасан ч төсвөө хүлээсэн наадмын бэлтгэл


Монголын тулгар төр байгуулагдсаны  2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Тусгаар тогтнолын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс бэлтгэл ажлын анхны хуралдаанаа хийлээ.
Тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан комиссын зохион байгуулж буй анхны наадам хэд хэдэн онцлогтой гэнэ. Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт өрнөдөг баярын үйл ажиллагаанд урьдчилсан байдлаар 47 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Салбар хороо бүр төлөвлөгөөндөө тусгасан мөнгөн дүн нийлээд дээрх хэмжээнд хүрсэн аж. Эдгээрээс нэг тэрбум төгрөгийг урсгал зардалд зориулах бол хамгийн их хөрөнгө шаардаж буй нь Урлаг соёлын салбар хороо байв. Наадамчин олны нүдийг баясгаж, сэтгэлийг хөдөлгөх урлагийн арга хэмжээг цогцоор нь Төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулахаар болжээ.

Бөхчүүдэд мэдлэг олгоно

Бөхийн барилдаан урьдын адил гурван өдөр үргэлжлэх бөгөөд барилдаан, зохион байгуулалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Гэхдээ бөхчүүд сэргээш хэрэглэхээс сэргийлэх үүднээс бэлтгэлийн гал дээр очиж сургалт зохион байгуулахаар болжээ. Урьд нь, бөхчүүд сэргээш хэрэглэсэн асуудалд холбогдоод мэдээгүй, толгой өвдөөд эм болгож уусан гэх мэт тайлбар өгдөг байж. Тэгвэл иймэрхүү санаатай болон санамсаргүй эндүүрэл гарахаас сэргийлж бөхийн галаар явж, бэлтгэлийн үеэр мэдлэг олгох юм байна. Уг ажлыг бөхийн салбар хорооны дарга Х.Золжаргал мэргэжлийн эмчтэй хамтран зохион байгуулахаа илэрхийллээ.
Түүнчлэн дээрх хүндрэлийг таслан зогсоох нэг арга нь бөхчүүдийг барилдахаас өмнө гэмтэл бэртэл, уудаг эмийн жагсаалт, тодорхойлолтыг баримтжуулан авах тухайгаа комиссын гишүүд танилцуулсан юм.

Харвааг үзэхэд төлбөртэй болгоё

Сур харваа халх, буриад, урианхай, хүүхдийн гэсэн дөрвөн төрлөөр зохиогддог. Сур харваа өнгөрсөн жил зохион байгуулсан хуваарийн дагуу явагдах юм байна. Салбар хорооны дарга Д.Дэл­гэрцогтыг төлөөлөн хуралд оролцсон Н.Батсайхан хар­вааны талбайг шинэчлэх шаардлагатайг онцоллоо.

Юун түрүүн үзэгчдийн суудлыг нэмж, 40 метр урт, хоёр метр өргөнтэй, дөрвөн эгнээ суудал нэмэх болсон гэв. Мөн харвааны зурхайг хоёроор нэмэх, талбайн хаалтыг сайжруулах хэрэгтэйг хэллээ. Учир нь, талбайн өмнөд хэсэг автозамтай бараг залгаа байдаг тул харваачдын тавьсан сум машин цохих, онох явдал гардаг аж. 2012 оны харваачдын бай шагналын хэмжээ өөрчлөгдөөгүй. Нийт 83.4 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаагаас 46 сая нь дээрх засварт зарцуулагдаж, бусад нь шагналд хуваарилагдах аж.

Харин шагай харваанд шаардлагатай мөнгөн дүнг 42.9 сая төгрөгөөр тогтоожээ. Үүнээс бай шагналд 15.9 сая, тохижуулалтад 25.4 сая төгрөг зарцуулж, бусад ажилд үлдсэн төсвөө зарцуулахаар тогтоосноо салбар хорооны дарга Д.Батзаяа танилцуулав. Шагай харвааны тэмцээн дол­дугаар сарын 9-нд мандат, эрхээ гардуулна. 10-12-ны өдөр  хүртэл тэмцээн явагдахаар төлөвлөжээ. Наадмын ко­миссын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл сур болон шагай харваа зай талбай багатай, их хүн нэмэгдэж байдгийг шийдвэрлэх арга санал болголоо. Харьцангуй бага талбайд зохион байгуулагддаг нь үнэн ч үнэгүй учраас зарим үзэгчид тухгүй байдал үүсдэг хэмээн тэрээр тайлбарлалаа. Тиймээс тэмцээн үзэхээр ирсэн хүмүүс 2000, 5000 ч бай тодорхой хэмжээний мөнгө төлбөл үзэгч хэт олон болохгүй гэсэн юм.

Морьдын гарааг шинэчилнэ

Төв аймаг байгуулагдаад 90 жилийн ойдоо хүрч байгаа тул баяр наадам нь хойшлогдож буй аж. Тиймээс долдугаар сарын 10-ны үеэр төвийн бүсийн бүх морьд шандасаа сорьж оролцох магадлалтайг салбар хорооны төлөөлөл Б.Галбадрах мэдэгд­лээ. Тус салбарт зарцуулах шаардлагатай мөнгөн дүн мөн л нэмэгдсэн. Үүнээс нэлээд хэсэг нь морь эргэх хэсэгт гарааны зурвасыг шинэчлэхэд зориулагдана гэлээ. Одоо байгаа гарааны систем нь наранд халж, хугарч, тасардаг. Тиймээс зарим газарт нь шургааг модоор орлуулан засварладаг байна. Энэ нь таван жил ашиглагдсан учраас солих шаардлагатай гэж салбар хорооныхон дүгнэсэн гэнэ. Цаашид гарааны зурхайг шинэчлэх, хэмжээг хоёр дахин нэмэх шаардлага байгаа аж. Хэмжээг 160 метр хүргэнэ гэлээ.

Долдугаар сарын 10-13-нд хурдан морины уралдааныг зохион байгуулна. Уяачдын баяраар эрлийз морьдоо урал­дуулахаар төлөвлөжээ. ҮХААЯ-нд мэргэжлийн бай­гуул­лагын хувьд монгол морь, эрлийз морьдын ялгааг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Үүний дагуу ажиллаж, салбар хороо нь эрлийз, монгол адууг тусад нь уралдуулах журам боловсруулж зохих   байгууллагад нь хүргүүлсэн аж. Үүнийг яаралтай шийд­вэрлэж өгөөч гэж наад­мын комиссоос хүсэв. Ингэснээр уяачдад шинэ журмаа танил­цуулах, сурталчлах боломж гарах юм. Эс тэгвэл өмнөх жилүүдэд түрүү байрт ирсэн эрлийз морь хасагдаж байсан түүх бий гэдгийг сэрэмжлүүллээ. Ийнхүү эрийн гурван наадмын зохион байгуулах салбар хороод дуу нэгтэйгээр баталсан төсвийг аль болох танахгүйгээр баталж өгөхийг Засгийн газраас хүсч байв. Төсөвтөө тааруулж наадмаа хийдэг  бодит үнэнийг өгүүлээд бага танахыг гуйсан юм. Үүний хариуд комиссын дарга Д.Тэрбишдагва “Салбар хороодоос ирүүлсэн төсвийн саналыг нэг бүрчлэн уулзаж, нарийн дэлгэрүүлэн ярилцана. Үүний дараа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд батална” гэж тайлбарлалаа.

Үнэ нэмж, үзэгчид алхана

Наадмын зохион байгуу­лалтад төрийн хөрөнгөөс мөнгө гаргуулж, түүндээ тааруулж баяраа зохион байгуулдаг асуудлыг шийдвэрлэх гарц нь үйлчилгээний үнийг нэмэх гэж зарим гишүүд санал дэвшүүллээ. Үүний хариуд “Үйлчилгээгээ нэмж, сайжруулж байж үнэ нэмэхээс биш өмнөхтэйгөө адилхан зүйлд үнэ нэмж болохгүй” гэх шүүмжлэл гарч байв. Үнэ нэмэх боломжтой хамгийн анхны шийдэл нь автомашины тусгай зөвшөөрөл гэдэгт санал нэгдлээ. Төв цэнгэлдэх рүү чиглэсэн автомашины их урсгал тасардаггүй тул эр­гэн тойрон түгжрэл үүсдэг нь жилээс жилд давтагддаг хэ­мээн Хэв журмын салбар хо­­­рооны дарга Б.Билэгт шүүмж­лэв. Тиймээс энэ жил автомашины зохицуулалтыг шинэч­лэх саналтай байгаагаа илэрхийллээ. Шинэ зүйл гэдэг мартагдсан хуучин зүйл байдгийг онцлоод 30-40 жилийн өмнө автомашинаа хол байршуулаад, Төв цэн­гэл­дэх рүү алхаж ирдэг байс­ныг сануулаад уг уламжлалыг сэргээе гэсэн юм. Үүний тулд “А” зөвшөөрөлтэй авто­машиныг Төв цэнгэлдэхээс 100 метр зайд, “Г” зөвшөөрөлтэй ма­шиныг 1000 метр зайд тус тус зогсоохоор зураг­лажээ. Энэ жил нийт 6670 авто­машинд зөвшөөрөл олгохоос хамгийн ойр буюу 400 ширхэг “А” зөвшөөрлөө маш өндөр үнээр худалдах санал дэвшүүлэв. Доод ханш нь нэг сая төгрөг байвал орлого сайтай иргэд авч, энгийн иргэд булаацалдахгүй гэж үзжээ. Урьд нь, 20-30 мянган төгрөгөөр үнэлэхээр иргэд “Баячууд танил талаараа хуваагаад авчихлаа” гэж харддаг байсан. Нөгөө  талаар танилууддаа өгдөг байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгвэл жишиг үнийг нэг сая төгрөг болгож, үнэ хаялцуулан дуудлага худалдаагаар авдаг болчихвол ямар нэг бульхайгүй, иргэдэд ч гомдолгүй гэж үзэж буйгаа тайлбарлалаа. Бас зохион байгуулах ажиллагаанаас олсон мөнгөө жил бүрийн урсгал зардалдаа зориулж болох санал гарсан юм. Наадмын Төв цэнгэлдэх рүү сая төгрөг төлсөн 400 машины эзэн л арай бага алхах бололтой. Тэгвэл бусад хүн буюу 2000-3000 автомашин нэг км-ийн алсаас Цэнгэлдэх рүү очно. Ингэхдээ алхах, богино зайн автобусаар зорчих хоёр сонголттой байх юм. Дашрамд дуулгахад, автомашин, нийтийн тээврийн урсгалыг хаах боломжгүй болсон байна. Учир нь, Төв цэнгэлдэхийн эргэн тойронд иргэд амьдардаг хороолол, хотхон олширсон тул хөдөлгөөн хязгаарлахад хүндрэл учруулжээ. Тиймээс зарим замыг нэг урсгал чиглэлтэй болгож, нийтийн тээврийн автобус эцсийн буудалгүй шууд тойроод явдаг байхаар шийдвэрлэх гэнэ.

Төв цэнгэлдэхийн эргэн тойронд нэгэнт автомашины зогсоол байхгүй учраас нэг км тойрогт байх хувийн бай­гууллагын талбайг зог­соол болгон ашиглаж буйг Нийслэлийн замын цаг­даа­гийн газрын дарга, хурандаа Ж.Жаргалсайхан танилцууллаа. Үүний нэг нь орон сууцны барилга барихаар төлөвлөсөн талбай бол нөгөө нь “Морин хуур” хэмээх цогцолбор босгох гэж буй газар гэнэ. Энэ жил барилгын ажил нь эхлэх байсан ч наадам хүртэл түр хойшлуулах санал тавьж, машины зогсоолыг шийд­жээ. Харин хойтон жил нэгэнт барилгын ажил эхлэх учраас наадамчин олон машинаа хаана байршуулах нь тодорхойгүй байна гэж танилцуулсан юм. Зарим гишүүдээс “Г” зөвшөөрөл буюу нийт иргэдэд зориулсан зогсоолыг эргэн тойронд ямар нэг зохицуулалтаар олшруулбал орлого нэмэгдэнэ гэж үзлээ. Энэ бүхний эцэст сайд Ц.Оюунгэрэл “Машинаа зогсоосон явган хүний замыг маш өргөн, сайн шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ. Мөн зам дагуу үйлчилгээ, худалдааны цэгүүд байрших боломжоор хангаж, түүнийхээ түрээсийн төлбөрөөс орлого олж болох юм гэдгийг хэлсэн юм. Зөвхөн төв цэнгэлдэхийг тойрсон жаахан газарт зөвшөөрөл олгож дуусгах биш тал талаас ирэх зам дагуу худалдааны эрх олгох боломжтой гэв.

Түүнчлэн наадмын нээлт буюу урлаг, соёлын үзүүлбэр тоглолтод жил бүрийн зохион байгуулах төсвийн ихэнхийг зориулдаг. Тэгвэл зөвхөн наадмын нээлтийн тасалбарыг тусад нь үнэлж, одоо байгаа ханшаас өндөр тогтоох хэрэгтэй гэх санал гарсан. Учир нь, маш олон хүний хүч хөдөлмөр, зүтгэл, зохион байгуулалт шингэсэн хэрнээ 2-3 цаг үргэлжилдэг нээлтийн арга хэмжээ үнэгүйдэж байгаа аж. Нээлт нь гадаадын томоохон фестиваль, шоу, үзүүлбэрийн ханштай дүйцэхүйц байх хэрэгтэй гэнэ. Харин бөх болон бусад төрлийн үзвэр нь энгийн ханшаар байх боломжтой гэж хэллээ. Мөн ханш өндөр байснаар тасалбар шаглаж зардаг худалдаачдаас сэргийлэх боломжтой гэж үзлээ. Ийнхүү наадмын ко­миссын 2013 оны анхны хурал­даан өндөрлөлөө. Дээрх санал, шүүмжийг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталвал сая хэрэгжих юм.

0 Сэтгэгдэл
***** шүү чамайг энэ балай юмаа дахиж тавиад үзээрэй за юу чи:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
***** шүү чамайг энэ балай юмаа дахиж тавиад үзээрэй за юу чи:
Хамгийн их уншсан