Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гён Хи хоёр өдрийн өмнө тангаргаа өргөж албан тушаалдаа суулаа. Солонгос хуваагдан БНСУ гэж өрх тусгаарласнаас хойш улс төр, эдийн засгийн хөгжил, өөрчлөлтийн тун ч амаргүй замыг туулсан ч түүхэнд нь эмэгтэй хүн төрийн тэргүүн нэг ч удаа болж байгаагүй юм. Ер нь, эмэгтэй хүнийг их бодож л гэр бүлийн жижиг бизнес эрхэлж болно, үгүй бол гэртээ сууж хүүхдээ харах, нөхрөө асран халамжлахаас өөр зүйл хийх ёсгүй гэсэн үзэл одоо ч нөлөөтэй хэвээр байгаа солонгосчууд эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоно гэдэг маш онцгой үйл явдал.
Зүүн Өмнөд Азид ер нь, эмэгтэй хүн төрийн эрхийг барьж байсан тохиолдол та хэр олныг мэдэх вэ. Хойд Солонгост Ким Чен Ун хүүгүй, дан охидтой байвал л олон жилийн дараа эмэгтэй хайрт удирдагчтай болж магадгүй. Японд эмэгтэй хүн Ерөнхий сайд болж байсныг та мэдэх үү. Лаос, Камбож, Вьетнам, манай урд хөршийн талаар яриад ч хэрэггүй биз. Тэгэхээр ийм хуучинсаг үзэлтэй ард түмэн эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөр сонгоно гэдэг хар арьстныг хар ажил хийхээс өөр зүйл чаддаггүй, оюун ухааны хөгжил дутмаг гэж олон зуун дамжуулан сэтгээд сурчихсан Америкт Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгосонтой адил.
Хариуцлагатай, ажилсаг, зарчимч солонгосчууд Пак Гён Хиг залуудаа царайлаг явсан юм гээд сонгочихсонгүй. Нийгмээрээ консерватив үзэлтэй хүмүүс болохоор эхлээд удам судар, тэргүүлж байгаа намдаа гүйцэтгэсэн үүрэг, улс төр ба эдийн засгийн элитүүдийн дундах нэр нөлөө, сонгуулийн мөрийн хөтөлбөр зэргийг ихэд тоон олзуурхсан хэрэг. Удмын хувьд шинэ Ерөнхийлөгч нь Өмнөд Солонгосыг өнөөгийн хүчирхэг эдийн засагтай, нөлөөтэй улс болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэгддэг Ерөнхийлөгч агсан Пак Чөн Хийн охин юм.
Солонгос нь нэгдмэл байх үедээ хүнд үйлдвэрлэл өндөр хөгжсөн хойд хэсэг ба газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл голчлон хөгжсөн өмнөд хэсэг гэж хөгжиж яваад иргэний дайны дараа салахад Өмнөд нутаг нь хар яриагаар бол “нусаа хацартаа наасан” гэдэг. Энэ өмнөд нутгийг хөгжүүлэхэд Пак Чөн Хигийн оруулсан үүрэг онцгой. Авлига, явуургүй өрсөлдөөнд идэгдсэн хувийн бизнесийн оронд төрийн удирдлагатай, хувь хүмүүсийн хөрөнгө оруулалттай төрийн капитализмыг нэвтрүүлэх нь хамаагүй үр дүнтэй гэж энэ хүн үзсэн юм. Ингээд асар олон компанийг төрийн мэдэлд шууд хураан авч эхэлсэн.
Төрийн капитализм болохоор үндсэн хөрөнгө нь эзнийх нь хэвээр ч гүйцэтгэх захирал, ажилчдын цалингаас эхлээд эцсийн бүтээгдэхүүний үнэ, маркетинг, менежмент хүртэл бүгдийг төр тогтоодог. Энэ хэлбэрийн төрийн капитализмыг Гитлер ч засгийн эрхэнд гарч ирсэн даруйд хэрэгжүүлж улсдаа ажилгүйдэл, ядуурлыг үгүй болгож байсан түүхтэй. Гэхдээ ялгаатай нь гэвэл Пак Чөн Хи үүнтэйгээ зэрэгцээг чөлөөлт зах зээл, өрсөлдөөнийг бүрэн үгүй хийсэнгүй, тодорхой хэмжээгээр дэмжиж байсан билээ. Банк, санхүүгийн системийг бүхэлд нь Солонгосын төр мэдэлдээ авав. Ингэснээр хэн нэгэн их мөнгөтэй хүний ашиг сонирхол зах зээлд давамгайлах аюулгүй боллоо. Тухайн үеийн Өмнөд Солонгосын хүн амын 58 хувь нь газар тариалан эрхэлдэг байсан болохоор энэ салбарын байдлыг сайжруулах талаар олон арга хэмжээ явуулав. Тухайлбал, Пак Чөн Хи генералын талыг баримтлагчид тариачдыг хэрээс хэтэрсэн зээлийн хүү төлөхөөс бүрэн чөлөөлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн хадгаламжийн хүүг нэмэгдүүлснээр банкуудад хадгаламж төвлөрөх, зээл авах үйл явцыг эрс хялбар болгож өгсөн байдаг. Мөн америкчуудын Вьетнамд хийж байсан дайныг дэмжин 300 мянга орчим цэргээ явуулсан байдаг. Хариуд нь америкчууд олон арван тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт хийж олон тооны техник, технологи дамжуулсан юм. Улмаар ядуу голдуу амьдралтай дотоодын зах зээлд бус харин гадаад руу бараа, бүтээгдэхүүн гаргах буюу экспортод гол анхаарсан үйлдвэрлэлтэй болоход бүх анхаарлаа төвлөрүүлсэн байна. Дэлхийн хэмжээний үйлдвэрлэл байхгүй нь ойлгомжтой болохоор энэ салбарт улсаас асар их хөрөнгө оруулалт хийжээ. Эдгээрийн дотор электрон тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, усан онгоцны үйлдвэрлэл, машины үйлдвэрлэлд голчлон анхаарчээ. Үр дүнд нь 1970-аад онд үйлдвэрлэлийн жилийн өсөлт нь 45 хувьд хүрч байлаа.
Экспортыг дэмжихийн тулд солонгосчуудын хамгийн ихээр үзэн яддаг байсан Япон улстай таатай харилцаатай болох ёстой байв. Ингэснээр огцом үсрэлт хийсэн энэ улсаас ихээхэн хөрөнгө оруулалт, технологи хүлээн авахын зэрэгцээ Солонгост үйлдвэрлэсэн бараагаа Японы асар том зах зээлд зарах боломжтой болох байлаа. Үүний дагуу урьд нь эзлүүлж, дээрэлхүүлж байсан гэх мэт зүйлсийг хойш тавин Японтой стратегийн гэрээ байгуулж зүрхлээд асар их амжилтад хүрсэн хүн бол одоогийн Ерөнхийлөгчийн эцэг Пак Чөн Хи юм. Энэ бүх арга хэмжээг шууд уухайн тас гээд явуулчихсангүй тухайн үед манайд байсантай адил таван жилийн хугацаатай төлөвлөгөө гарган шат дараалалтайгаар явуулсан байдаг. Гэхдээ юм болгон хоёр талтай. Энэ мэтээр улсынхаа эдийн засгийг төрийн шууд удирдлага дор хөгжүүлснээр үнэхээр гайхамшигтай үр дүнд хүрсэн ч гэлээ хүний эрх, ардчилал гэж нэрлэгдсэн орчин үеийн хоёр бурхныг уландаа гишгэн мартсан гэж болно. Үүнээсээ болоод Пак Чөн Хи Ерөнхийлөгчийн аминд удаа дараалан халдаж, одоогийн Ерөнхийлөгчийн ээжийг олны нүдэн дээр буудан хороож байсан бөгөөд эцсийн бүлэгт Ерөнхийлөгчийн хамгийн итгэлтэй хүн гэгдэж байсан Тагнуулын газрын дарга нь түүнийг буудан хороосон байдаг.
Орчин үед бизнест төрийн зүгээс тавих хараа, хяналт одоо байгаагаас илүү өндөр, хатуу, нийгмийн халамж илүү их байх ёстой гэсэн үзэл давамгайлах болсон. Ийм үед гарч ирж байгаа Пак Гён Хи эцгийн адилаар төрийн капитализм бий болгож, улсын эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хүний эрхийг хязгаарлах, төрийн оролцоог огцом нэмэгдүүлэх талд гол анхаарлаа төвлөрүүлэх үү гэдэг л хамгийн том асуулт болоод байгаа юм. Эцсийн бүлэгт энэ эмэгтэйн гаргах шийдвэрээс дэлхийн нийтийн эдийн засаг төдийгүй манай улсын олон арван мянган хүний ирээдүй хамаарах болж байна.
Өрнөдийн хэвлэл мэдээллийн агентлагууд эмэгтэй хүн Солонгосын Ерөнхийлөгч боллоо, эмэгтэй хүнийг үл тоодог уламжлалтай улсын хувьд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун түүнд ямар байдлаар хандах бол, цаашид цөмийн дэлбэрэлт, сансарт хиймэл дагуул хөөргөхөөс эхлээд ямар олон ээдрээ гарах бол гээд л бичиж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ манай урд хөрш задраагүй цагт хоёр Солонгос нийлэх эсвэл хоорондоо дайтах талаар яриад ч хэрэггүй юм. Нанхиадууд хажуу бөөрөндөө цөмийн зэвсэгтэй, хүчирхэг эдийн засагтай, дотор нь АНУ-ын армийн анги тогтмол байрладаг нэгдмэл улстай болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс тэд хоёр улсыг нэг талаар хооронд нь учиргүй дайсагнуулаад дайтуулчихгүй, нөгөө талаас хэт дотносуулаад нэгтгэчихгүй байх бодлогыг цаашид ч явуулсан хэвээр байх болно. Тэгээд ч ардчиллын нэрийн дор Ойрхи Дорнод, Хойд Африкт явагдсан олон тооны хувьсгалын үр дагавар ямар байгааг хоёр Солонгос, АНУ, БНХАУ, ОХУ сайн харж байгаа болохоор маш болгоомжтой хандах нь ойлгомжтой. Иймд Өмнөд Солонгос ба Хятадын харилцаа ямар байдлаар өрнөх вэ гэдэгт л та бид голлон анхаарах хэрэгтэй. Ялангуяа, олон тооны эзгүй арлуудыг тойрсон газар нутгийн маргаан маш хурц болсон цагт бүгд л шинээр гарч ирсэн эмэгтэй Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргаж, юу хэлэх бол гэдгийг үл мэдэг ёжлонгуй бас болгоомжлонгуй харж байгаа. Гэхдээ дийлэнх мэргэжилтэн, судлаач Пак Гён Хи авхайг энэ болон бусад ээдрээтэй асуудалд хариуцлагатай хандана гэдэгт эргэлзэхгүй байгаа билээ.