Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАНДАН БУУРШГҮЙ БЕРЛУСКОНИ


Яаж ч муулаад, элдэв үгээр хэлж, дайрч давшлаад, эсэргүүцээд, жагсаад, огцруул­сан ч буцаад л өндөрлөгт гараад ирдэг улстөрч гэж бас байх юм. Ийм хүний хамгийн тод жишээ нь Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони. Италийн Ерөнхий сайдын сэнтийд гурван ч удаа заларч, гурван ч удаа огцорсон. Энэ хооронд луйвар, бэлгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн мөрдөн байцаагдаж, удаа дараалан хууль зөрчлөө гэж өрсөлдөгч нар нь буруутган жагсаал цуглаан хийж ёстой л есөн жорын юм болсон.  Берлусконигоос өөр улстөрч байсан бол аль хэдийнэ бууж өгөөд, улс төрөөс хол тайван амгалан амьдрахыг илүүд үзэх байсан биз. Тэгээд ч Сильвио бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад дээрээсээ 118 дугаарт ордог, Италийн хамгийн баян хүн, 7,8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. “Медиасет” нэртэй аварга том холдингийн эзэн.

Энэ холдинг нь телевизийн маш олон суваг, сонин хэвлэлийг шууд хянаж байдаг. Тиймээс ч мань эрийг улс  төрийн заналт дайснуудыг нь дэмждэг суваг, сонингууд л муулна уу гэхээс бусад нь бол нам. Цаашилбал дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 багийн нэг болох “Милан”-ы эзэн. «Арнольдо Мондадори эдиторе» гэдэг хэвлэлийн асар том трестийн эзэн. Түүнчлэн барилгын том компани, даатгалын компани, хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудыг атгадаг. Тоочоод байвал баршгүй жагсаалт болно. Ийм их хөрөнгөтэй хүн уг нь урдаа ганц хоёр улстөрчөөр бамбай барьчихаад өөрөө ард нь зогсоод алсаас утас цохиж, мессэж бичсэн шигээ явбал өөрт амар баймаар. Гэвч өдгөө 77 настай Берлускони ямар ч залуугаас дутахааргүй залуу, эрч хүчтэй гэдгээ харуулан улс төрийн өндөрлөгт гарахын төлөө гандан бууралгүй тэмцсээр.

Улс төрийг хүний эрхлэж болох хамгийн бохир, заваан ажил гэдэг. Магадгүй л юм. Үргэлж л өрсөлдөгчид нь хаана, ямар алдаа гаргаж, яавал аятайхан дэгээдчих боломж байна гэх мэтээр тасралтгүй хоорондоо хөлөө жийлцэж, ар хударгаар нь хор найруулж, зүгээр байлгадаггүй, юу ч хийхээс буцдаггүй болохоор тэр биз. Ийм болоод тэр үү Сильвио Берлусконийг улс төрийн тавцанд хөл тавьсан цагаас эхлэн дуулиан, шуугиан тасрахгүй дагаж байгаа.

Мафитай олон удаа нэр холбогдож тухай бүрт батлагдсан нь нэг ч үгүй болохоор яриад ч хэрэггүй биз. Түүний оронд хамгийн сүр дуулиантай заримаас нь сонирхуулъя. 2011 оны хоёрдугаар сард Милан хотын шүүгч нь Берлускониг насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийг авсан, мөн баривчлагдсан үед нь суллуулан Ерөнхий сайдын эрх мэдлийг хэтрүүл­сэн гэж буруутган хоёр ч зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сулласан гэгдээд байгаа “Эрчүүдийн эрлэг Руби” гэгчтэй холбоотой дуулиан нь Италиас даваад дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Мөн түүнийг Милан хотоос холгүй байдаг эдлэн газартаа “бунга-бунга” гэж нэрлэгдсэн олны танил алдартнуудыг орол­цуул­сан завхайрал, зугаа цэнгэл явуулж, түүндээ өндөр үнэтэй биеэ үнэлэгчдийг тогтмол хөлслөн авчирдаг байсан гэж буруутгасан юм. Хариуд нь Берлускони “Эмэгтэй хүнтэй ойртохын төлөө мөнгө төлнө гэдэг миний хувьд  төсөөлж боломгүй хэрэг. Миний амьдралд хэзээ ч тийм зүйл болж байгаагүй. Энэ бүх яриа намайг доромжилж байна. Харин насаар залуу хүмүүсийн дунд байж тэднийг ярихыг сонсох дуртай гэдэг бол үнэн. Би өөрийгөө залуусаар хүрээлүүлэх дуртай” гэсэн юм. Энэ хэрэгт холбогдон нэр гарсан ихэнх охид, бүсгүйчүүд Берлусконигийн эсрэг мэдүүлэг өгөөгүй бөгөөд ямар нэгэн ёс бус зүйл огт болж байгаагүй гэснээр хэрэг хаагдсан. Энэ бүх дуулиан шуугианыг Берлусконигийн олон жилийн турш амьдарсан эхнэр нь тэсэлгүй салсан юм.

Ихээхэн дуулиан тарьсан дараагийн хэрэг бол татварын луйврын хэрэг. Энэ хэрэг мань эрийг гурав дахь удаагаа Ерөнхий сайдын алба хашиж байхад эхэлсэн ч Засгийн газ­рын тэргүүний хувьд халдашгүй эрхтэй байсан болохоор яаж чадалгүй гурван жил өнгөрсөн байдаг. Ингээд 2011 онд түүнийг тушаалаасаа буув уу, үгүй юү хэрэг дахин нээгдэж шүүх хурал болсон бөгөөд 2012 оны аравдугаар сарын 26-нд түүнд дөрвөн жил хорих ял оноосон. Гэхдээ Италийн хуулийн дагуу Берлускони нь хоёр удаа давж заалдах эрхтэй. Сүүлийн удаа давж заалдан шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл түүнийг дөрвөн жил хорих боломжгүй. Ингээд шоронд ч орж магадгүй болоод, улс төрийн нөлөөгөө ч алдаж магадгүй түгшүүртэй үед Сильвио огт гутарч, гуньсангүй. Харин ч бүр эсрэгээр улам эрч хүчтэй залуу яваа гэдгээ харуулсан. Яасан бэ гэхээр цагтаа Неаполь хотын “мисс” болж явсан өөрөөсөө 50 дүү бүсгүйтэй гэрлэх гэж байгаагаа Итали даяар албан ёсоор мэдэгдсэн нь дэлхийг хамарсан топ мэдээ болсон юм. Ингээд энэ амрал­тын өдрүүдэд Италид болох парламентын сонгуулиар ялах боломжтой гэдгээ бүх өрсөлдөгчиддөө харуулж жинхэнэ дуулиан тариад байна. Өөрийн тэр­гүүл­дэг намыг, өөрөөр хэлбэл өөрийг нь ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой хот мужуудын сая сая сонгогч тус бүрт тухайлсан захидал явуул­жээ. Захидалдаа  ялалт байгуулж Ерөнхий сайд бол­вол өм­нөх Засгийн газрын үед шинээр бий болгосон үл хөдлөх хөрөн­гийн 0,4 хувийн татва­­рыг хална. Зүгээр ч нэг халахгүй урд нь төлөгдсөн бүх мөнгийг шуудангаар, эсвэл банкин дахь данс руу шууд хийнэ гэж мэдэгдсэн аж. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн татвар ба олон нийтэд огт таалагддаггүй хатуу чанга арга хэмжээг авсан одоогийн Ерөнхий сайд Марио Монти нь энэ сонгуулиар ялагдах нь гарцаагүй болоод байгаа юм. Тэгэхээр Берлусконигийн тэргүүлдэг нам ялах уу, эсвэл зүүний талыг баримтлагч Пьер Луижи Берсанийн тал ялах уу талаар яригдаж эхэллээ. Өрсөлдөгчид нь Берлускониг сонгуульд оролцох замаар парламентын гишүүний хал­даш­гүй эрхтэй болж, шүүхийн шийдвэрээс ээлжит удаагаа бултахыг завдсан гэж буруутгаж байгаа юм. Гэвч түүний “Эрх чөлөөний ард түмэн” намын рейтинг нэгдүгээр сараас эхлэн тасралтгүй өссөөр нийт сонгогчдын 30 гаруй хувь нь түүнийг дэмжихийн төлөө байна. Түүнчлэн мань залуу өөрийн мэдлийн зурагт, ра­дио, сонин, сэтгүүлийн нүү­рэнд өдөр алгасахгүй гарч байгаагийн дээр сая дурдсан үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлнө, урд нь төлсөн мөн­гийг буцааж өгнө гэх мэт популист хэдий ч гэлээ хэрэгжих боломжтой амлалт, Италид ашиггүй бол өмнөөс нь байгуулсан бүх гэрээг цуцална, еврогийн бүсээс Италийг гаргаж лирийг буцаан эргэлтэд оруулна гэх мэт үгс нь сонгогчдод ихээхэн таалагдаж байгаа юм.
Эцсийн дүнд юу болох, Сильвио Берлускони үнэхээр гандан бууршгүй, ялагдашгүй залуу мөн эсэхийг энэ 24-25-нд Италид болох парламентын сонгуулийн үр дүн харуулах биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан