Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид: Тамсагаас Дарханд газрын тос татаж авахаар зардал өндөр гараад байна


Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидээс газрын тос боловсруулах үйлдвэр, экспортын талаар тодрууллаа.
 
-ОХУ-ын “Роснефть” компанитай үнийн өөр томъёогоор хамтарч ажиллана гэж байгаа. Энэ ямар учиртай юм бэ. Тэгэхээр шатахууны үнэ буурна гэсэн үг үү?
-Манай Газрын тосны газар энэ талаар  ажиллаж байгаа. Урд нь үнийн санал нь сарын сүүлчээр ирдэг байсан. Одоо тавдугаар сард ямар үнээр шатахуун авахаа мэддэг болсон.  Одоо бол үнэ нь юунаас яаж бүрдэж байгаа томъёог нь авдаг болсон. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний суурь үнэ, татвар, тээврийн зардал гээд бүгдийг нь үзэж мэдэж байгаа юм.  Тэгэхээр нөгөө талтай яриа хэлэлцээ хийхэд илүү ойлгомжтой, бололцоотой болсон гэсэн үг. Энэ томъёогоор бол урд нь нэг тонн шатахуун авдаг байсан үнэ нэлээд буурах юм билээ.

-Газрын тосны экспорт нэмэгдэж төсөвт чамгүй орлого оруулдаг болсон. Энэ жил хэдэн тонныг экспортлох төлөв байгаа вэ?
-Өнгөрсөн онд 473 мянган тонн газрын тос экспортолсон. Энэ онд 700 мянган тонныг борлуулах тооцоо бий. Ирэх жилээс нэг сая тонн гараад явах төлөв байгаа.

-Дарханд  газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Японы талтай яриа хэлцэл хийж байгаа. Одоо зээлийн баталгааны нөхцөлийг судалж байна. Тэгээд зээлийн гэрээ байгуулах ёстой. Японы талын төсөлтэй холбогдох яамдын мэргэжилтнүүд танилцаж байгаа юм. “Тоёо инженеринг” компанийн хийсэн  Техник эдийн засгийн үндэслэл бий. Үүнийг мэргэжлийн хөндлөнгийн шинжээчид үнэлж дүгнэх болсон. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажил хэвийн явагдаж байна. Энэ үйлдвэр төрийн оролцоотой байгуулагдах юм. Ингээд удахгүй,  төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох албан ёсны шийдвэр гаргуулна.

-Тэгэхээр 2016 онд ашиглалтад орно гэсэн үг үү?
-Товлосон хугацаандаа ашиглалтад оруулахыг л зорьж байна.

-Түүхий эдээ ханаас яаж хангах болсон бэ?
-Хамгийн гол асуудал бол түүхий эдээр найдвартай хангах явдал. Энэ асуудлаар ОХУ, Хятадтай яриа хэлцэл хийж санал тавьсан. Манай улс газрын тос олборлодог болсон. Үүнийгээ аль болох ашиглахыг зорьж байгаа. Гэтэл газрын тос олборлож буй орд маань Дорнодын Тамсагт  бий. Үйлдвэр нь Дарханд босно. Энэ хоёр хоорондоо 1000 км зайтай.   Тэгэхээр газрын тосны үйлдвэр маань түүхий эдээ татахаар асар их зардал гарна. Своп буюу бүтээгдэхүүнээ харилцан солилцох маягаар   гэрээ байгуулах худалдааны нөхцөл байдаг. Ийм аргаар түүхий эдээр хангах бодлогтой байгаа юм. Тухайлбал манайх газрын тосоо  бүгдийг нь хятдад гаргадаг. Мөн адил ОХУ-ын “Роснефть” компани жилд 15 сая тонн газрын тос хятдад нийлүүлдэг. Иймд бид өөрийнхөө газрын тосыг  хятдад өгөөд оросын нийлүүлэх түүхий эдээс тэр хэмжээгээр татаад авах юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ солилцох арга л даа. Тээвэрлэлтийн зардал, бүтээгдэхүүний чанараас шалтгаалаад үнийн жаахан зөрүү гарч магадгүй. Оросоос ингэж авбал Тамсагаас Дарханд түүхий эдээ татах зардлаас 22-24 дахин хямд тусах тооцоо бий. Орос, Хятадын нутагт манай улсыг тойроод  газрын тос боловсруулах үйлдвэр зургаа, долоо байгаа. Тэгэхээр бид ганцхан Дарханд шатахуун үйлдвэрлчихээд монгол орны өнцөг булан бүрт тараахад бас л зардал өндөр гарна. Тэгэхээр ойрхон боомтуудаар шатахуун авч хэрэгцээгээ хангах боломж бий. Ер нь янз бүрийн хувилбаруудыг судалж зэрэг бодож үзэх хэрэгтэй л дээ.

-Нүүрс шингэрүүлж шатахуун гаргах үйлдвэр байгуулна гэж байгаа. Энэ талаар ямар ахиц дэвшил гарав?
-Хэд хэдэн тийм төсөл байдаг. Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан судалгааны төвшинд явж буй төсөл бий. Саяхан Ерөнхий сайдад холбогдох компаниуд нь танилцуулга хийсэн. Үүнийг сонсч байхад үйлдвэр байгуулах өртөг их өндөр юм билээ. Ер нь 2-3 тэрбум ам.долларын зардал яригдаж байсан. Судалгаа шинжилгээний ажил нэлээд хийх шаардлагтай л даа. Уг нь манай улс нүүрсний нөөц ихтэй. Хүрэн нүүрсээ шингэрүүлж шатахуун гаргаж ашиглах нь зүйтэй юм. Цаашдаа нефть химийн үйлдвэр хөгжүүлэх бодлогын чанартай зүйл хэрэгтэй гэж бодож байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан