Өнөөдөр казах түмний Наурызын баяр. Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрэх, шинэ өдөр хэмээх утга агуулдаг. Тийм ч учраас энэ өдрийг жилийн эхэн гэж үздэг. Цагаан сар, шинэ жилийн баяртай утга ижил баяр юм. Энэ өдөр айл болгон хоол унд, идээ цагаагаа элбэг дэлбэг бэлтгэж, айлд зочилж, дуулж хуурдаж, баярладаг. Нэгэндээ “Улыс он болсын, ак мол болсын” /Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай/ гэж ерөөн мэндэлнэ. Мөн хүүхэд залуус нь үндэсний тоглоомоор наадаж, эрчүүд нь “Көкпар” буюу тулам булаалдана. Наурызын баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр ч нэрлэдэг.
Цагаан сараар бид тохой өргөн золгож мэндэлдэг бол Наурызын баяраар эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлдэн мэндчилдэг. Казах түмний домог яриагаар “Гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагт бурхан бууж ирдэг. Тийм учраас бурхныг угтан гэрээ цэвэрлэдэг. Бурхныг хэр их цэвэр цэмцгэр гэртэй угтаж авна тэр хэмжээгээрээ бүтэн жилдээ өвчин зовлон, гай түйтгэргүй, сайн сайхан байна” хэмээн үздэг.
Мөн “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзэн, элбэг дүүрэн байхыг бэлгэдэн шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг уламжлалтай аж. Ингээд л 22-ны өдрийн өглөө мандах нарыг харж, хүлээн авахаас Наурызын баяр эхэлдэг байна.
Баяр угтсан өдөрлөг

Наурызын баярыг угтан өчигдөр Сүхбаатарын талбайд Баян-Өлгий аймгийн казах үндэстнүүд өдөрлөг зохион байгуулсан юм. Өдөрлөгт зориулан барьсан таван гэрийг үндэсний уламжлалаа харуулахаар тохижуулжээ. Үндэсний гар урлалаар алаглуулан чимсэн үндэсний гэрүүд нийслэлийн иргэдийн нүдийг баясгасан юм. Казах үндэстний бас нэгэн уламжлал бол бүргэдээр ан хийлгэх билээ. Тийм ч учраас үнэг, чоно зэрэг ангийн арьсаар гэрээ чимсэн нь сүрдмээр бас гайхмаар. Гэрийнхээ үүднээс эхлээд гоёмсог хатгамал хөшиг, хивс ханандаа зүүсэн нь казах эмэгтэйчүүдийн гарын ур, эв дүй, ажилч хөдөлмөрч чанарыг нь илтгэнэ. Гэр бүрт урт ширээ засч дээр нь цагаан даавуу дэлгээд идээ будаа дэлгэсэн байлаа. Шинэ ондоо элбэг дэлбэг, эрүүл энх байхын бэлгэдэл энэ ажээ. Харин ширээн дээр эсвэл газарт дэлгэсэн том алчуур дээр “тас таркан” буюу олон төрлийн идээ будааг багтаж ядтал нь өрдөг. Гол идээ нь бавырсаг буюу боорцог. Цайгаа ууж, тас таркантай идээ будааг идсэний дараа том царан дээр бэлтгэсэн махнаас иддэг хэмээн ёс заншлаасаа казах иргэд тайлбарлан өгсөн юм.

Мах идэхийн өмнө хүмүүс гараа бүлээн усаар угаагаад, хүн бүр хоёр алгаа дэлгэж хамгийн ахмад нь бүгд эрүүл энх байж, сайхан хоол зооглож байхын ерөөл тавьж тэнгэр бурхандаа талархал илэрхийлдэг гэнэ. Гэрийн эзэн махыг жижиглэн хэрчиж хүмүүст тараадаг байна. Хонь, үхрийн мах, казыг хамтад нь чанаж шөлийг нь долоон төрлийн зүйлээр амтлан /мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино/ Наурыз-көже буюу Наурызын шөлөөр зочдоо дайлах ёстой. Уламжлал ёсоор хүн бүр айл болгонд зочилж, Наурызын шөлийг цадатлаа уудаг байна. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн бэлгэдэл гэнэ. Идээ будааны амтат даруулга бол сайхан үг хэлэлцэж, домбор хөгжимдөж дуулах аж.
Казах үндэстний брэнд бүтээгдэхүүн
Баян-Өлгий аймгийн музейгээс шилмэл үзмэрүүдийг авчирч нийслэлийн иргэдэд сонирхуулсан юм. Энэ үзэсгэлэнд казах үндэсний хувцас болох эрэгтэйчүүдийн морин дээр өмсөх зориулалттай нэхий өмд, эмэгтэй хүний шүр, сувдан гоёлтой хувцас, ангийн олз, мөн ахуйн эдлэл хэрэгсэл тавигджээ. Өдөрлөгийн үеэр Казах үндэсний брэнд болсон хатгамалтай цүнх, үндэсний хувцас, малгай зэрэг бүтээгдэхүүний худалдаа боллоо. Үндэснийхээ хээ угалзыг зүү ороох, хонин холбоо зэрэг оёдлоор өнгө уусган урласан цүнхийг нийслэлийнхэн сонирхон идэвхтэй авч байна билээ. Эдгээр цүнх 10-40 мянган төгрөгийн хооронд зарагдаж байсан юм. Мөн шар шувууны өдийг ч багцлан зарж байлаа. Хэл ам, гэнэтийн аюул ослоос хамгаалдаг хэмээн үздэг учраас ийн машинд, гэртээ зүүх зориулалттайгаар зарж байсан юм. Нэг багц шар шувууны өд 20 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаж байв.
Бүргэдтэй бүжиглэгч

Чанга яригчаар талбайд казах үндэсний “Кара Жорга” дуу эгшиглэнэ. Нийслэлд амьдардаг ч тэр бүр таараад байдаггүй танилууд талбайд таарснаа олзуурхан яриа өрнүүлж, үндэсний хувцсаараа гоёж ирсэн зарим нь дурсгалын зураг татуулна. Энд ховор бараа болох бүргэд хоёр ч байсан юм. Тэдний нэг нь Налайхаас Тэрэлж рүү явах замд зорчигчдын нүдийг баясгадаг дөрвөн настай бүргэд. Түүний бусдаас ялгарах давуу тал нь бүжиглэх. Гэтэл чанга яригчаар түүний дуртай ая эгшиглэсэн учраас бүргэд эзэнтэйгээ хамт бүжин цугласан олныг баясгав. Нутгаасаа хол нийслэлд суурьшсан зарим нь өөрийн эрхгүй бүжигч хоёрыг даган ганхана. Бүргэд гаршуулагч залууг К.Саркат гэдэг. Тэрээр хоёр бүргэдтэй. Гэхдээ Наурызын өдөрлөгт нэгийг нь л авч ирсэн нь энэ. Нөгөө бүргэд нь “боксчин” гэсэн. Тиймээс өдөрлөгт авч ирээгүй гэлээ. Бүжиглэх зуураа тойрсон үзэгчдийн өмнө үе үе нисэн буух бүргэдээс казах хүмүүс огт цочиж, айх зүйл алга. Харин ч өхөөрдөнө.
Энэ үеэр бүргэдтэй зургаа татуулах хүмүүс дугаарлан жагссан байлаа. Бүргэдийг гар дээрээ суулгаад нэг удаа зургаа татуулахад 2000 төгрөг. Чамгүй ашигтай бизнес аж. Гэхдээ хэн дуртай нь бүргэдийг гаршуулж чаддаггүй байна. Удам дамжсан бүргэд гаршуулах ухааныхаа дагуу арчилдаг талаар К.Саркат ярьсан юм.
Б.Цэдэвсүрэн