Монгол Улсын хуульд тусгай хамгаалалттай газар нутагт иргэн газар өмчлөх эрхгүй гэж заажээ. Гэтэл манайд тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг ойлголт үндсэндээ үгүй болжээ гэхэд хилсдэхгүй. Наад захын жишээ дурдахад, Богд уулаа бидний өвөг дээдэс үеийн үеэс шүтэж, тахиж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг байв. Богдхан уул бол дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар гэдгийг хүн бүр мэднэ. 1778 онд Богд хаант Монгол Улсын үед энэ хайрхнаа дархлан хамгаалсан билээ. Гэтэл одоо энэ газар зөвшөөрөлгүй байшин барилгаар дүүрчихэж. 1990-иэд оны сүүлч 2000 оны эхээр Улаанбаатарт замбараагүй газар олгосноос үүдэн байгалийн унаган төрх алдагдахын зэрэгцээ ундны усны эх үүсвэр, хамгаалалтын бүсэд хашаа хатгах нь энгийн үзэгдэл болсон. Үүнээс шалтгаалж хэдхэн жилийн дотор экосистем өөрчлөгдөж, нийслэлчүүд цэвэр усны хомсдолд ороход тун ойрхон болоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд баячуудын гэх тодотголтой хувийн орон сууц олноор баригдаж Улаанбаатарын утаанаас дайжигсад Богдхан уулын амыг бараадах болоод буй. 2002-2012 оны хугацаанд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуулчлал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх, 193 иргэнд зуслангийн зориулалтаар газар ашиглах эрх олгож байжээ.
2000-2003 онд 46, 2004-2008 онд 217, 2009-2012 онд 192 газар олгосон байх юм. Үүнээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 65 аж ахуйн нэгж л зөвшөөрөл авсан зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ. Энэ бүхнийг цэгцлэх үүднээс Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч, Богдхан уулын дархан цаазат газарт “Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах түр журам”, “Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам” зэрэг хууль журмын хэрэгжилтийг шалгасан байна. Ажлын хэсгийнхэн тус газрын 34 амнаас газрыг нь ашигласан 24-ийг нь судлан иргэдийн төлөөлөлтэй дэд ажлын хэсэг байгуулан, холбогдох албан бичиг, иргэдийн өргөдөлтэй танилцан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 645, Хан-Уул дүүргийн XI хорооны 508 иргэний газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулжээ.
Хан-Уул дүүргийн экс Засаг дарга Д.Загджав хууль бус гэрчилгээ олгожээ
Хан-Уул дүүргийн XI хороонд 600 орчим айл өрх амьдардаг. Тэд газраа өмчилж авахаар дүүргийн газрын албанд удаа дараа хандаж байсан байна. Ажлын хэсгийн судалснаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдсан. Уг хууль батлагдахаас өмнө тус хорооны нутаг дэвсгэрт 424 өрх амьдарч байжээ. Тиймээс эдгээр өрхөд нөхөн олговор олгож газрыг нь чөлөөлүүлэх юм байна. Өнөөдрийн байдлаар Арцатын аманд 282, Жаргалантын аманд 20 өрх амьдарч буй гэсэн. Үүнээс гадна 2008 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Загджав 250 орчим өрхөд кадастрын зураггүй газар эзэмших гэрчилгээ хууль бусаар олгожээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга дур мэдэн газар эзэмших гэрчилгээ олгосон байх юм. Тиймээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар холбогдох газруудад нь албан бичиг хүргүүлсэн гэх. Байгаль орчны сайдын 2008 оны 271 дүгээр тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд зуслангийн зориулалтаар газар ашиглах түр журам” гаргаж, Нүхтийн аманд 193 иргэнд зуслангийн зориулалтаар газар олгосон байна. Гэтэл энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн аж. Үүний зэрэгцээ газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэсэн боловч байгаль орчныг хамгаалах менежментийн болон байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг жил бүр батлуулаагүй, тайлангаа цаг хугацаанд нь өгөөгүй, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн аж.
Газраа зориулалтын бус зүйлд ашигласныг тогтоов
Богдхан уулын дархан цаазат газар хойд талаараа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэг, урд талаараа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумтай хил залган, нийт 41.6 мянган га талбайг хамардаг. 1960 оны эхээр тус уулын эргэн тойронд 70 гаруй байгууллагын 1200 гаруй зуслангийн байшин, төрийн болон хувийн 2000 гаруй гэр, 17 аманд 40 гаруй барилгын томоохон объект байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байсныг Сайд нарын зөвлөлийн тогтоолоор иргэдийн зусланг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэжээ. Гэвч газар ашиглалтын зориулалтыг өөрчлөн орон сууцны хороолол, барилга байгууламж, хувийн орон сууц барьж, түүнийгээ үл хөдлөх хөрөнгө болгон иргэдэд худалдсан байна. Үүнээс гадна газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан, усны онцгой хамгаалалтын бүсэд орсон газар ч нэлээд байгаа аж. Энэ талаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг “Газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газрыг хурааж авна. Ер нь энэ асуудал дан ганц манай яамны шийдэх асуудал биш. Маш олон байгууллага оролцож шийдвэр гаргах ёстой. Тухайлбал, барилга барих зөвшөөрөл олгосон газрууд ч оролцох хэрэгтэй. Тиймээс холбогдох газруудад хандаж албан бичиг явуулж байна. Энэ тухай УИХ, Засгийн газарт гаргаж асуудлаа шийдүүлнэ. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах газар авсан ч олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Одоо тэнд 80 гаруй аж ахуйн нэгж байгаагийн 30 гаруй нь аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй ч олон улсын жишигт нийцэж байгаа нь 2-3-хан аж. Тиймээс бид энэ байгууллагуудад стандарт тогтоож, гурвалсан гэрээнд өөрчлөлт оруулна” гэв.
Богдхан уулын Дархан цаазат газрын даац хэтэрчээ
Ямар ч төлөвлөлтгүйгээр газрыг хавтгайруулан олгосон нь Зайсан, Арцат, Нүхтийн аманд газрын даац хэтрэхэд хүргэсэн аж. Улмаар дархан цаазат газрын биологийн төрөл зүйлийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, экосистемийн тэнцвэрт байдал алдагдсан гэх дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ. Дээрх нэр дурдсан амуудаас гадна Туул голын хамгаалалтын болон усны эрүүл ахуйн бүсэд замбараагүй газар олгосноос голын сайр, уулын үерийн усны жалгыг хааж хашаа барьж, аж ахуйн нэгж тус бүртээ ундны болон цэвэр усны хэрэгцээг хангахаар худаг гаргах, бохир усаа зөөврөөр зайлуулахаар тус бүр цооног гаргасан нь аюултай орчин бүрдүүлсэн гэх. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ талаар дорвитой арга хэмжээ авалгүй нүдэн балай чихэн дүлий суучихаад ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо ярьж байгаа нь хачирхалтай. Өмнө нь энэ талаар яагаад арга хэмжээ авч байгаагүйг тодруулахад “Богдхан уулын хамгаалалтын захиргаа өдөр тутам, МХЕГ хөндлөнгийн хяналтыг байнга тавьж ажилладаг. Байнгын хяналт тавих субъект нь эдгээр газрыг хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид” гэлээ.
Чиглэл өгөх эрх бүхий байгаль орчныг хариуцсан яам нь надад хамаагүй гэх утга агуулгатай хариулт өгч байна. Богдхан уулын хамгаалалтын захиргааг улсын төсвөөс сүүлийн таван жилийн байдлаар 946 сая гаруй төгрөгөөр санхүүжүүлж, түүний 90 хувийг цалин урсгалд, гурван хувийг ургамал хамгаалал буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулсан байна. Гэтэл газар ашиглагчдын төлбөр төлөлтийг сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл 12 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн ч байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд огтхон зарцуулаагүй байжээ. Тиймээс Байгаль орчин ногоон хөгжлийн сайд газрын нөөц даацыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосны дараа дотоод бүсчлэлийг тогтоох, менежментийн төлөвлөгөө аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөөд буй аж. Мөн холбогдох хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд экологи, эдийн засгийн үнэлгээний хохирлыг тооцуулан Байгаль хамгаалах санд төвлөрүүлэх юм байна. Энэ мөнгөнөөс тус уулын нөхөн сэргээлт, тохижилт, аялал жуулчлал, амралтын дэд бүтэц хөгжүүлэхэд зарцуулна гэсэн. Нэгэнт барилга байшин барьчихсан газрыг дахин төлөвлөн, эрсдлийн үнэлгээг хийнэ гэдэг санаанд багтамгүй ажил мэт. Ямартай ч тус яам ямар ажил хийхийг харах л үлдлээ.