1932 онд япончууд Хятадын Манжуурыг эзэлж Манж улсыг байгуулав. Чухам үүнээс хойш Манжуурын талаас БНМАУ-ын хилийг удаа дараа зөрчих болж энэ нь өргөжсөөр 1935 онд Монгол-Манжийн хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн болов. 1936 онд ЗХУ, БНМАУ хоёр улс харилцан тусалцах тухай протоколд гарын үсэг зурлаа. 1939 оны тавдугаар сарын 22-28-нд хил дээрх мөргөлдөөн улам эрчимжиж бүр зэвсэгт тулгаралт боллоо. Тавдугаар сарын 28-нд япончууд ихээхэн хүчээр давшиж халх голын баруун эргийг эзэллээ. Харин 29-нд Зөвлөлт-Монголын цэрэг сөрөг давшилтад орсон юм.
Халх голын тэнгэрт агаарын хамгийн том тулаан болсон, тэнд хамгийн анх онгоцоор дайсны онгоцыг мөргөж устгасан гэдэг. Оросын www.bibliotekar.ru сайтад Халх голын дайны агаарын тулалдааны тухай бичсэн нь энэ.
1939 оны тавдугаар сарын эхэн гэхэд Халх голд Японы, Зөвлөлт-Монголын цэргийн ихээхэн хүч хуримтлагдаад байлаа. Тавдугаар сарын 1 гэхэд Японы цэргийн нисэх хүчний 355 онгоц, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн авиабригадын 82 онгоц очоод байлаа. Харин тавдугаар сарын сүүл гэхэд энэ тоог өвөр байгалийн 23 дугаар авиабригадаас хангаж 203 болгосон юм.
Анхны агаарын тулаан тавдугаар сарын 20-нд болж үүнээс хойш тавдугаар сар дуустал Зөвлөлтийн тал 17 онгоцоо алдсан байна. Тавдугаар сарын 29-нд Москвагаас гурван онгоцоор Зөвлөлтийн хамгийн туршлагатай нисгэгчид ирсний дотор ЗХУ-ын баатар 17 байжээ. Тэднийг корпус командлагч Я.В.Смушкевич даргалж ирсэн юм.
Зургадугаар сард Халх голын тэнгэр харьцангуй тайван байснаа зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газарт тулалдлаа. Япончууд энд шинэ сөнөөгч И-97-гоо агаарт гаргаж тулаанд оруулсан. Дайсан энэ удаа 30 гаруй онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 14 сөнөөгч онгоцоо алджээ. Зургадугаар сарын 26-нд болсон тулааны үеэр Зөвлөлтийн гурван сөнөөгч Японы 10 онгоцтой үхэл сөрөн тулалдаж хошууч В.М.Забалуевын онгоц гэмтэж дайсны нутагт шүхрээр буухад нь ЗХУ-ын баатар С.И.Грицевец ганц хүний суудалтай онгоцоор дайсны нутагт бууж нөхрөө аварсан байна.
27-ны өдөр Зөвлөлтийн 23 бөмбөгдөгч дайсны 70 орчим сөнөөгчтэй тулалдсан. Энэ тулаанаар онгоц нь унасан ЗХУ-ын баатар Г.П.Кравченко гурав хоногийн дараа шумуулд баригдчихсан явган эргэж ирж байжээ.
Долдугаар сар гараад Зөвлөлтийн тал ямагт ялж байлаа. Долдугаар сарын 4, 5-нд Баянцагааны тэнгэрт Зөвлөлтинй тал дайсны 24 сөнөөгчийг унагаасан бол өөрийнхөө ганц онгоцыг алджээ. 8-ны өдөр бас дайсны 21 онгоцыг устгав. Хоёр хоногийн дараа Халх голын баруун эрэг рүү дайсны 100 орчим И-97 онгоц дайрлаа. Зөвлөлтийн талаас эхлээд 30 машин, араас нь бас. Ингээд үндсэндээ агаарт хоёр талаас 180 орчим онгоц тулалдсан байна. Энэ тулалдаанаар Япончууд 11 онгоцоо алдсан юм. Долдугаар сард Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд агаарт гарч дайсанд цохилт өгч эхэлсэн байна. Энэ өдрүүдэд 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 бөмбөгдөгч онгоц Янху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газар дахь дайсны байрлалыг бөмбөгдлөө.
Долдугаар сарын 20-ны агаарын тулааны үеэр залуу нисгэгч В.Вуссагийн онгоцыг Японы хоёр сөнөөгч хөөж явахыг ахлах дэслэгч В.Ф.Скобарихин харлаа. Ер нь, яг гүйцэх гэж байна аа. Тэр ухасхийж дайсны онгоцны сүүлийг онгоцоороо мөргөлөө. Түүнийг унаад ухаангүй байхад нь нисэх буудалд авчирсан. Түүний энэ гавьяаг ахмад В.П. Кустов бас давтаж агаарын тараны хоёр дахийг Халхголд хийсэн. Наймдугаар сарын 4-нд сөнөөгч онгоцны нисэгч А.Ф.Мошин бас давтлаа. Тэрээр хамаг сумаа дуусгаад байтал дайсны онгоц мөрдөж эхэлсэн. Тэр гэнэт эргэж дайсны онгоцыг мөргөж унагаад буудалдаа эргэж ирсэн. Наймдугаар сарын 4-нд батальоны комиссар М.А.Ююкин байгаа бөмбөгдөөд буцаж явахдаа агаарын их бууны суманд өртөх нь тэр. Онгоцоо дээш хөөргөх гэсэн ч улам унасаар байлаа. Тэр галд автсан онгоцоо Японы агаарын их бууны батарей дээр эгц дээрээс нь унагах нь тэр. Наймдугаар сарын 20-нд Зөвлөлт монголын дайчдын их давшилтын үеэр Зөвлөлт монголын нисгэгчид 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсны талд цохилт өгсөн байна. Үүнтэй нэгэн зэрэг дайрагч хэсгийн 44 онгоц дайсны агаарын их бууны цэгүүдийг довтолсон. Энэ өдрийн турш дайсны байрлалд нийтдээ 166 тонн бөмбөг хаясан юм.
Наймдугаар сарын 21-нд Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчилсан 41 бөмбөгдөгч агаарт гаргалаа. Тамсагбулгийн чиглэлд болсон энэ тулаанд Зөвлөлтийн талаас 184 онгоц орж агаарт хоёр талаас нийтдээ 300 гаруй онгоц гарч тулалдсан.
Ингээд тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 15 хүртэл Халхгол орчимд Зөвлөлтийн нисгэгчид 20 мянга 524 удаагийн нислэг үйлдэсний 18,5 мянга нь сөнөөгч онгоцны 2015 нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна.
Халхын голд Японы тал 646 онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 258 онгоцоо алджээ.
Халхын голд болсон агаарын тулалдаанд эр зориг гарган баатарласан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол, С.И.Грицевец, Г.П.Кравченко нарт ЗХУ-ын баатар цолыг хоёр дахь удаагаа өгсөн. Хожим нь Я.В.Смушкевичид бас Алтан таван хошууг хоёр дахь удаагаа өгсөн юм.
Халх гол дахь агаарын тулааныг цэргийн түүхэн дэх хамгийн том агарын тулалдаан, дэлхийн хоёр дугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур гэж үздэг билээ.