Канадын Онтариогийн барилгын компанид ажилладаг Николс Биллард хэмээх залуу 2011 оны зул сараар боссоосоо шинэ жилийн бонус хэмээн найман ширхэг зуутын долларын шинэхэн дэвсгэрт хүлээн авчээ. Тухайн үед хэрэглээнд гараад удаагүй байсан шинэхэн дэвсгэртүүдийг Николас кофены хоосон лаазанд хийгээд орхичихож л дээ. Маргааш өглөө нь ажил дээрээ ирээд хартал кофены саванд хийсэн 800 доллар нь хажуудах радиатор нь халснаас болоод юу ч үгүй хайлчихсан байжээ. Ингэж Канадын пластикаар хийсэн шинэ мөнгөн тэмдэгт тараа таниулж эхэлсэн бөгөөд хэрэглээнд нэвтэрсэн сүүлийн хоёр жилд энэ мэт олныг бухимдуулсан явдал цөөнгүй тохиолдсоор байна.
Мөнгөн тэмдэгт дээрх серийн дугаар нь байгаа учир 800 доллар нь хайлсан ч гүйлгээнд хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээн Канадын төв банк мэдэгдсэн ч арилжааны цөөнгүй банк Николасын мөнгийг сольж өгөхөөс татгалзаж, эцэст нь төв банк сольж өгчээ. Николасын асуудал үүгээр шийдэгдсэн ч канадчуудын төдийлэн дасч өгөхгүй байгаа шинэ мөнгөн тэмдэгтийн асуудал дуусахгүй нь. Мөнгөний машин ATM-ээс авч болохгүй байна, 20-тын дэвсгэртүүд нь хоорондоо наалдаад бусдад илүү мөнгө өгч хохирох явдал гарч байна гэсэн гомдол шүүмжлэл их байна.
Нугалахад хэцүү, нэг хэсэг нь тэр чигээрээ тунгалаг пластик гээд хуурамчаар мөнгө үйлдвэрлэх явдлыг зогсоох гэж гаргасан шинэ мөнгөн тэмдэгт нь гэмт хэрэгтнүүдэд боломж олгохгүй ч жирийн хэрэглэгчдэд бол цаасан мөнгөнөөс хавьгүй төвөгтэй байгаа юм. Саяхан л гэхэд “Our Lady Peace” хамтлагийн бөмбөрчин Жереми Таггарт 20 долларын худалдаа хийх гэж байгаад гурван ширхэг 20-тын дэвсгэрт өгчихсөн байснаа твиттертээ бухимдан бичжээ.
Үүнээс гадна 20-тын дэвсгэртийг бэлэн мөнгөний автомат машинаар уншуулахад тун төвөгтэй байгаагаас АТМ-ийн холбооны гишүүдийг бараг тал хувь нь л өөрийн машинаас 20-тын доллар гаргаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
20-тын долларт өөр нэг асуудал үүсээд байгаа нь түүн дээрх Канадын бэлгэ тэмдэг болсон агч модны навч төрийн далбаанд байдаг шиг гурван талтай биш, таван үзүүртэй байгаа нь олны шүүмжлэл хүлээгээд байгаа юм. Уламжлал ёсоор гурван талтай агч модны навч канадчуудад танил болсон ч Канадад ургадаг агч модны навч олон байдгийн нэг нь таван талтай байдаг хэмээн Төв банк өөрсдийн гаргасан загварыг хамгаалж байгаа аж.