Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УКРАИН МАЯГИЙН ПАРЛАМЕНТ

Украины парламентын сөрөг хүчний гишүүд энэ сарын 5-ны өдрөөс эхлэн танхимынхаа хаалгыг дотроосоо түгжиж бүгээд 15 хонож байна.  
Зөвлөлтийг задарсны да­раа түүхэндээ анх удаа тус­гаар улс болсон олон орны нэг нь Украин.


Шинээр өрх тусгаарласан “нялхсын” бүх л өвчнийг энэ улс туссан. Ав­лига, олигархичлал, “зэр­лэг” хувьчлал, ядуурал, шу­дар­­га бус сонгууль, эрх мэд­лээ урвуулан ашиглах, пар­ламентын хямрал гээд “нялхсын” олон өвчин бий. Ихэнх орон эдгээр өвчнөөс үтэр түргэн салахыг хичээж, дав­сан нь байгаа ч зарим нь давж чадаагүй.
Украины хувьд дийлэнх эмгэгээсээ са­лаагүй төдийгүй зарим нь бүр ужиграад архагших төлөвт ор­сон гэж болно. Энэ архаг эм­гэг нь парламентын хямрал нэртэй.

Украины парламент буюу Дээд Рада нь “Улбар шар” хувьсгалын үр дүнд Ющенко Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас эхлэн Украинчуудын төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татах болсон. Радагийн улс төрийн үүрэг ч нэмэгдсэн юм. Учир нь энэ хувьсгалаар тус улсын үндсэн хуулинд өөрчлөлт орж урд нь Ерөнхийлөгчийн гүйцэтгэдэг байсан олон үүргийг парламент гүйцэтгэж байгаа. Тухайлбал, 2006 онд парламент нь Ерөнхий сайд, Батлан хамгаалахын ба Гадаад хэргийн сайдыг томилох эсвэл түдгэлзүүлэх, цаашлаад Ерөнхий сайдын санал болгос­ны дагуу Засгийн газрын бу­сад гишүүнийг батлах эсвэл татгалзах эрхтэй болсон. Урд нь энэ бүхнийг Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан бол шинэчлэлийн дараа ийнхүү парламенттай зөвшилцөн шийддэг болсон юм. Ингээд л ээдрээ эхлэх нь тэр. Эрх мэдлийн төлөөх самуунд намууд хоорондоо яаж эвсэл болж нэгддэг, яаж тардаг вэ гэдгийг жинхэнэ яруу тодоор харуулж, сонгогчдоо нэг өдөр ч уйдаасангүй. Жишээлэхэд, 2006 онд парламентын олонх эвслийг бий болгон Ерөнхий сайдыг сонгох гэж бүтэн гурван сар болов. Олонхи бол­сон намуудын эвсэл л Ерөнхий сайдыг томилох болохоор аргагүй биз. Ингээд удаж удаж тухайн үеийн Ерөнхийлөгч Ющенко нь өөрийн гол өрсөл­дөгч, “заналт дайсан” одоогийн Ерөнхийлөгч Януковичийг  бараг л хүчинд нь автан байж Ерөнхий сайдаар томилж байсан удаатай. Их эелдгээр хэлэхэд нэг нэгнээ үзэн яддаг хоёр хүний нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь парламентын олон­хиор дэмжүүлэн Ерөнхий сайд болчихоор улсын ажил ямар байх нь ойлгомжтой. Энэ ээдрээ нь явсаар Украины парламентын ажил нэртэй нэгэн өвөрмөц шоуны төрөл үүсэх дээрээ тулсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Улс төр гэдэг ямар сонирхолтой шоу байж болдгийг хамгийн тодоор харуулж байгаа нь энэ удаагийн буюу долоо дахь сонгуулиар гарч ирсэн парламент юм.

Украиныг хөгжүүлнэ, мандуул­на чухам­хүү цэнгэ­лийн манлайд хүргэ­нэ гэж гарч ирсэн ард түмний төлөөлөл хуралдааны эхний өдөр л хоорондоо зодолдон “од” болцгоолоо. Шоронд хоригдож байгаа экс Ерөнхий сайд Тимощенкогийн үүсгэн байгуулсан сөрөг хүчний эвсэлд эцэг хүү хоёр гишүүн орохгүй гэсний хариуд эвс­лийнхэн нь тэднийг гэр бүлээр нь урвагч гэж нэрлээд барьж авч зодов. Зүгээр нэг зодчихсонгүй танхимаас хөөж гаргаад үүдийг нь дотроос нь хаан олонхийг оруулахгүй болгосон. Цаашлаад, сөрөг хүчин нь ингээд ч зогссонгүй спикерийг сонгох, шинэ Ерөнхий сайдыг сонгохоор санал хураалт явуулахгүй гэж танхимын индрийг хүч түрэн эзэлсэн. Ингээд л өдөр алгасахгүй шахуу зодоон хийдэг болов. Сөрөг хүчний тоонд багтдаг хэт үндсэрхэг үзэлт намын гишүүд нь парламент бол нийтэд нээлттэй байх ёстой гэж мэдэгдэн таслагч барьж гүйгээд парламентын байрыг тойрсон төмөр хашааг бүгдийг нь шахуу тайрсан. Парламентын гишүүд энэ мэт шоунаас уйдаад эхнээсээ хуралдаанд суухгүй болсон тул сууж байгаа хэд нь “өмнөөс нь санал өгөх” нэртэй мэргэн арга хэрэглэн хууль баталдаг болсонд гайхах зүйл үгүй. Сөрөг хүчин нь үүнийг бараг л анаж байсан гэж болно. Тэд хүний өмнөөс санал өгсөн гишүүнийг бүх эрхийг нь хасаад найман жил хорьж байх хүртэл өвөрмөц хуулийн төслүүд санал болгож эхэлсэн юм. Олонх үүнийг нь мэдээж зөвшөөрөөгүй. Зөвшөөрөхгүй байгаад нь уурласан цөөнх “тэмцлийн хурц хэлбэрт” шил­жин хуралдааны танхимын үүд хаалгыг битүүмжилсэн гэд­гийг дээр дурдсан. Тэд гарын хээгээр ажилладаг санал хураалтын шинэ системийг ажил­луулж эхлэхийг шаард­сан. Сөрөг хүчнийхэн олон­хийн нэг ч хүнийг дотогш оруу­лахгүй болгон түр оромж байгуулан үрлэжээ. Ху­далч хүн бол Украины парламентын сөрөг хүчний гишүүд танхимыг дотроос нь түгжин сандал ширээг нь эвдэн гал түлж, цагаан цамц ба зангиагаараа хөнгөн зууш хийж идээд булан тохойд нь морь харж байна гэж хэлэх байсан биз. Ингэж тэмцлийн хурц хэлбэрт шилжихийн шалтгаан нь тун энгийн. Хуулийн дагуу парламент нь 30 хоногийн туршид хуралдалгүй, өөрөөр хэлбэл үүрэгт ажлаа гүйцэтгээгүй тохиолдолд Ерөнхийлөгч тус парламентыг хугацаанаас өмнө тараан, шинэ сонгууль зарлах эрхтэй аж. Тэгэхээр сөрөг хүчнийхэн Украины парламентын танхимд ахиад 15 хоног амьдрах хэрэгтэй болно. Сөрөг хүчний зарим гишүүн нь хугацаанаас өмнөх сонгууль болвол ялах нь гарцаагүй гэсэн мэдэгдэл хийж, намууд нь сонгуульд бэлдээд эхэлсэн тухай мэдээ ч байна.

Харин олонхи нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль журам батлан тасралтгүй ажиллаж байх ёстой гишүүд үндсэн ажлаа хийлгүй шоудаж байгаагаас болж Украины эдийн засаг асар их хохирол амсч байгаа тухай ярьцгааж эхлэв. Үүний дээр парламентын сонгууль гэдэг олон арван сая ам.долларын өртөгтэй нүсэр ажиллагааг хэдхэн улс­төрчийн амбициас болоод ойр ойрхон хийх боломжгүй гэж байгаа юм.

Нарийн яри­вал Ерөнхийлөгч 30 хоног хурал­даагүй парламентыг тараах эрхтэй гэсэн болохоос заавал тараана гэсэн заалт огт байхгүй гэдгийг сөрөг хүчнийхэнд анхааруулжээ. Тэгээд ч одоогийн Украины Ерөн­хийлөгч В.Янукович нь парламентын олонх болж байгаа эвслийн хүн. Гэ­тэл үнэхээр л эх орныхоо тө­лөө шударга хууль батлан ажил­лахын төлөө байгаа Украины парламентын олонхи яагаад  хурууны хээгээр ажилладаг санал хураалтын системийг ажилд оруулахаас цааргалаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх зүйн хэрэг. Яагаад бүгд хуралдаандаа сууж болдоггүй юм бэ? Хариулт тун энгийн. Олонхи бодлогоо явуулж, түүндээ таарсан хууль батлахад гишүүн бүр нь хуралдаанд суух шаардлагагүй. Олонхийн доторх цөөн хэдэн хүн тэдний өмнөөс бүгдийг шийдээд батал­чих юм чинь. Ийм бай­хад олонхи нь өөрийн эрх мэд­лээ ашиглаад хувийн аж­лаа амжуулж байх өөрт нь тэр, эвсэлд нь ашигтай гэсэн үг.

Хачирхалтай нь, хурууны хээ таньдаг системийг одоо ажилд орууллаа ч Украины пар­ламентын ажил эхлэхгүй. Учир нь сөрөг хүчнийхэн шоугаа дундаас нь тасалвал ялагдсан болж таарах болохоор яаж ч байсан дахин сонгууль эхлэх хүртэл гүрийхээс өөр аргагүй. Ацан шалаа гэж үүнийг л хэлэх байх.

Украины парламентад болж байгаа энэ шоуг нам, эвсэл бүлгийн ашиг сонирх­лын зөрчилдөөний хамгийн хурц хэлбэр гэж болно. Ук­раины парламентын гишүүн болгон урдаа барьдаг ард түмний ашиг сонирхол гэгч зүйл алдагдаад байгаа нь харамсалтай. Дараагийн сонгуулиар одоогийн олонх эсвэл цөөнх гэлтгүйгээр ийм авир гаргаж байгаа гишүүдийг дахин сонгох хэрэг байгаа эсэх талаар Украинчууд тун ч нухацтай бодож эхлэх нь гарцаагүй. Украин маягийн парламентаа гэж...

0 Сэтгэгдэл
тийм л мундаг улс юм бол гадны нөлөөнд автаж ганхмааргүй юм бишүү.
Mongol shig archaagvi uls bish shv Ukrain bol tom uls 425 hottoi 50 garui say hvn amtai europiin bvh l metaluurgiin tvvhii ediig hangadag,hvnd aj vildwerlel undur hugjisun,AN ongots bolon usan ongots,mashin mehnizmiig vildwerlegch bas huduu aji ahuin mash tom uls shv ta nar nitii neg untsuguus ni har awilgal heel hahuul baisan ch mongol shig zam hargui hot tuluwlultiin bodloggvi bish strategeer hugjij bgaa ireedvid mash tom hugjiltei uls boloh gazar shv.Orosiin hvn amiig hvnsnii bvteegdehvvneeree hangadag yum Orosiin geopolitek ukrainiig europd aldahgvin tuld zoriud uls turiig ni ganhuulj bdg yum shv.
Хамгийн их уншсан