Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зовлонгийн индексээр манайх манлайлах шахжээ

Жил болгон мэдээллийн агентлагууд олон арван рейтинг гаргаж, дэлхийн улс орнуудыг элдэв шалгуураар эрэмбэлүүлэн жагсааж, дуулиан тарьдаг. Гол төлөв барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон улсын байгууллагууд ийм рейтинг гаргах тал дээр мэргэшсэн болоод ч тэр үү энэ ойлголтод хамардаг улсууд дээгүүр, нэр хүндтэй байранд ороод манайх мэтийн хуучин социалист систем, Ойрхи Дорнод, Африк тивийн улсууд сүүл мушгидаг. Гэхдээ манай хойд хөршийн “”Слон” агентлаг бусдаас огт дутахгүй гэж үзээд өөрийн гэсэн үнэлгээний систем гаргаж дэлхийн улсуудыг зовлонгийн индексээр нь жагсаажээ.
Ингэхдээ тухайн улсын инфляцын төвшин, ажилгүйдэл гэсэн үзүүлэлтийн нийлбэрийг зовлонгийн индекс гэж авч үзсэн байна. Мөнгөний ханшны уналт, ажилгүйдэл хоёр давхцвал иргэдэд нь хамгийн том зовлон учирдаг гэж үзсэн хэрэг. Ханшны уналт нь цалин, тэтгэ­вэр тэтгэмжийн ча­дал, чанарыг өдөр, до­лоо хоног, сар тутам алдагдуулж, хүч­гүйдүүлж байдаг бол ажилгүйдэл нь хүний оршин тогтнох наад захын боломжийг хяз­гаарладаг. Ин­гээд авч үзтэл хам­гийн өндөр ин­­декстэй, өөрөөр хэлбэл хам­гийн их зовж бай­гаа улсаар Судан тодорчээ. Энэ улсын инфляц 28,6 хувь бол ажил­гүйдэл нь хөдөлмөрийн чад­вартай хүмүүсийн 10,8 хувь. Газрын тосоор баялаг орон ч гэлээ түүнээ омгийн харьяалал, шашин шүтлэг гээд олон зүйлээр эвсэлдэн булаацалдаад улсаа хоёр хуваачихсан, хуваагдсан талтайгаа дайны байдалтай. Өмнөд Суданд нь манай энхийг сахиулагчид байрладаг, саяхан манай төрийн тэргүүн айлчилсан гэхээр уншигч та лав санаж байгаа биз. Дайн тулаан, нутаг жалгын үзэл давамгайлсан улсад инфляц, ажилгүйдэл их, түүнийг дагаад зовлон их байгаад гайхах зүйлгүй. Дэлхийн 96 орныг оруулсан энэ жагсаалтын дээрээсээ хоёрт буюу зовлонгийн индексээрээ удаах байрт Иран улс оржээ.
Газрын тосны олборлолт, чанараараа дэлхийд тэргүүлдэг улсын нэг ч гэлээ шашны хэт явцуу бодлого, түүнийгээ олон улсын төвшинд бусдад тулган хүлээлгэдэг болохоор дэлхийн нийтийн зүгээс олон тооны хориг арга хэмжээ авч хашрааж байгаа. Ийм ч болохоор ажилгүйдэл, инфляцын төвшин өндөр байхгүй гээд яалтай. Инфляц нь жилийн 22 хувь, ажилгүйдэл нь хөдөлмөрийн чадвартай хүн амын 14,1 хувь. Ингээд хамгийн азгүй гурав дахь улсаар Серби тодорчээ. Югослав задран унасны дараа тусгаар тогтносон ч НАТО дарамталж байгаад албанчууд гол төлөв амьдардаг мужийг нь Косово улс болгон салгаж аваад тусгаар улс болгочихсон. Косовог элдвээр баярлан угтахгүй бол Европын холбоонд оруулахгүй, тусламж энэ тэр өгөхгүй гэж олон жилийн турш дарамтлан хавчиж байгаа болохоор ажилгүйдлийн төвшин 25,6 хувь, инфляц нь 8,6 хувь байгаа. Уг нь, инфляц нь гайгүй юм гээд доогуур, өөрөөр хэлбэл зовлон багатай улс болж болох ч ажилгүйдэл нь ийнхүү суга татаад хамгийн азгүй улсуудын нэг болгосон байна.
Харин хамгийн азтай улсуудын тухайд бол зовлонгийн индекс хамгийн багатай орноор Швейцарь тодорчээ. Энд инфляц буюу мөнгөний ханшны уналт нь хасах гурван хувь. Ажилгүйдлийн хэмжээ нь хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн ердөө 3,4 хувь. Энэ улсад манайх шиг овойж товойсон их байгалийн баялаг, асар том газар нутаг байхгүй. Гэхдээ дэлхийд хамгийн хүчирхэгийн нэг гэж тооцогддог банк, санхүүгийн систем, татварын ухаалаг бодлого, өндөр технолгиороо алдартай. Хамгийн зовлон багатай хоёр дахь орноор Норвеги тодорчээ.
Энэ улс нь Баруун Европтоо л газрын тосны олборлолтоор толгой цохидог. Олсон ашгаа тэгш хуваарилдаг, ажилгүйдлийн эсрэг амаар бус ажлаар тэмцдэг болохоор ажилгүйдлийн хувь нь ердөө 3,1 хувь, инфляцын төвшин 1,1 хувь байна. Зовлон хамгийн багатай гурав дахь орон нь Бруней болжээ. Энэ улс нь мөн л газрын тосны баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Эрх баригчид нь тэр их баялгаас орж ирж байгаа ашгийг аль болох тэгш хувиарлахыг хичээдэг. Инфляц нь 2,6 хувь, ажилгүйдэл 2,7 хувь.
Манай хойд хөршийн хувьд инфляцын төвшин 6,6, ажилгүйдэл нь 5,3 хувь гэсэн үзүүлэлттэйгээр 96 орноос 43 дугаарт орсон байх юм. Өөрөөр хэлбэл онц гачлан зовлонтой биш ч гэлээ бас цэнгэлийн манлайд хүрсэн улс бас биш. Рейтингийг зохиогчид нь оросууд болохоор үүнд нэлээд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй гэж санагдмаар. Гэтэл нөхдүүд манай урд хөршийг инфляцын төвшин 2,8 хувь, ажилгүйдэл 4,1 хувь гэсэн үзүүлэлттэйгээр дэлхийн хамгийн зовлон багатай 10 улсын тоонд багтаажээ. Тэрбум гурван зуун сая хүнтэй улсад албан ёсны, хэдий багасгасан үзүүлэлтээр ч гэлээ хөдөлмөрийн чадвартай хүн амын ердөө 4,1 хувь нь ажилгүй байна гэдэг хангалттайгаар барах уу гэж хэлэгдэх ёстой өндөр үзүүлэлт билээ. Товчхондоо, манай хойд хөршийн иргэд урд хөршийн хүмүүсээс хоёр дахин илүү зовлонтой амьдардаг. Байгалийн баялгийн хэмжээгээр Оросууд хол давуу. Гэхдээ л ...
Ингээд хараад байхад жагсаалтын хамгийн зовлонтой ба хамгийн жаргалтай гэсэн хоёр туйлыг эзэлж байгаа орнуудын дийлэнх нь байгалийн баялаг асар ихтэй, түүний дотор газрын тос гэх мэт эрчим хүчний эх үүсвэрээр баялаг улсууд эзэлсэн байх юм. Нэг талаас Иран, Судан гэсэн улсууд асар их баялагтай атлаа хамгийн зовлонтой нь болсон байхад Норвеги, Бруней мөн адил баялагтай атлаа хамгийн жаргалтай улсууд болжээ. Олон улсын хориг арга хэмжээ, арилжааны дайн гэх мэт цаг зуурын зүйлсийг авч хаяад авч үзвэл баялгийн хуваарилалт гэсэн ганц зүйл анхаарал татаж байгаа юм. Баялгаа тэгш хувиарлана гэдэг өөрийн иргэдийг ажлаар хангах, ажил нь зүй ёсны цалин хөлстэй байх, мөнгөний ханш ба экспорт, импорт, дотоод үйлдвэрлэлийн хэмжээг хамгийн зохистой хэмжээнд тогтоон бариад явахыг хэлж байгаа юм. Энэ бүх үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохидог Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Германи, Дани зовлон хамгийн багатай орны тоонд орсонд гайхах зүйлгүй. Гэтэл эдийн засгийн өсөлтөөрөө өнгөрсөн жил дэлхийд №1 болж, ихээхэн дуулиан тарьж, ард иргэгддээ зүгээр ав гэж сар болгон 21 мянган төгрөг тараадаг, үнэхээр ардчилсан тогтолцоотой төртэй, байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг манай улс хамгийн зовлонтой орнуудын жагсаалтад дээрээсээ 15 дугаар байранд оржээ. Манайхаас илүү зовлонтой орон нь хувьсгалын галд идэгдэж байгаа Египет, аялал жуулчлалаар гол зогоодог Ямайк арал, бодит баталгаа байхгүй нийгмийн халамжийн бодлогын улмаас гүн хямралд ороод байгаа Грек, Испани гэсэн орнууд орж байна.
Тэгэхээр манай улс цаашид өөрийн иргэдээ ажлын байраар хангах, ажиллаж байгаа иргэдийнхээ цалин хөлсийг бодитоор тогтоох, зүгээр тараадаг урамшуулал мөнгөний тэс өөр бодлого явуулах, баялгийн шударга хувиарлалт явуулах дээр онцгой анхаарахгүй бол жилийн дараа гэхэд зовлонгийн индексээрээ Судан шиг манайлдаг улс болчихсож явж магадгүй гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Б.Бадрал


0 Сэтгэгдэл
багтай даа
Хамгийн их уншсан