Морин хуурын чуулгын морин хуурч, хөөмэйч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашидтай ярилцлаа.
-Морин хуурын чуулгын “Playing love III” буюу киноны шилдэг хөгжмийн тоглолт өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө хэр онцлогтой вэ?
-Манай чуулгын морин хуурч Даваазориг анх санаачилсан “Playing love” тоглолт гурав дахь удаагаа үзэгч сонсогчиддоо хүрэх гэж байна. Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмөөс бүрдсэн тоглолт маань бэлэн болсон. Киноны хөгжмийг сонсоход л үйл явдал нь нүдэнд харагддаг. Манай энэ удаагийн тоглолтын хөтөлбөрт багтсан “1900” уран сайхны киноны “Playing love” буюу бидний орчуулгаар “Хайраар хөгжимдөхүй” бол хэдхэн минутын дотор киноныхоо үйл явдлыг илэрхийлж чаддаг хөгжим. Энэ удаагийн тоглолтын өвөрмөц тал нь бидний өмнө нь тоглож байсан шилдэг бүтээлээс орж байгаа.
-Гадаадын киноны шилдэг хөгжмийг морин хуураар тоглохын тулд нотыг нь дахин бичих хэрэг гарна. Энэ бол хамгийн хэцүү ажил болов уу. Хэн үүнийг нуруун дээрээ үүрч гарав аа?
-Морин хуурын чуулга гадаадын мундаг хөгжмийг тоглож байгаа нь дэлхийн том, том оркеструудыг давах гэсэн зүйл огт биш юм. Бид өөрийнхөө онцлогт тохируулж тоглохын тулд мэдээж хөрвүүлэх хэрэг гарна. Манай чуулгын удирдаач Түвшинсайхан, залуу морин хуурч Жигжиддорж, Отгонтуяа, Шинэбаяр өөрсдөө л хөрвүүлсэн. Хөгжимчид чуулгынхаа дуугаралтыг сайн мэддэг учраас хөгжмийн хөрвүүлэг ойр. Манай уран бүтээлчдээс гадна өөр хүмүүс ч гэсэн хамтран ажилласан. Сүүлийн үед хөгжмийн найруулга маш сайн хийдэг гэж нэрд гарсан Баярхүү, даралтат хөгжимчин Пүрэвсүх гээд чадварлаг уран бүтээлчтэй хамтран ажиллаж байгаа.
-Морин хуурын чуулга бүрэлдэхүүнээрээ дэлхийн олон оронд тоглолт хийдэг. Гадаадын хөгжмийн зохиолуудыг эх оронд нь тоглоход үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай чуулга дэлхийн 30 гаруй оронд тоглосон. Нэлээд хэдэн жилийн өмнө Австрийн Вена хотын “Алтан” танхимд тоглож байлаа. Моцартын өлгий нутаг шүү дээ. Тэнд Моцартын “Серенада”-г тоглож байсан. Гайхаж, баярлаж хүлээж авдаг. Хятадын алдартай “Мой лен хуа” гэдэг дууг нь эх оронд нь тоглож байсан. Японд ч бас алдартай хөгжмийн зохиолыг нь өөрсдийнхөө хөгжмийн онцлогт найруулан тоглосон. Оросын “Большой” театрт “Сарны туяа” аялгууг тоглолоо. /аялж үзүүлэв/. Энэ мэтчилэн очсон улсынхаа онцлогт тохируулан тоглолтоо найруулан хийдэг. Тэд маш гайхалтай хүлээж авдаг. Морины сүүлийг, сүүлээр нь үрж тоглодог, нүүдэлчин түмний бүтээсэн хөгжмөөр суурин иргэншил олон мянган жил хөгжсөн орны хөгжмийн зохиолыг тоглоход маш сонирхолтой байлгүй яахав.
-Гэхдээ бидэнд морин хуураар тоглож байгаа ямар ч ая дотно санагддаг...?
-Гадныхны аяыг 100 хувь хуулж тоглоно гэж байхгүй л дээ. Зарим талаар дутагдалтай зүйл байх ч хөгжмийн бүтцээс болоод дуугаралтын хувьд илүү гарах зүйл ч бий. Тиймээс энэ бүхнээс алдаа оноогоо дүгнэж, цаашид яаж дэвжих, байр сууриа хэрхэн батжуулах вэ гээд өөрийн гарцыг олж авах нь чухал.
-Хэдхэн жилийн өмнө л “Морин хуурын чуулга” гэхээр үндэсний ая тоглосон, хажууд нь уртын дууч дуулснаар л төсөөлдөг байсан?
-Морин хуураар гадаадын хөгжмийн зохиолыг тоглоход төвөгтэй, зарим судлаачид бүр боломжгүй гэж үзэж байсан цаг саяхан. Сүүлийн үед морин хуурчдын чадвар өсч байна. Хамгийн чухал нь, морин хуур хөгжим өөрөө үйлдвэрлэлийнхээ хувьд стандартад нийцэх болсон. Өмнө хөг нь амархан алдагддаг байсан. Одоо бол чих нь амархан буудаггүй ч юм уу дэвшилттэй зүйл ихтэй болсон шүү.
-Та морин хуурын чуулгад хөгжимчнөөс гадна хөөмэйч хийдэг шүү дээ. ЮНЕСКО-д хөөмэйг соёлын өвөөр бүртгүүлсэн ч хамгаалчихлаа гэхэд хэцүү байх. Хөөмэйн урлаг мөхөж байна гэх шүүмжтэй хэр санал нийлдэг вэ?
-1999 оноос хойш Морин хуурын чуулгад хөөмэйч, морин хуурчаар ажиллаж байна. Надаас өмнө манай чуулгад Монголын алдартай хөөмэйчдийн нэг Таравжавын Ганболд ажиллаж байсан. Үндсэндээ хөөмэй бол Алтайн язгуурынхны дунд үүссэн урлаг байхгүй юү. Алтайн уулсын үргэлжлэл Саяны нуруу Тувагийн нутаг руу орсон байдаг. Мөн өмнөд хэсэг нь Шинжаан Уйгарын нутагт байдаг. Тиймээс эдгээр нутагт хөөмэй маань их эрчимтэй хөгжсөн. Шинжаан Уйгарт “цоорын дуу” гэж хөөмэйн нэг төрөл үүсч хөгжсөн байдаг.
1990 оны ардчилал гарахад нэг хэсэг урлагийн салбар маш их орхигдсон. Хүмүүс талхны мөнгөө олох дээр л санаа зовно уу гэхээс юун урлаг соёлын арга хэмжээ үзэх манатай байлаа. Яг тэр үед манай хөөмэйн хэдэн багш нар урд хөрш рүү гарсан. Хятадад бодлогоороо хөөмэйн урлагийг дэмждэг байсан цаг л даа. Тэгэхээр чинь хүмүүс амьдралаа л хөөнө шүү дээ. Багш нар маань тэнд очоод бараг 20-иод жил болчихоор хөөмэй нэлээд хөгжинө. Яг тэр үед л хятадууд ЮНЕСКО руу хөөмэй бол манай соёлын өв гэсэн олон баримт илгээсэн нь бараг бүртгэгдэх шахсан. Тиймээс манай залуу хөөмэйчид маань хувь хувьдаа төрийн бус байгууллага байгуулж, албан бичиг илгээсэн. Би гэхэд л “Хөөмэйн хөгжил, хамгаалал” гэсэн төрийн бус байгууллага байгуулж, албан бичиг, хөөмэйлж байгаа бичлэгүүдээ явуулж тэмцэж байлаа. Үүний үндсэнд 2010 онд хөөмэй бол Монголын соёлын өв гэж бүртгэсэнд их баяртай байгаа.
Хөөмэйчид багасч, цөөрч байна гэсэн яриа гардаг. Гэхдээ нэг үеэ бодоход сонсох, харах зүйл их хөгжсөн учраас хөөмэйн урлагийн талаар интернэтээр л олоод мэддэг болсон. Хөөмэй өмнө нь практик сургалттай байсан. Үүнийг нь өөрчилж СУИС-д бакалавр, магистрийн сургалт явуулах болсон. Тэнд маш олон хөөмэйчид сурч, төгсч байна. Урлаг ч бай, ямар нэг салбарын шинэ үе урьд үеэсээ илүү хүчтэй гарч ирдэг учраас чадварлаг хөөмэйчид төрөх байх гэсэн итгэлтэй явдаг.
-Бас нэг асуух гэсэн зүйл маань “Морин хуурын чуулга”-аас гарч байгаа үндэсний хөгжмийн хамтлагуудын талаар... Хэдийгээр чуулгадаа уран бүтээлээ туурвидаг чуулга тарах нь гээд л яриад байгаа?
-Этно мюзик буюу үндэсний хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулж тоглох урсгал сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Манай чуулгад ч гэсэн энэ чиглэлээр тоглодог хэд хэдэн хамтлаг бий. “Чилүгэн” гэж морин хуурын дөрвөл, “Хулан” гээд дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хамтлаг байна. “Ятгын дөрвөл”, Хөөмэйчдийн хамтарсан хамтлаг мөн этно-жаз төрлөөр уран бүтээл гаргаж, тоглолтоо хийсэн “Арга билэг” хамтлаг байгаа. Үндэсний хөгжмөөр рок, жаз хийнэ үү тухайн хүний чөлөөт сонголт. Үүнийг морин хуур хөгжмийг буруу чиглэлээр хөгжүүлж байна гэх юм байхгүй. Хүмүүс алийг нь сонсох вэ гэдэг тэдний дур. Ийм олон төрөл гарч ирснээрээ морин хуурыг илүү задалж байгаа.
-Мартсанаас мал мэнд үү гэгчээр таны хөөмэй, морин хууртай холбогдсон талаар сонирхвол...?
-1996 оноос Монгол Улсын гавьяат жүжигчин “Хөөмэйн хаан” Сундуй багшдаа шавь ороод, 1999 оноос Морин хуурын чуулгад хөөмэйч, морин хуурчаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд дэлхийн 30 гаруй орны тайзан дээр гарч явлаа. Манай чуулга АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги Холл”, НҮБ-ын танхим, Оросын “Большой” театр, Кремлийн ордон, Хятадын “Сувдан” театр, Берлиний Флармонийн танхим, Швейцарийн Женев хотын НҮБ-ын танхим, Францын Парис хотын ЮНЭСКО-гийн танхим гээд олон мэргэжлийн тайзан дээр гарч байлаа. Тоглолт бүрд л өөрийн хувь нэмрээ оруулж, ардын язгуур урлаг болох хөөмэйн урлагаа сурталчилж, түгээж явж байна даа.
-Морин хуурын чуулга гадаадын олон том тайзан дээр тоглож явсан. Тийм атал Монголын тайз жижигддэг?
-Социализмын үед баригдсан хэдэн сайхан тайз байна. ДБЭТ, УДЭТ, СТӨ байна. Бөхийн өргөө, Улаанбаатар палас гээд шоуны зориулалттай тайзан дээр хөгжмийн бүтээл тоглоход хүндрэлтэ й. Гадаадын тайзан дээр тоглохоор үзэгчид Монголоос илүү хүлээж авдаг шалтгаан нь хөгжимд зориулсан стандартын тайзтай учраас. Хөгжим болгонд микрофон тавих шаардлагагүй байдаг. Жишээлбэл, хөөмэйгөөр тухайн хүний хоолойны царааг бүрэн мэдэж болно. Тэр дуугаралтыг бүрэн хүлээж авахаар зориулалтын тайз болохоор. Аргалж тоглож байгаа ч хүн байна. Үнэхээр чадалтай ч хүн байна. Тэр бүгдийг ялгаж харуулахад мэргэжлийн тайз чухал. Монголд яг стандартын тайз байхгүй. Манай флармонийн тайз бол кино гаргах зориулалттай. Хэдийгээр хөгжимд зориулж, шинэчлэл засвар хийсэн ч стандартын тайз биш учраас бидний бүтээл гоё дуугарч хүмүүст үнэлэгдэх хэмжээ нь багасчихаж байгаа юм. Тэгэхээр жаахан харамсалтай.
-Гэхдээ л үзэгчид нь дүүрэн л үздэг...?
-Тэрэнд их баяртай явдаг. “Playing love” тоглолтын билет л гэхэд тоглолт болохоос 10 хоногийн өмнө дуусчихдаг.