Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Жанчивдорж: 1.8 сая хүнийг усаар хангах эх үүсвэр Туул голын хөндийд байхгүй


Шинжлэх ухааны академийн Гео экологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрхлэгч доктор, профессор Л.Жанчивдоржтой Монгол орны усны нөөц, нийслэлийн усан хангамжийн талаар ярилцлаа.


-Нийслэлийн усан хангамжийн өнөөгийн байдал ямар байна вэ?
-Манай хүрээлэн Улаанбаатар хотын усан хангамж, хүрэлцээ, усны менежментийн алдаа онооны талаар олон жил судалгаа хийж байгаа. Энд Монголын байгаль орчны онцлог гэж нэг зүйл бий. Учир нь, газар нь зургаан сар хөлдүү байж байгаад  үлдсэн хугацаанд гэсдэг. Тэгэхээр газар хөлдүү байдаг зургаан сард улаанбаатарчуудыг ундалдаг  усны эх үүсвэрийн тэжээл багасдаг юм. Зөвхөн газрын гүний усны тэжээлтэй болдог. Энэ тэжээлийг нь байгаа хэмжээнд нь хүртэл эсвэл илүү сорж авбал экологийн хохиролд хүргэнэ. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Эл эх үүсвэрүүдийг  хэт соруулахгүй байлгах талаар манай хүрээлэн судалж байгаа. Өөрөөр хэлбэл, Туул голын хөндийд хяналтын найман цэг ажиллуулж байна. Энэ нь, газрын доорх усны төвшний өөрчлөлтийг тогтооно. Ямар үед усны төвшин дээшилж,  доошилж байгаа бас хэрхэн  тэжээгддэг, үгүйг нь  судалж тогтооно гэсэн үг.

-Энэ судалгаанаас ямар нэг дүн гарч байна уу?
-Судалгаанаас  үзэхэд  аравдугаар сарын сүүлчээс дараа оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд үндсэндээ  тэжээлгүй болдог. Энэ хугацаанд авах ёстой хэмжээнээсээ зарим үед найман метр хүртэл гүний ус соруулж байна. Ингээд хөрс суух тохиолдол ч гардаг.  Үүнийг анхаарах ёстой. Тэгэхээр усны эх үүсвэрүүдийг зарим үед нэмэх, багасгах, хэт багасдаг хэсгүүдийг нь ашиглахгүй өнжих зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм.

-Туул голоос өөр Улаанбаатарыг усаар хангах эх үүсвэр бий юү?
-Нийслэлийг усаар хангах олон шийдэл ярьж байгаа. Эдийн засгийн ач холбогдолтой, байгаль орчны хувьд найдвартай эх үүсвэр л олох ёстой. Өнөөдөр найдвартай усны эх үүсвэр олоогүй байж 2020 онд Улаанбаатарын хүн ам 1.8 сая болно гэж төлөвлөсөн. Гэтэл тэдний хэрэгцээг хангах усны эх үүсвэр Туул голын хөндийд байхгүй. Иймд  шинэ эх үүсвэр олох шаардлагатай. Тэгэж байж дараагийн ажилдаа орох ёстой. Бид өнөөдөр цэвэр усаа гамгүй хэрэглэж, зарим  худгийн төвшинг хэт доошлуулах, багасгах, бүр хаахдаа тулж байгаль орчинд харгис хандаж байна. Мэргэжлийн байгууллагын судлаачид энэ зохисгүй үйлдлээ л зогсоо гэж анхааруулсаар байгаа юм.

-Ер нь, цэвэр усны хайгуул хийж байна уу?
-Туулын хөндийд хоёр газар хайгуул хийсэн. Өөр хайгуул хийх газар байхгүй. Иймд  гадаргын усыг ашиглах мөн гүнийхтэй хослуулахаас өөр хувилбар байхгүй. 

-Манай орны цэвэр усны нөөц, хүрэлцээ ямар байдаг вэ. Та эрдэмтэн судлаачийн хувьд юу гэж үзэж байна?
-Монгол орон усны асар их хэмжээний нөөцтэй гэж зарим судлаач хэлдэг. Яг үнэн хэрэгтээ усны нөөц бололцоо бага, тархалт нь янз бүр. Тэгэхээр усны тархалт өөр учраас үүнд л анхаарах ёстой. Би дээр хэлсэн байгаль орчны онцлогоос шалтгаалж, гадаргын ус зургаан сард нь хөлдүү, жаахан тэжээлтэй үе нь гэсдэг үе нь юм.  Иймээс  монголчуудын хэрэглээг  газрын гүний ус л хангадаг. Тэгэхээр олборлож байгааг нь харахаар Монгол орон ус ашиглахад маш бэрхшээлтэй.

-Говьд олон уурхай нээгдэж, усны хэрэглээ нэмэгдэж байна л даа. Гэтэл говийн усны нөөцийг судалж тогтоосон зүйл байна уу?
-Манай хүрээлэн Монголын умард нутгийн усны нөөц, тэжээлийн судалгааг хийдэг. Жишээлбэл, Цөмийн энергийн агентлагтай хамтраад судалгаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр усны нас яаж бүрдэж байна вэ гэдгийг судалж байна. Монголын хээр, говийн газар доорхи ус бол үндсэндээ тэжээлгүй.
Тэгэхээр энэ  усыг  хэрэглэхдээ  байгаль экологийг хадгалах үүднээс зөв ашиглая гэвэл тухайн жилд орж байгаа тэжээлийнх нь хэмжээнээс хэтрүүлэх ёсгүй. Энэ бол экологийн шалгуур, хязгаар нь гэсэн үг. Жилд тэжээгддэг хэмжээг нь тогтоох ёстой. Дараа нь,  зохих байгууллагуудаар нөөцөө батлуулж, эхний жилүүдэд хэдий хэмжээгээр хэрэглэх  вэ гэдгээ гаргаад ашиглаж  болно. Түүнээс биш газрын доор тэжээлгүй байгаа усыг ашиглаж болохгүй. Зүйрлэвэл зүгээр нэг аяганд байгаа устай адил. Үүнийг  шууд ашиглавал дорхноо дуусна шүү  дээ. Иймд мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлттэй, нөөц нь батлагдсан байх учиртай. 

-Одоогоор ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт гарсан уу?
-Арай болоогүй. Энэ жил эхэлсэн судалгаа 2016 онд дуусна. Ямар ч байсан тэжээл нь маш бага гэдэг нь тогтоогдсон. Судалгаа нь дуусахаар төдөн хувийг нь ашиглаж болно  гэдгийг тодорхой хэлэх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан