Геологи хайгуулын салбарынханд зориулсан сар тутмын “Хайгуулын мэдээ” сэтгүүл шинээр гарч байна. Уг сэтгүүлийн гол зорилго нь геологи хайгуулын салбарт дутагдаад байгаа мэдээ мэдээллийг олонд хүргэх юм. Геологи хайгуулын салбарыг хүн бүхэн шахуу уул уурхайтай нэг гэж ойлгох болсон энэ цаг үед геологи, уул уурхайн талаарх ойлголтыг олон ойлгуулсан тун хэрэгтэй сэтгүүл гарлаа гэж мэргэжлийн хүмүүс сайшааж байгаа юм. “Хайгуулын салбарын хөгжлийн төлөө” гэсэн уриа бүхий тус сэтгүүл нь геологийн судалгаа, хайгуулын салбарт ажиллагсад, хөрөнгө оруулагчид, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид, геологичдод гадаад дотоодын мэдээлэл, цаг үеийн үйл явдлыг хүргэх зорилготой билээ. Бид геологийн дотоодын болоод гадаадын компаниудийн талаарх мэдээ мэдээлэл, дэлхийд нөөцөөрөө тэргүүлдэг орд газрууд, геологи хайгуулын судалгааны шинэлэг арга аргачлал, техник технологи, геологийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж буй докторуудын эрдэм шинжилгээний бүтээл зэргийг нийтэлдэг. Мөн олон улсын хөрөнгийн зах дээрх ашигт малтмалын үнэ, компаниудийн хувьцааны ханшийн мэдээ болон бусад сонирхолтой мэдээллийг уншигч та бүхэнд хүргэх болно. Түүнчлэн Монголын болон гадаадын орд газар, алдартай компаниудад ажиллаж буй геологичидийн туршлага, ололт амжилтыг хүргэж байна. Манай сэтгүүл геологичдийн үзэл бодол, дуу хоолойг төрийн түшээдэд хүргэхийн тулд УУЯ, АМГ болоод геологийн холбоодтой хамтран ажиллаж байна.
“Хайгуулын мэдээ” сэтгүүлийн анхны дугаар өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан бөгөөд Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, геологийн ухааны доктор, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн багш Г.Ухнаа, австралид ажиллаж буй Монгол геологич А.Борохул, титанмагнетитийн шинэ орд нээсэн геологич П.Отгонбаатар нарын сонирхолтой ярилцлагууд болон дэлхийд алдартай “NEWMONT” корпараци, Чилийн алдарт “EL TENIETE” зэсийн орд, олон улсын хөрөнгийн бирж дээрх металл, металл бус ашигт малтмалын үнэ ханшийн талаарх мэдээлэл зэрэг олон сонирхолтой, цаг үеийн материалуудыг нийтэлсэн юм.
Хоёрдахь дугаартаа УУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын геологийн бодлогын хэлтсийн дарга, доктор Б.Баатарцогт, “Рио тинто холдинг” компанийн Ерөнхий геологич Б.Очирхуяг, геологийн эрдэс зүйн ухааны доктор, дэд сайд асан Ч.Хурц, “МГХ”-ны ерөнхийлөгч Т.Мөнхбат, “МҮГ” холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарын ярилцлага орлоо. Мөн Австралийн “JORC” код болон Африк, Ази, Австралиази, Европ, Хойд болон Өмнөд Африк гэх мэт дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, манай гарагийн томоохон уул уурхайн корпорациудийн жагсаалтын эхний гуравт ордог “XSTRATA” компанийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Мөн уншигч таны оюуны мэлмийд бага ч гэсэн нэмэр болох үүднээс галт уулын талаарх мэдээлэл, Бингем-Каньоний уурхай болон олон улсын зах зээл дээрх ашигт малтмалын үнэ, Монголын ордуудын хувьцааны ханшийн мэдээлэл багтлаа. Мөн энэ дугаараас эхлэн эдийн засагч, нийтлэлч, “De Facto” нэвтрүүлгээрээ олноо танигдсан эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы сонирхолтой нийтлэлүүдийг хүргэх юм. Түүнчлэн геологичдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж буй “Хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилал” хэлэлцүүлгийн сурвалжлага зэрэг мэдээ мэдээллийг та энэ удаагийн дугаараас унших боломжтой. Бид цаашид та бүхэнд олон сонирхолтой мэдээ материалыг хүргэх болно.